​Г.Занданшатар: Ирэх оноос архиар шахсан, шахуулсан хоёр хамтдаа хариуцлага хүлээдэг болно

Twitter Print
2022 оны 11-р сар 29-нд 13:37 цагт
Мэдээний зураг,

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулга ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Хуулийн танилцуулгыг УИХ-ын дарга Г.Занданшатар хийснийг товчлон хүргэж байна. 

-Архиар шахсанаас болж тухайн хүн гэмт хэрэгт холбогдох, өөр бусад асуудалд орвол шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Шахсан хүн хариуцлага хүлээнэ гээд уусан хүн нь хариуцлагаас мултарна гэсэн үг биш. Хамтдаа хариуцлагаа хүлээнэ. 

-Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортоос эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатанд хяналт тавих мэдээллийн сантай болсон. Ингэснээр баталгаатай бүтээгдэхүүн иргэдийн гар дээр очно. Бүх гарал үүсэл, хэн хаана ямар хэмжээгээр үйлдвэрлэсэн бэ, татвараа төлсөн үү, хэн худалдан борлуулсан бэ гэдэг нэгдсэн мэдээллийн сантай болж байна. 

-Үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг зөвхөн дуудлага худалдаагаар олгоно. Худалдаа үйлчилгээний тусгай зөвшөөрлийг таван жилээр, үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг 10 жилээр олгоно. Хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.  

-Онцгой албан татварыг шатлалтай болгосон. Одоо мөрдөгдөж буй Онцгой албан татварын тухай хуулиар согтууруулах ундааны хатуулгыг 25-аас доош, 25-40, 40-өөс дээш гэсэн гурван шатлалаар татваржуулдаг.

Шинэ хуулиар согтууруулах ундааны хатуулаг хоёр хувиар ахих тусам онцгой албан татвар нэмэгдэнэ. Нэг литр тутмаас авах онцгой албан татварын хэмжээг 2023-2025, 2025-2027, 2027-2029 онуудад аажмаар өсөн нэмэгдүүлнэ. Жишээлбэл, 25 градусаас бага пиво зэрэг согтууруулах ундааны татварын нэмэгдлээс 40 градусаас дээш хатуулагтай архинд оногдож буй татварын нэмэгдэл өндөр байна.  

Бар, цэнгээний газрууд архитай хамт заавал усаар үйлчлэхээр хуульчилсан

-Согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллага, бар, цэнгээний газар үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй усаар байнга үйлчилнэ.  

-Согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллага танхимтай байж, халуун хүйтэн зуушаар үйлчилдэг байх ёстой. Дангаар архи уух нь эрүүл мэндэд хортой. 

-Согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллага хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй байх эрхтэй. Хэтрүүлэн хэрэглэсэн хүнд нэмж үйлчилж, тэр хүнд эрсдэл үүсвэл байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцална.  

-Согтууруулах ундаагаар үйлчлэх байгууллагын тусгай зөвшөөрлийн цагийн хязгаар хоёр төрөлтэй байна. Нэг нь, 11.00-22.00 цаг хүртэл, нөгөө нь 14.00-04.00 цаг хүртэл.  

-Согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллага дуудлагын жолооч, таксины мэдээллийг байршуулах үүрэгтэй.

-18 хувиас дээш хатуулагтай архийг 0.33 литрээс хэтрүүлэхгүйгээр савлан худалдаална. Архи экспортлох, агаарын хөлгийн үйлчилгээ, зочид буудлын хэрэгцээний тусгай захиалгын бараанд үйлчлэхгүй. 

-Төрийн байгууллага Төрийн ёслол хүндэтгэлийн гадаад арга хэмжээ зохион байгуулахаас бусад тохиолдолд архи, согтууруулах ундаа худалдаж авахыг хориглоно. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.