Л.Нинжжамц бол үнэхээр “Тэнэг” хүн

Twitter Print
2020 оны 10-р сар 28-нд 13:17 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн хэдэн өдөр Нинж гэдэг “хүний адаг”, “бузар булай”, “шударга бус”, “МАНгас” болсоны хүний тухай мэдээллийг Монголын ард түмэн сонсов. Монголчуудыг соён гэгээрүүлэх, мэдээллээр хангах үүрэгтэй МҮОНРТ-ийн ажиллагсад эх сурвалж болов. Улстөрчдийн “хэрүүлийн алим”-нд дурласан олон нийт шууд утгаар нь хүлээн авав.

Тэртээ он жилүүдэд “25-р суваг телевиз”-д харъяалагддаг байхад Соёлын гавъяат зүтгэлтэн З.Алтай “олон нийт” гэдэг бүлэгт тун болгоомжтой хандахыг сануулдаг байв. “Мэдээ, мэдээлэл бэлтгэж буй хүн ямагт 2 талын байр суурийг эн тэнцүү харуул. Цагаан цаас харуулаад энэ бол хар цаас гэж удаан ухуулвал итгэх хүн олон шүү” хэмээн тайлбарлана. Халамж, ажилгүйдэл, ядуурал Монголын ард түмний эрүүл ухаан, мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадварыг устгасан нь гашуун боловч үнэн. Зөвхөн хэсэгхэн найз нөхөд, хэсэгхэн газарт өдөр тутам ажиллаж амьдардаг хүмүүс ойлгохгүй л байх. Алслагдсан гэр хороолол, сум хороо багт амьдрал дэндүү хүнд, дэндүү хөөрхийлөлтэй байна.

Л.Нинжжамцын эхлүүлсэн МҮОНРТ-ийн шинэчлэл

Нэгэн бүсгүй өнөөдөр уйлж, гомдож сууна. Л.Нинжжамц бол маш “тэнэг” хүн. Түүнд 2016 оны сонгуулийн дараа томилогдох боломжтой олон ажлын санал байв. Гэтэл сэтгэл зүрхээрээ МҮОНРТ гэх айлд очсон. Тэр сэтгүүл зүйн салбарын тод төлөөлөл, гарамгай менежер. Хүнтэй харилцах, шийдвэр гаргах, шийдвэртээ бат зогсох, манлайлах чадвараараа тэр лидер. Түүн шиг илэн далангуй, шударга, хатуу үгтэй хүн цөөхөн дөө. Түүнтэй ойлголцон, хамтран ажиллаж чадахгүй байгаа бол тэр хэсэгхээн бүлэгт л асуудал байна. МҮОНРТ бол том айл. Сэтгүүл зүйн ноён оргил болсон хамт олон. Гэхдээ Төр нийгмийн зүтгэлтэн Ц.Лоохууз агсаны хэлсэнчлэн “залуус минь... Ямагт шинэчлэл, ямагт шинэ зүйл рүү тэмүүл” гэдэг үгийг бүү март. МҮОНРТ-д шинэчлэл, өөрчлөлтийг зоригтой хийхээр оролдсон ганц хүн бол миний мэдэхээр Л.Нинжжамц. Бусад нь ерөнхийдөө урсгалаар нь ажиллуулсан. Харамсалтай нь 2007, 2020 онд түүнийг хясан боогдуулж хөөн гаргалаа. Дэвсэлж буй хэсэг өөрийнх нь дэмжиж, хайрлаж, хүндэлж явсан хүмүүс байх юм.

МҮОНРТ-ийн мэдээ, нэвтрүүлэг цаг үеийн шаардлага хангахгүй, олон нийтийн шүүмжлэлтэй тулж байсан нь гарцаагүй үнэн. Энэ хамт олны дунд олон танил, найз нөхөд минь бий ч “дутагдлаа хүлээн зөвшөөрөх” хэрэгтэй. Гавъяа зүтгэлтэй ахмадууд, он удаан ажилласан дунд үеийнхэн, шинэ үеийн залууст ӨӨРЧЛӨЛТ хийх удирдагч зайлшгүй хэрэгтэй байв. 2016 оны MNB, 2020 оны MNB-г харьцуулахын аргагүй. Олон нийтийн телевиз учраас арилжааны телевизийн "Цензургүй яриа", "Улаан бал" мэт формат тохиромжгүй. Хэт интертайнмент болгох боломжгүй тул чадлаараа л залуусын анхаарал татахаар өөрчилсөн. Харин ММ агентлагийн мэдээ сурвалжлагын хувьд УИХ ЗГ-ын бодлого, үйл ажиллагааг сурталчлах нь гол үүрэг тул ялсан нам, улстөрчдийн мэдээлэл гардаг, гарч байсан, гарсаар ч байх болно. МАН, АН-ын хэн ч бай ойрын 30 жилд өөрчилж чадахгүй харагддаг.

