Беларусийн дээгүүр нисэхээс зайлсхийсэн онгоцнуудыг ОХУ агаарын хилээрээ нэвтрүүлсэнгүй

Twitter Print
2021 оны 05-р сар 28-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

Беларусийн дээгүүүр нисэхээс зайлсхийсэн Европын агаарын тээврийн 2 компанийн онгоцнуудыг ОХУ агаарын хилээрээ нэвтрүүлэхээс татгалзжээ. Францын Air France, Австрийн Austrian Airlines агаарын тээврийн компаниуд оросууд агаарын хилээрээ нэвтрүүлэхээс татгалзсантай холбоотойгоор хэд хэдэн нислэгээ цуцлахад хүрчээ.

Беларусийн эрх баригчид өнгөрсөн ням гарагт Ирландын Ryanair компанийн зорчигч тээврийн онгоцыг Минскт саатуулсан явдлыг агаарын тээврийн компаниуд буруушаан, эсэргүүцлээ илэрхийлэн зарим нь Беларусийн агаарын бүсээр дамжин нисэхгүй байх шийдвэр гаргаад байгаа билээ.

ОХУ-ын хувьд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Беларуь улс, Беларусийн засгийн газрыг тууштай дэмжиж ирсэн холбоотон улс юм. Беларусийн агаарын бүсээр нисэхээс зайлсхийсэн онгоцнуудыг өөрийн улсын агаарын хилээр нэвтрүүлэхээс тагалзсан нь Беларусь болон Барууны орнуудын хооронд үүссэн зөрчилд үзүүлж буй ОХУ-ын хариу үйлдэл байлаа хэмээн ажиглагчид үзэж байна. Москвагийн зүгээс цаашид Беларусийн агаараар нисэхээс зайлсхийсэн бүх онгоцнуудыг хилээрээ нэвтрүүлэхгүй байх эсэх талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

Европын холбоо болон Их Британи улс Беларусийн агаарын тээврийн компаниудын онгоцнуудыг өөрсдийн улсын агаарын бүсээр дамжин нисэхийг хориглосон ба Беларусь болон Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко тэргүүтэй төрийн албан хаагчдын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна гэдгээ илэрхийлээд байгаа билээ.

Европын холбооноос тавьсан хоригоос болж Беларусийн Belavia агаарын тээврийн компани 10-р сарын 30 хүртэл 12 чиглэлийн нислэгүүдээ цуцлахад хүрчээ. Нөгөө талаас Европын агаарын тээврийн хэд хэдэн компани Беларусь руу хийх нислэгүүдээ цуцалж, Беларусийн агаарын бүсээр дамжин нисэхээс татгалзжээ.

Улс орнууд агаарын бүсээрээ бусад улс орнуудын онгоцнуудыг дамжин нисэхийг зөвшөөрснөөр жилдээ хэдэн сая ам. долларын ашиг орлого олдог ба Европын агаарын тээврийн компаниудын шийдвэр Беларусь улсын төсөвт орж ирэх мөнгөнд шууд нөлөөлөхөөр байна. ОХУ агаарын хилээрээ нэвтрүүлэхийг татгалзсаны улмаас Air France компанийн Парис-Москва чиглэлийн 4 нислэг цуцлагдаж, зарим зорчигчид Оросын Аэрофлот компанийн онгоцонд шилжин суухад хүрчээ.

Австрийн Austrian Airlines компанийн Вена-Москва чиглэлийн зорчигч тээврийн нэг нислэг, Хятадын Нанжинаас Вена хүртэлх ачаа тээврийн 1 нислэг тус тус цуцлагджээ.

Австрийн Гадаад хэргийн яам ОХУ-ын шийдвэр "уялдаа авцаалдаа байхгүй, ойлгомжгүй" байна гэсэн бол Францын Тээврийн яам ОХУ-д хандан "харилцан хамтран ажиллах зарчмаа мөрдөх шаардлагатай" байна гэжээ.

Онгоцнуудын агаарын замын хөдөлгөөнийг хянах Flightradar24 цахим хуудаснаас харахад өнгөрсөн пүрэв гарагт Беларусийн агаарын бүсээр Беларусь болон ОХУ-ын онгоцнуудаас өөр онгоц нисэхгүй байгаа нь харагдаж байжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

___________________________________________________________________________________________________________________________________________________________________

Холбоотой мэдээлэл:

-Сөрөг хүчний сэтгүүлчийг баривчлахын тулд зорчигч тээврийн онгоцыг Минскт буулгажээ http://mongolcom.mn/read/2767

-Онгоцнуудыг Беларусийн нутаг дэвсгэрээр дамжин нисэхгүй байхыг уриаллаа - http://mongolcom.mn/read/8347

-А.Лукашенко Роман Протасевичийг "бослого" зохион байгуулах гэж байсан хэмээн буруутгав http://mongolcom.mn/read/8784

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.