Токиогоос орон нутаг рүү нүүх гэр бүлүүдийн хүүхэд тус бүрт 1 сая иен өгнө

Twitter Print
2023 оны 01-р сар 04-нд 13:39 цагт
Мэдээний зураг,

Японы засгийн газар орон нутгийнхаа хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор Токио хотоос нүүж, өөр газарт суурьших хүсэлт гаргасан гэр бүлүүдэд хүүхэд тус бүрийнх нь тоогоор 1 сая иений урамшуулал өгөх шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь ирэх 4-р сараас хэрэгжиж эхлэх юм.

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр Японы засгийн газрын уг шийдвэр нь голчлон хөгшин настай хүмүүс үлдсэн жижиг хотууд, тосгонуудын хүн амыг дэмжих зорилготой аж.

Токио хотын хүн ам түүхэндээ өнгөрсөн жил анх удаагаа буурсан ч эрх баригчид цаашид ч Токио хотын хүн ам, нягтаршлыг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай гэж үзжээ.

Хүүхэд тус бүрт олгох 1 сая иений урамшууллыг авахын тулд тухайн гэр бүл Токио хотын 23 дүүрэг, Токиотой нийтийн тээврээр холбогдсон хөрш Сайтама, Чиба болон Канагава засаг захиргааны нэгжээс орон нутаг руу нүүх ёстой аж.

Дээрх урамшууллыг авсан гэр бүл нүүж очсон газартаа багадаа 5 жил амьдарсан байх ёстой ба Токиод эргэж ирэхийн тулд тухайн гэр бүлийн багадаа нэг гишүүн нь Токиод ажлын байртай байх эсвэл шинэ бизнес эхлүүлэхээр төлөвлөсөн байх ёстой гэжээ.

Түүнчлэн заасан хугацаанаасаа өмнө нүүж очсон газраасаа явах бол тухайн гэр бүл засгийн газраас авсан урамшууллаа буцааж өгөх шаардлагатай аж.

Албаны хүмүүс энэхүү шийдвэр нь 18 хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүд орон нутгийн хүн амыг дэмжиж, дэлхийн хамгийн их хүн амтай Токио хотын нийтийн үйлчилгээний ачааллыг бууруулна гэж найдаж байна.

Токиогоос орон нутаг руу нүүж буй гэр бүлүүдэд хүүхэд тус бүрт өгөх урамшууллаас гадна тухайн гэр бүл орон нутагтаа шинэ бизнес эхлүүлж байгаа, эсвэл гэр бүлийн гишүүд нь орон нутагт жижиг, дунд компанид ажилд орсон, эсвэл ажлаа зайнаас хийж байгаа гэсэн нөхцлүүдийн аль нэгийг нь хангасан тохиолдолд 1-3 сая иен олгож байгаа аж.

Орон нутаг рүү нүүх гэр бүлүүдэд олгох урамшууллын талыг нь Японы засгийн газраас, талыг нь тухайн орон нутгаас өгөх ба Японы засгийн газар 2027 он гэхэд Токиогоос орон нутаг руу 10 мянга орчим хүн нүүнэ гэж тооцоолж байгаа аж.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.