Л.Нинжжамц бол маш “тэнэг” хүн

2016 оны сонгуулийн дараа Л.Нинжжамц МҮОНРТ-д эргэн ирсэн. “Би энэ хамт олонд өртэй”, “Өмнө нь өөрийгөө буруу ойлгуулсан”, “Шинэчлэлийг сэтгэл гарган хийнэ” гэсээр зүтгэсэн. Түүнд амаргүй шахалт, дарамт их байв. Нэг талаас ялалт байгуулсан улстөрийн нам боловсон хүчнээ тулгаж, нөгөө талаас УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо цомхотгол хийхийг шахан, ЗГХЭГ-аас АН-ын харъяалалтай нэр бүхий сэтгүүлч уран бүтээлчдийг халахыг шаардана. Сангийн яам ч төсвийг нь үргэлж шоглоно. Ард түмэн ч сард 1000 төгрөг төлөхөөс татгалзана. Бүх галыг ганцхан бүсгүй үүрч, бүгдтэй нь учраа олох гэж чармайна.

Гэвч бүх зүйл хялбар биш шүү дээ. Улстөрийн бодлого, шахалтыг ил гарган хэлэх нь “боломжгүй бөгөөд баримтгүй” болчихдог. Мөн МАН-ын удирдлага, УИХ-ын гишүүдтэй холбоотой хэсэг нөхөд /МҮОНРТ доторх/ шоглоно. Сэтгүүл зүйн салбарт зүтгэж буй олон хүн ойлгох байх. 2020.08.28-ны өдөр төсвийн тодотголоор МҮОНРТ-ийн 5.2 тэрбум төгрөгийн төсөв хасагдсанаар энэхүү тэмцэл улстөрийн дэмжлэгээ авсан санагддаг.

Л.Нинжжамц ба хамт олон

Тэмцэгсдийн шаардлагыг хараад хэсэг эргэлзэв, гайхашрав. МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц гуай “ММ агентлагийн мэдээгээр ямар үйл явдал, хэн гарах”, “Ярилцлагын нэвтрүүлэгт хэн оролцох”, “нэвтрүүлгийн бодлогод нөлөөлөх” оролдлого хийдэг болсон гэнэ. Алдарт социализмын үед ч ардчилал өөрчлөлтийн цагт ч эфирт хяналт тавих эрх Ерөнхий захиралд оногддог байсан. Өнөөдөр хувийн телевизүүд ч энэ л арга барилаар ажилладаг. Жиших дуртай Герман, Япон Улсад сэдэв, ярилцлагууд бүтэн сараар төлөвлөгдөн, хэд дахин хянагдсанаар олон нийтэд хүрдэг юм билээ. Шуурхай мэдээ, сурвалжлага ч удирдлагын зөвшөөрөлгүй цацагддаг бил үү. Тэмцэгсдийн тэмцэл хийх эрхийг хүндэтгэнэ. Харин “битгий явцуур л даа” хэмээн хэлмээр санагдлаа. Ганц хүнийг “баллуур”-дахын тулд бүхнийг мушгиж болохгүй. Мөн ил мөртлөө далд нэгэн бизнес телевизийн салбарт бий. Ашиг олох зорилготой мэдээ, сурвалжлага, ярилцлага оруулж, эргээд санхүүгийн баримт нэхсэн маргаанд орох тохиолдол сэтгүүлч бидэнд бий.

Төр хувийн хэвшлийн бүхий л телевизэд ийм зовлон байдаг. Удирдлагын талаас харвал дургүйцэм, ажилтны талаас харвал ойлгож болох зөрчилдөөн. Бид нийгмийн баталгаагаа сайжруулахын оронд бие биенээ хэмлээд ямар ч үр дүн гарахгүй. Удирдлагын баг хяналт тавих ажлаа хийх үүрэгтэй. Хариуцлага тооцох эрхтэй. Мөн Л.Нинжжамц гуай "хүний эрх зөрчин, гүйцэтгэх ажиллагаа явуулж байна" гэнэ. Өмч хариуцдаг дарга нарт нэг том зовлон бий. Ажилтанд сарын цалингаа хугацаандаа авах чухал бол байгууллагын өмч хөрөнгийг сахин хамгаалах нь удирдлагад чухал. Ширээн дээр байсан бал, аяга, флаш тэсгээдэггүй Монголчууд үнэтэй тоног төхөөрөмж, эд хэрэгсэлд хүнийрхүү хандана. Хулгайгаас илүү болгоомжгүй байдлаас эвдэх, гэмтээх тохиолдол их. Ер нь эд зүйлсээ алдсан, эвдэлсэн хүн 10 тамтай байхад “юм олсон” хүн нэмэлт орлоготой болж, төрийн өмч хохирно. Сүүлийн үеийн хяналтын камер эрэлт хэрэгцээнд нийцэн дуу авиа бичдэг болсон. Дүрс танигдах төдий хуучин камер авбал хулгайн араас явна гэдэг үлгэр. Ийм л зовлон эцэстээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан болж хувирав. Хүн муу байж болно гэхдээ өмч хариуцна гэдэг амар зүйл биш.

