Хятадын өнөөгийн боловсролын “үнэлгээ”

Twitter Print
2023 оны 01-р сар 17-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

Хятадын өнөөгийн боловсролын “үнэлгээ”

Саяхан “2022 оны Хятадын шилдэг 100 их дээд, сургууль төгсөгчдийн цалингийн жагсаалт”-ыг нийтэлжээ. Мэдээж тэр олон сургуулийг тоочоод яахав гээд эхний хэдийг нь сонирхож үзлээ. Шанхайн зам тээврийн ИС (12180¥) , Чинхуа ИС (12225¥), Хятадын ардын ИС (11471¥), Бээжингийн ИС (11885¥), Шанхайн гадаад хэлний ИС (11287¥), Бээжингийн гадаад хэлний ИС (11619¥) гэх мэтээр үргэлжилсэн байна. Энэ бол тухайн сургуулийг төгссөн шинэхэн баклавруудын сарын цалин, харин магистр, докторын, докторын дараах гээд боловсролын төвшин дээшлэх тусам 15К-20К гэсэн дундаж цалингаас дээшээ өгсдөг, төгссөн мэргэжил, ялангуяа ховор нандин, улс орны хөгжилд хэрэгтэй, нарийн энэ тэр гээд ангилбал цалин нь бүүр гараад өгдөг гэнэ.

Нэгэнт тоо руу өнгийснийх жилд ер нь хичнээн хүүхэд хичнээн хуваарь дээр өрсөлддөг юм бол гэж сонирхвол өнгөрсөн 2022 онд ЭЕШ-д орохоор 11 сая 930 мянган хүн бүртгүүлжээ. Хятад улс албан ёсны бүртгэлтэй 3012 их дээд сургуультай гээд бодохоор хичнээн хүнийг “нам дарж” байж, хүссэн сургуулийнхаа босгыг алхдаг юм болдоо. Ер нь эцэг эхчүүдийн орлогын 60, цаашлаад бүр 80%, 90% хүүхдийнх нь боловсролд зарцуулагддаг гэсэн тооцоо бий. Дээр дурдсан топ сургуульд элсэн орохын тулд нэг хуваарь дээр бараг 10К хүн өрсөлддөг гэж сонссон, харин үйлээ үзэж, үсээ зулгааж байгаад нэг сургуульд ороод, “бас” төгсчихвөл харин жинхэнэ “үнэд” ордог гэнэ лээ шүү.

2021 оны Нобелийн эдийн засгийн шагналыг хүртсэн, Америкийн эрдэмтэн Жошуа Ангрист, Гвидо Имбенс нар нэгэн судалгаа явуулсан байна.

“Нэг жил илүү суралцахад тухайн хүний орлого хэр нэмэгддэг вэ?”

“Нэг жил илүү номын дуу сонсох нь тухайн хүний хожмын орлогын төвшинд эерэг нөлөөтэй. Энэ нөлөөлөл гэдэг нь бусад хүчин зүйлсийн улмаас үүдэлтэй бус, харин цэвэр боловсролын үр өгөөж юм” гэжээ. Тэд бусад хүчин зүйлийн нөлөөг хасаад доорх дүгнэлтийг гаргасан байна. Чи боловсролд хичнээн хөрөнгө оруулна, мөн төдий хирээр үр шимээ хүртэнэ гэсэн үг. Хятад улс нэгэн цагт гадаадад төгссөн мундаг боловсон хүчнээ гадаадад нь алдаад дуусах шахсан. Одоо бол харин “юаниар” зодоод эх орондоо аваад ирдэг болсон гэнэ лээ.

М.Мөнхжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.