Вашингтон коронавирусын цар тахлыг ашиглан Хятадын нэр хүндийг унагахыг оролдож байна гэлээ

Twitter Print
2021 оны 05-р сар 28-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

Хятадын эрх баригчид АНУ-ын зүгээс коронавирусын халдвар Хятадын лабораториос тархсан эсэхийг дахин шалгахаар болсон явдлыг буруушааж буйгаа илэрхийлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ лхагва гарагт Америкийн тагнуулын албаныханд коронавирусын гарал үүслийг шалгахыг даалгасан юм.

Хятадын Гадаад хэргийн яамнаас Вашингтоныг "улс төрийн заль мэх хэрэглэж, цар тахлын бурууг Бээжинд тохох"-ыг оролдож байна хэмээн мэдэгдсэн ба КОВИД-19 цар тахал, Ухань дахь Вирус судлалын хүрээлэн хооронд ямар ч холбоо байхгүй гэдгийг дахин цохон тэмдэглэжээ.

Хятадын эрх баригчид болон эрдэмтэд коронавирусын халдварын анхны тохиолдлуудыг Ухань дахь загасны захтай холбон, коронавирус нь амьтнаас хүнд халдсан гэсэн онолыг дэвшүүлээд байгаа билээ.

ДЭМБ-аас коронавирусын гарал үүслийг шалгахаар энэ оны эхээр Ухань хотыг зорьсон ба коронавирус нь лабораториос алдагдсан байх боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Нөгөө талаас Ерөнхийлөгч Ж. Байден коронавирусын гарал үүслийг тойрсон эргэлзээг тайлж, эцсийн нэг дүгнэлтэнд хүрэхийн тулд Тагнуулын албаныхныг энэ асуудал дээр хүчин чармайлтаа нэмэгдүүлж ажиллахыг даалгажээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений энэхүү санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Ж. Байдений мэдэгдэл Бээжингийн бухимдлыг төрүүлээд байна.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян Вашингтон "баримт нотолгоо" болон эрдэмтдийн шинжлэх ухаан дээр үндэслэн гаргасан дүгнэлтийг үл тоомсорлож, коронавирусын цар тахлыг ашиглан бусдын нэр хүндийг унагахыг оролдож байгаа ба Вашингтон шинжлэх ухааныг үл хүндэтгэж, цар тахлын эсрэг тэмцлийг үр дүнгүй болгож байна гэжээ.

Түүнээс гадна Жао Лижян АНУ-ын Тагнуулын албаныхан худал мэдээлэл тарааж байсан "хар бараан" түүхтэй гэдгийг онцолжээ. Коронавирусын цар тахлын гарал үүслийн талаарх бодитой баримт нотолгоо гарах хүртэл Facebook компани өөрийн нийгмийн сүлжээн дэх коронавирусын цар тахал лабораториос гарсан гэсэн постуудыг устгахгүй гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-china

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Холбоотой мэдээ:

-Жо Байден коронавирусын гарал үүслийг даруй олж тогтоох үүрэг өгчээ - http://mongolcom.mn/read/8754

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.