
Германы нэгэн их сургуулийн хуулийн профессор оюутнуудаа шалгалтанд унагааж орхиж гэнэ. Шалгалтын даалгавар:
“Нэг айлын хашаан дахь алимны мод хөрш айлын хашааг давж ургадаг бөгөөд гүйцэж болсон алим нь өнөөх хөршийн тарьж ургуулсан алтанзул цэцэгс дээр унаж хэврэгхэн ишнүүдийг нь хугалаад байдаг байв. Хоёр хөршийн хоорондын маргааныг тасла.”
Оюутнуудын нэг хэсэг нь цэцэгчний талд орж, харин нөгөө хэсэг нь цэцэрлэгчийг хамгаалсан байж. Бүгд л герман хууль тогтоомжийг сайн мэддэгээ харуулсан байж. Гэтэл бодит байдал дээр алим намар цагт гүйцэд боловсорч унадаг бол алтан зул цэцэг хавар дэлгэрдэг.
Тэгэхээр профессорын зохиосон кэйс бодит амьдрал дээр хэзээ ч тохиолдохгүй нь илт. Шалгалтандаа бүдэрч ихэд бухимдсан оюутнууддаа профессор: “Хуулийн зүйл заалтуудыг иш татахаасаа өмнө эрүүл ухаанаа ажиллуулж бай” хэмээн захиж хэлсэн гэдэг.
Орчуулсан: Өлзийбатын Уянга