Эцэст нь “ерөнхий захирал сард 3 сая төгрөгийн цалин авдаг. Пүү паа, шударга ёс хаачив” гэх мэдээлэл харлаа. Энэ том байгууллагыг удирдаж буй хүнд сарын цалин, урамшуулал харин ч бага байна. Өнөөдөр энэ хэмжээний цалинг хувийн компани дундаж менежертээ, хувийн телевиз шилдэг сэтгүүлч, ажилчиддаа олгодог болчихсон. Харин байгууллагаараа хамтдаа жил бүр цалингаа 10% нэмэгдүүлэхээр тэмцсэн болоосой.

Амьдралд хатуу зовлон амссан бүсгүй хүн

Л.Нинжжамц гэдэг бүсгүйг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд шахдаг, дарамталдаг байсан бол хэсэг хамт олон нь нэмэгдэв. Ямар дуусдаггүй өс хонзон, яасан хатуу хүмүүс вэ? Хорт хавдар гэх аюулт өвчнөөр хайртай ханиа алдах үедээ ч тэр ингэж гомдоогүй байх. Хамт олныхоо төлөө улстөрчдийн өмнө бамбай мэт зогсч, төсөв царайчлан төрийн ордон, Сангийн яамны үүд сахиж, маркетингийн зардлаас нь авчих гээд хувийн компаниудыг тойлж явсаныг нь мэдэх юм. МҮОНРТ-ийн ашиглалтгүй байр саваа засварлан тохижуулж, ажилчиддаа хүүхдийн цэцэрлэг, тав тухыг бэлэглэсэн. Контент, нэвтрүүлгийн бодлогоо анхаарч шинэчлэлийг тууштай, зоригтой, шантралгүй хийв.

Хариуд нь “гадаадад зугаалдаг”, “ажилчдынхаа эсрэг ажилладаг”, “төсвийн хулгайч” г.м-ээр цоллуулав. Хууль хяналтын байгууллага үнэнийг шалгаад өгөх биз. Хүний тавилан хатуу гэдэг. Гэхдээ төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсаны хэлсэнчлэн “эргэж уулзах нүүртэй л амьдрах юмсан”. Тэртээ нэгэн цагт Ерөнхий сайд С.Баяр хэвлэлээр хатуу шүүмжлүүлж явахад 25-р суваг телевизийн дэд захирал, сэтгүүлч А.Авирмэд агсан "алив найз минь наад ажлаа өгчихөөд хүрээд ир... Бусдын төлөө зүтгэсэн гэдгийг чинь цаг хугацаа л харуулна... Хамтдаа загасандаа явъя" гэж бичиж байсан нь санаанд бууна. Нинж минь дээ хэсэгхэн амраад ав. Бяцхан үрсээ баярлуулж, хайртай гэр бүлдээ тайвшралыг ол. Тулах багана өдөр тутмын сонингууд, түших нөхөд хамт олон чинь хүлээж байна. Тэр одоо үгээр л дутаж яваа.

Л.Нинжжамц шиг удирдагч МҮОНРТ-д үгүйлэгдэх л болно

Л.Нинжжамц гэдэг захирлаа хамт олон нь ойлгох цаг ирнэ

Хүндэтгэсэн: Сэтгүүлч Н.Урантогтох

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (43.242.243.194) 2020-11-09 20:41
      • 0
      • 0

      Ene huuhniig demjdeg shuu. Haraad bhad shiniig sanaachilsan, daichin shinjtei , sain menegmenttei gej haragddag. Manai mongolchuudiin tamiin togoonii ulger l haragdaj bna. Alban tushaal deeree ursgalaar bgaad surchihaad shineleg yumand chadvar n hurehgui bolohoor oorchloltiig hisehgui bhgui yu nogooduul. Harahaas ch medeegee unshij chadahgui zarim neg nohduud bj l bh yum bna shde kkk yvchihgui

      Хариулах

    • зочин

      (150.129.142.117) 2020-10-28 20:30
      • 0
      • 0

      хамт олны 10 хувь нь эсэргүүцэл байдаг зүйл, 80 хувь нь эсэргүүцнэ гэдэг но-той болоод л тэр. Дашрамд хэлэхэд муу хамт олон гэж байдаггүй муу дарга байдаг гэж ярьдаг байх аа

      Хариулах

    • Ме

      (103.57.94.240) 2020-10-28 15:04
      • 0
      • 0

      зусардаж, хуурамч бх гэдгийг огт мэддэггүй эмэгтэй штэ, үзсэн туулсан амьдрал нь амаргүй, бүхнийг өөрөө давж туулсан бүсгүй. Хэтэрхий их хичээж ажиллаж дээ.

      Хариулах

    • Irgen

      (65.74.233.194) 2020-10-28 14:48
      • 0
      • 0

      Maniihan zailuulj ooriin hunee tavij bhooroo hyniig Ingej faramtaldag moodtoi prondel neg ideechnee tavij oorsdiigoo haatsailuulah magtuulah gej

      Хариулах