Эхнэрээ чадах гэж үрсээ амьдаар нь шатаасан араатан

Twitter Print
2014 оны 05-р сар 20-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр үйлдэгддэг. Хохирогч нь бусдаас ичих, эсвэл дарамтлагч нөхрөөсөө айгаад тэр бүр хуулийн байгууллагад ханддаггүй. Энэ нь гэмт хэрэг үйлдэгчийг улам даврааж давтан хэрэг үйлдэхэд нэмэр болдог. Сүүлийн үед архины халуунаас үүдэн эхнэрээ, хүүхдээ хөнөөсөн хэрэг сар алгасахгүй гарч байгаа нь нийгмийг цочироож байна. ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, хошууч А.Отгонбаяр гэгч нөхөр гурван хүүхдийг нь төрүүлж өгсөн эхнэрээ хардалтын улмаас амь насыг нь хөнөөсөн. Хохирогч бүсгүй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул иргэн байсан.

Гэтэл энэ харамсалтай хэргээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа Булган аймагт бас нэгэн харамсалтай, аймшигт хэрэг гарлаа. Тус аймгийн Орхон сумын Хөшөөт багийн иргэн Ёндон гэгч архи уусан үедээ өөрийн хүүхдүүд болох таван настай С, нэг настай С нарыг “Бонго” маркийн авто машиндаа түгжиж байгаад шатаасан байна.

Уг хэрэг өнгөрсөн пүрэв гарагт гарчээ. Албаны хүний яриагаар Булган аймгийн Орхон сумын нэгдүгээр баг “Хөшөөт” гэдэг газар өглөө 07-08 цагийн орчимд хэрэг үйлдэгджээ. Харин Булган аймгийн цагдаагийн газар 10:00 цагт дуудлага ирсэн. Гэмт этгээд согтуу байсан бөгөөд тухайн үед эхнэрээ зодож хөөгөөд явуулжээ. Улмаар хоёр хүүхдээ машиндаа хийж байгаад бензин цацаад шатаасан байна. Харин түүний эхнэр Азжаргал айсандаа саахалт айлд нуугдаж байсан аж. ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг шуурхай ажиллаж гэмт этгээдийг баривчлан саатуулаад байгаа.

Харин сүүлийн үеийн мэдээлллээр Ёндон эхлээд хоёр хүүхэдтэйгээ хамт өөрийгөө шатаах гэж оролдсон. Харин машин шатаад эхлэнгүүт өөрөө цонхоо хагалаад гараад ирсэн, хоёр хүүхдээ аврах гэж оролдоогүй гэсэн хэн ч уншаад зэвүүцэм мэдээлэл эх сурвалж өгч байна. Ийнхүү эхнэрээ хорлох ад зэдийн санаагаар аавдаа итгэж машинд нь баярлан суусан хоёрын хоёр нялх үрээ аймшигтайгаар тамлан шатаасан байна. Эндээс харахад хэргийг санаатай үйлдсэн нь тодорхой байгаа юм. 

Хэрэг үйлдсэн Ёндон гэгч нөхөр 1981 онд Булган аймгийн Орхон суманд төрсөн бүрэн дунд боловсролтой нэгэн байж. Хөрш айлууд нь Ёндон, Азжаргал хоёрыг байнга муудалцдаг байсан тухай мэдүүлэг өгсөн байна. Түүний эхнэр Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул гэнэ. Тэд 4 хүүхэдтэй байсан бөгөөд 2 том нь сумын төвд сургуульд сурч, 2 бага нь хөдөө аав ээжтэйгээ байжээ.

Гэр бүлийн маргаан, архидан согтуурал ямар их гай гамшиг дагуулж байгааг, архидалт, томчуулын үл ойлголцол, гэр бүлийн хүчирхийлэлд нялх үр хүүхдүүд нь байнга хэлмэгдэж байгааг бид бараг өдөр бүр өнжилгүй сонсч, дуулсаар чих дөжрөх нь. Арай ч дээ. 

Э.Гүнтөмөр

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.