В. Путин Е. Пригожиныг хүнд ээдрээтэй амьдрал туулсан, авьяаслаг бизнесмэн байсан хэмээгээд эмгэнэл илэрхийлжээ

Twitter Print
2023 оны 08-р сар 25-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тверь мужид хувийн цэргийн Вагнер группыг үүсгэн байгуулагч Евгений Пригожины онгоц осолдсон явдлын дараа анхны яриагаа өгсөн байна.

Тэрээр тус онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, "Вагнер" группын албан хаагчид Украин дахь неонацист дэглэмийн эсрэг ОХУ-ын тэмцэлд онцгой хувь нэмэр оруулсан болохыг онцолж, оросууд үүнийг нь хэзээ ч мартахгүй гэжээ.

Ерөнхийлөгч В. Путин Евгений Пригожиныг 90-ээд оны эхээс мэддэг болсон хэмээн Е. Пригожин нь хүнд хэцүү амьдралтай нэгэн байсан, амьдралдаа ноцтой алдаа гаргаж байсан ч өөрийн ажил амьдралдаа болон В. Путины хүсэлтээр хийсэн ажилдаа тодорхой амжилт гаргасан, авьяаслаг бизнесмэн байсан хэмээн дурсжээ.

В. Путины ярьснаар Е. Пригожин зөвхөн ОХУ төдийгүй хилийн чанадад тэр дундаа Африкт ажиллаж байсан. Африкт тэрээр газрын тос, байгалмйн хий, үнэт металл, чулууны бизнес хийж байжээ.

ОХУ-ын төрийн тэргүүний ярьснаар ОХУ-ын Мөрдөн шалгах хороо ослын шалтгааныг тодруулах ажлаа эхлүүлсэн ба шалтгааныг бүрэн тодруулах хүртлээ бүх нөөц бололцоогоороо ажиллана. Гагцхүү үүнд хугацаа шаардлагатай гэжээ.

Нөгөө талаас Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, "Бид уг осолд ямар ч хамааралгүй. Хэнд хамаатайг нь бол бүгд ойлгож байгаа." хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Америкийн The New York Times сонинд бичсэнээр Америк болон барууны албаны хүмүүс Е. Пригожины онгоцыг дэлбэлсэн гэж үзэж байгаа ба дэлбэрэлт онгоцонд байршуулсан тэсрэх бөмбөг эсвэл түлшинд тусгай бодис хийсэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж байгаа аж.

Түүнчлэн АНУ-ын тагнуулын хиймэл дагуулууд онгоц унасан газрын ойролцоо пуужингийн систем ажилласан, онгоцыг "газар-агаар" төрлийн пуужингаар устгасан гэх ул мөр олоогүй гэжээ.

Эх сурвалж: meduza.io

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.