
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремльд болсон ёслолын үеэр Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зурлаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин телевизээр ард иргэдэд хандаж хэлсэн үгэндээ Украины зүүн бүс нутагт байрлах Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг Москва тусгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. Владимир Путин энэ шийдвэрийг зарлахдаа Оросын иргэд болон тус улсын бүх эх оронч хүчнүүд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гээд ОХУ-ын цэргүүд Донецк болон Луганскт "энхийг сахиулах" үйл ажиллагаа явуулна хэмээн мэдэгдсэн нь Оросын цэргүүд ойрын хугацаанд Украины нутаг дэвсгэр лүү нэвтрэхийг илтгэж байна.
Түүнээс гадна Ерөнхийлөгч В. Путин Украин улсыг АНУ-ын колони хэмээн тодорхойлж, Украиныг жинхэнэ тусгаар тогтносон улс байсан түүхгүй, орчин үеийн Украин улсыг оросууд "бий болгосон" хэмээн онцолжээ.
Ерөнхийлөгч В. Путин Украин улс НАТО-д элсэх нь ОХУ-ын аюулгүй байдалд шууд заналхийлсэн явдал болно гэдгийг дурдаж, Украины зэвсэгт хүчнийхнээс ОХУ-ыг дэмжигч босогчдын эсрэг галаа зогсоохыг шаардаж, эс бөгөөс Украин улс хатуу үр дагавар амсах болно хэмээн анхааруулжээ.
Мөн даваа гарагт болсон Оросын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр Владимир Путин “Украины засгийн газрын цэргүүд гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж, Донецк, Луганск мужуудад цохилтоо үргэлжлүүлсээр байна” гэж мэдэгдсэн байна. Мөн Украин Умард Атлантын эвсэлд нэгдвэл ОХУ-д илүү их аюул заналхийлнэ" мэдэгджээ.
Дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Донецк Ард Улсын удирдагч Денис Пушилин, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын удирдагч Леонид Пасечник нартай уулзаж, ОХУ болон хоёр бүгд найрамдах улсын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцааны тухай гэрээнд гарын үсэг зурсан байна.
Ёслолын ажиллагаа ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулсан Кремлийн Гэгээн Кэтрин танхимд болжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний энэ мэдэгдлийн дараа Цагаан ордны албаныхан даваа гарагт Украины зүүн хэсгийн салан тусгаарлагч хоёр бүс нутагт хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв.
ОХУ 2014 онд Крымийн хойгийг өөрийн нутаг дэвсгэртээ нэгтгэсний дараахан Украины Донецк, Луганск хотууд өөрсдийгөө тусгаар улс хэмээн зарлан тунхагласан юм. Украин болон барууны улс орнууд ОХУ-ыг Донбасс дахь босогчдыг зэвсгээр хангаж, тус бүс нутаг руу цэргүүдээ илгээж, тусламж дэмжлэг үзүүлж, Украины зүүн бүс нутгийн тогтвортой байдлыг санаатайгаар алдагдуулж байна хэмээн буруутгасаар ирсэн юм.
2014 оноос хойш ОХУ-ыг дэмжигч босогчдын эзэлсэн бүс нутгаас хэдэн зуун мянган хүн дүрвэсэн ч тус бүс нутагт 4 сая орчим хүн амьдарч байна.
Ерөнхийлөгч Жой Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсан байна. Ерөнхийлөгч Жое Байден Донецк, Луганск мужуудад шинээр хөрөнгө оруулахыг хориглосон захирамж гаргана гэж мэдэгджээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тус бүс нутгийг хүлээн зөвшөөрсөн нь Украины тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг бүдүүлгээр зөрчиж байна хэмээн буруутгажээ. Мөн Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Лейен мэдэгдэл гаргаж, Европын холбоо "хууль бус үйлдэл"-д оролцсон хүмүүст хориг арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn