Олон ододыг төрүүлсэн алдарт Раймонд Паулс

Twitter Print
2021 оны 01-р сар 16-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Хэдхэн хоногийн өмнө 85 насны ойгоо даруухан тэмдэглэсэн маэстро Раймонд Паулсыг Монголчууд Алла Пугачевагийн дуулсан "Сая сая сарнай" дуугаар нь илүү таних байх.

Түүний хөгжмийн амьдрал дайны өмнөх Ригад, хөгжимд дуртай аав нь 3 настай хүүгээ хотын хөгжмийн хүрээлэнгийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэгт хуучин хийл хөгжимтэй аваачиж өгсөнөөр эхлэсэн гэдэг. Багш нар нь түүнийг богинохон хуруутай, тааруухан авьяастай гэж дүгнэсэн ч уйгагүй зарчимч аавынх нь хүсэлт, шаралхуу зөрүүд зан нь хүүг хөгжмийн урлагт хүрэх замыг нээж өгчээ. Рига хотын хөгжмийн дунд сургууль, 1958 онд Латвийн консерватори төгсөхдөө тэр хэдийнэ хотын шилдэг төгөлдөр хуурчдын нэгд тооцогдох болсон байлаа.

Хичээлийнхээ хажуугаар ресторан клубуудэд жааз хөгжим тоглож, филармонид дагалдан хөгжимчнөөр ажиллаж байхдаа Ригад анхны поп найрал хөгжмийн хамтлаг байгуулсан нь түүнд "хөгжмийн гайхалтай авьяастай, маш сайн хөгжимчин" алдрыг авчирсан юм. (Судлаачид Латвийн поп хөгжмийн түүх эндээс эхлэлтэй гэж үздэг). 27 настайдаа анх ОРТ сувгийн шинэ жилийн "Цэнхэр дэлгэц" нэвтрүүлэгт тоглосон нь Балти орчмын шинэ одыг Зөвлөлт даяар харуулав. Латвийн эстрад оркестрыг удирдаж, кино театр, балетын бараг бүх хөгжмийг бичдэг хөгжмийн зохиолч, атаархмаар хөнгөн техниктэй төгөлдөр хуурч, залуу удирдаач Паулс 31 настайдаа Бүгд найрамдах улсынхаа гавьяат жүжигчин цолыг хүртжээ. 70-аад оны эхний хагаст Балтийн хамгийн эрэлттэй хөгжмийн зохиолч, удирдаачаар зүй ёсоор тооцогдох болсон Паулс Латвийн эстрад урлагт өрнөдийн хандлага оруулж, англи хэл дээрх дууг дуулуулдаг эрхтэй Зөвлөлтийн бараг цорын ганц удирдаач болсон байв.

ЗСБНХУ-ын гишүүн орны тэргүүний сэхээтний нэг, Кремлийн танхим, телевизийн бүх сувгаар концерт нь хамгийн нээлттэй нэвтэрдэг түүнийг комсомолын гишүүнчлэлээс зайлсхийдэг, төрийн дуулал дуулж байхад босдоггүй (ихэвчлэн төгөлдөр хуурын ард сууж байдаг) том толгойтой байсан гэхэд итгэмээргүй. Паулсын шинэ орос үгтэй, хуучны дуунууд орон даяар дуулагдаж, алдарт Андрей Вознесенский, Евгений Евтушенко, Илья Резник нартай хамтран ажиллаж байлаа. Тэрээр Зөвлөлтийн эстрад урлагт огт өөр өнгө төрх бараг л Европ, Парисын, Рига хэв маягийг авчирсан гэдэг.

Төгөлдөр хуурын ард үргэлж эрвээхэй зангиа, мөрөвч, дэгжин костюмтай сууж байдаг донжтой Паулс өөрийн эрхэмсэг хэв маягаар Зөвлөлтийн эстрад ододын гадаад төрх, хувцаслалт, тайзанд биеэ авч явах байдлыг эрс өөрчилж чадсан юм. Алла Пугачева хүртэл "түүний дуунууд намайг бүх утгаараа жинхэнэ хатагтай болгож өгсөн" гэж дурссан байдаг. 80-аад онд ОРТ сувгийн хөгжмийн нэвтрүүлэг үздэг байсан олон хүн Паулсын төрүүлсэн ододын нэг, Латвийн филармонийн гоцлол дуучин Лайма Вайкулегийн аальгүйдуу хэрнээ донжтой загварлаг хувцаслалт, бүжиглэлт тайзны онцгой стилийг сайн санах биз. Ширүүн хатуу төрхтэй, тэрсүүд Валерий Леонтьевыг ч тэр од болгосон.

Раймонд Паулсыг Латвид эх орон нэгтнүүд нь гэр бүлээ Орост амьдруулдаг, орос хэлийг сурталчилдаг, оросын гар хөл хэмээн буруушаадаг хэдий ч түүнийг Балтийн жижигхэн улсын хөгжмийн урлагийг Зөвлөлт даяар хит болгож өгсөн гавьяатан гэдэгтэй хэн ч маргадаггүй. 1986 онд Паулс санаачлан эхлүүлсэн "Юрмала" ОУ-ын хөгжмийн наадам (2002 оноос Игорь Крутойн ивээл дор "Новая волна" болон үргэлжлэх болсон) ЗХУ төдийгүй бусад соц орнуудад маш их нэр хүндтэй тухайн үедээ жинхэнэ "ододын чуулган" болдог байлаа. Сүүлд "Новая волна" болж, Латвийн аялал жуулчлал эдийн засагт маш их орлого оруулдаг байсан энэ наадам 2014 онд Орос Украйны хэргээс үүдэн зогсонги байдалтай болж, Сочи руу шилжсэн.

Бидний мэдэх, сонсох дуртай олон сайхан дууны аялгуу бичиж, олон ододыг төрүүлсэн алдарт Раймонд Паулс эдүгээ 85 нас хүрч, Рига хотын ойролцоох эдлэндээ нам гүм амьдардаг аж. Гэсэн ч тэр одоог хүртэл Оросын хамгийн том концертын танхимуудын хамгийн хүндтэй зочин хэвээр.

Bolor Boloro

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.30) 2014-05-21 22:12
      • 0
      • 0

      Уг нь үүрэгт ажлаа сайн хийж яваа залуу ш дээ. Одоо гайгүй байх байлгүй дээ

      Хариулах