Вакцины үйлдвэр, цэвэр усны ачаар Азийн хамгийн баян хүн болжээ

Twitter Print
2020 оны 12-р сар 31-нд 13:48 цагт
Мэдээний зураг,

Жон Шаньшан өөрийн вакцин үйлдвэрлэгч компани, савласан цэвэр усны үйлдвэрийнхээ ачаар Азийн хамгийн баян хүнээр тодорчээ. "Ганцаардмал чоно" хэмээх хочтой Жон Шаньшаны хөрөнгө 2020 онд 7 тэрбум ам.доллараар өсч, тэрээр Энэтхэгийн хамгийн баян хүн болох тэрбумтан Мукеш Амбани болон Хятадын Жак Ма нарыг ардаа орхижээ.

Жон Шаньгвшан Блүүмбергийн Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 11т 77,8 тэрбум ам. долларын хөрөнгөтэйгээр бичигдсэн байна. Тэрээр сэтгүүл зүйн салбар, мөөгний ферм, эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Өнгөрсөн 4-р сард Жон Шаньшан вакцин үйлдвэрлэгч Beijing Wantai Biological компанийг худалдан авч, хувьцааг нь Хятадын хөрөнгийн бирж дээр гаргасан ба үүнээс 3 сарын дараа өөрийн цэвэр усны Nongfu Spring компанийхаа хувьцааг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр олон нийтэд санал болгосон юм. Ингэснээр тэрээр Хятадын төдийгүй Азийн хамгийн баян гэгдэж байсан Жак Маг хөрөнгийнхөө хэмжээгээр давсан юм.

Nongfu Spring компанийн хувьцааны үнэ хөрөнгийн бирж дээр гарсанаасаа хойш 155 хувиар өссөн бол Beijing Wantai Biological компанийн хувьцааны үнэ даруй 2000 гаруй хувиар өсчээ. Коронавирусын цар тахлын үеэр дэлхийн тэрбумтнуудын дийлэнхийнх нь хөрөнгө өссөн билээ. Үүнд Amazon компанийг үүсгэн байгуулагч Жэфф Безос, Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбани зэрэг баячууд багтаж байна. Харин Alibaba цахим худалдааны сайтыг үүсгэн байгуулагч Жак Магийн хөрөнгө 61.7 тэрбум ам. доллараас 51.2 тэрбум ам. доллар болтлоо буурсан үзүүлэлттэй байна. Үүнд Хятадын засгийн газраас ирж буй дарамт шахалт нөлөөлж буйг мэргэжилтнүүд онцолжээ.

Alibaba компанийг монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа ба тус компанийн охин компани болох Ant Group-ийн хувьцааг өнгөрсөн 11-р сард хөрөнгийн бирж дээр гаргах явдалд хориг тавьсан билээ. Хятадын шинэ тэрбумтнуудын дийлэнх нь технологийн салбараас төржээ. Нөгөө талаас Бээжин болон Вашингтон хоорондын харилцаа хурцадсанаас болж Huawei, TikTok, WeChat зэрэг компаниудын хувьцааны үнэ буураад байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.