Эрдэнэтэд зорчсон товч тэмдэглэл

Twitter Print
2020 оны 04-р сар 15-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

Ѳмнѳх 7 хоногт Эрдэнэт хотыг зорин очиж ганц ѳдѳр ажиллаад ирэв. Хугацаандаа ашиглалтад ороогүй Дарханы зам маш их бартаа үүсгэн, цаг хугацаа их зарцуулж байгаа болохоор уламжлалт галт тэрэгний үйлчилгээг сонголоо.

Улаанбаатар хотоос Эрдэнэт хүрэх 400 орчим км замыг машинаар 8 цагт, галт тэргээр 11 цагт, онгоцоор бол 40 минутад туулдаг гэнэ. Бараг 40 , 50 жилийн хугацаанд бараг ѳѳрчлѳгдѳѳгүй галт тэрэг, хуучны гунигтай дурсамж шиг хяхран чахран алгуур урагшилна. Утаа тортог болсон орчин, хуучин цагаан хэрэглэлүүд, гэнэт тоормосоглоход ширээн дээрх сахартай цай цалгин асгарч, инерцээр нь бид тэнцвэр алдан тонгойно.

Дүрэмт хувцастай билет шалгагч, эргүүлийн цагдаа, үйлчлэгч нар  захирангуй чанга дуугаар шаардлага тавих нь 20 жилийн ѳмнѳх танил дүр зураг. 20 магадгүй 30 жилийн хугацаанд огт ѳѳрчлѳгдѳѳгүй энэ тээврийн үйлчилгээ Орос манай 2 ын хамтын ажиллагааны хуучирсан дурсгал мэт. Нээрээ яагаад ѳѳрчлѳгддѳггүй юм бол? 

Намайг Эрдэнэтийн галт тэрэгний буудлаас 1975 онд Завханы Улиастайн 10 жилийн сургуулийг хамт тѳгссѳн Ш.Ганбат маань тосч авлаа. Эрдэнэтийн ИТХ д хамгийн олон удаа буюу 7 удаа тасралтгүй сонгогдсон найз маань ѳдгѳѳ ИТХ даа зѳвлѳхѳѳр ажилладаг аж. Бид Эрдэнэт хотыг бүхэлд нь харж болох хойд болон урд ѳндѳрлѳгүүд дээр гарч алсаас тольдоцгоов. Том бүтээн байгуулалтаас үүдэлтэй тоосонцор, хиймэл нуур, түүний хэвлээс алгуурхан хѳѳрѳх манан дундаас тодрон харагдах залуухан Эрдэнэт хот цомхон хэрнээ цэгцтэй үзэгдэнэ. Нийтдээ 104 000 оршин суугчтай 2 сум, 25 багаас бүрдэх засаг захиргааны нэгжтэй энэ хотын гэр хороолол алсад тэлжээ.

Булган, Сэлэнгэ аймгуудтай хиллэдэг болохоор энэ тэлэлт нь алсдаа газар олголтын маргаан үүсгэж болзошгүй мэт санагдсан. Харин гэр хорооллын хашаа бүхэн дотроо байшинтай, гудамж болгоноо гэрэлтүүлгээр бүрэн хангасан нь сайн дэд бүтцийн давуу тал аж. ЕБ-ын 24 сургууль, Их дээд болон МСҮТ 5 цогцолбортой Эрдэнэт хотод байгуулагдсан Бүсийн Оношлогоо Эмчилгээний Тѳв \БОЭТ\ѳѳр Булган, Сэлэнгэ, Дархан, Хѳвсгѳл, Архангай, Ѳвѳрхангай аймгаас ч иргэд ирж үйлчлүүлдэг нь аажимдаа тѳвлѳрѳл бий болгоход нѳлѳѳлѳх бололтой.

Монгол Улсын эдийн засгийн хѳгжилд бодитой нѳлѳѳ үзүүлдэг “Эрдэнэт хивс”, “ГОК”буюу “Уулын баяжуулэх Эрдэнэт үйлдвэр” зэрэг үйлдвэрүүд нь ѳрсѳлдѳх чадварын үзүүлэлт болон хүн амьдрахад таалаамжтай гэдэг үзүүлэлтээр Улсдаа тэргүүлэх шалтгаан болдог гэнэ. 1976 онд Булган аймгийн харъяаллаас гарч Улсын харьяаллаар Хотын статустай болж байсан, 1978 оны 12 сараас Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсноор Оросын загвараар  хот болгон хѳгжсѳн “Орхон аймаг”, ѳдгѳѳ дахиад л хотын статусын талаар санаа тавьж эхэлжээ. Зорилго болгон судлаагүй ч, намуудаас үүдэлтэй улстѳрийн талцал энэ орон нутгийг бие даан хѳгжихѳд садаа болж байгаа бололтой.

Хѳгжлийн стандартын тухай “Хѳгжлийн замаар” нэртэй 76 дугаар нэвтрүүлгийг АНУ, Солонгос улсаас бэлтгэн олон нийтэд хүргэсэн багаа тѳлѳѳлѳн, орон нутгийн хѳгжилд стандартыг нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцох гэж зорьж очсон миний хувьд, цѳѳн хүмүүстэй уулзаж санал мэдээлэл солилцож амжсан. Орон нутгийн хотууд цаашдын хѳгжилдѳѳ стандартуудыг нэвтрүүлэн “Алсын хараа”-тай тѳлѳвлѳх нь зѳв эхлэл болно гэдэгт бид улам бүр итгэсээр байна. Улаанбаатар хотын тѳлѳвлѳлтѳд гарсан алдааг бусад хотууд давтахгүй байх нь хэрэгтэй байна. Иргэд ямар хотод амьдрахыг хүсч байна, тэр хотоо ѳѳрсдѳѳ шийдэж байгуулах боломжийг тэдэнд олгох шаардлагатай болжээ.

Ийм боломж олгох ахул залуус “нам” гэж талцалгүйгээр нэгдэж, хамтдаа мѳрѳѳдлѳѳ биелүүлэх болно. Харин Тѳр саад болохгүй байвал зүгээр мэт. Зѳндѳѳ сайхан эхлэлүүд харагдаж байна. Буцахдаа мѳнѳѳх галт тэргээрээ аялав. “Хэрвээ гадны хѳрѳнгѳ оруулагчид ажлын шаардлагаар Эрдэнэтийг зорьвол…” гэсэн бодол сэтгэлд зурсхийв. “ББ” буюу Б.Бат-Эрдэнэ надтай уулзахдаа энэ талаар хуучилж байсан. Тэрээр Улаанбаатараас Эрдэнэт рүү бага оврын онгоц нисгэх тѳслийнхээ талаар “Солонгосын Сѳүл хотоос Бусан хот хүртэл 400 км орчим атлаа байнга нислэг үйлдэгдэж байдаг. Бусан хотыг үйлдвэржилтийн хот болгосон нь олон хѳрѳнгѳ оруулагчдыг ажил хэргийн зорилгоор цагаа хэмнэн ирж буцахад сайн нѳлѳѳ үзүүлж байдаг юм билээ.

Үүн шиг Эрдэнэтийг үйлдвэржилтийн хот гэдгээр нь тѳсѳѳлж, бага оврын онгоц нисгэх нь боломжгүй зүйл биш, харин бид үүнийг заавал хийх ёстой” хэмээн учирлаж байсан сан. Гадаадын хѳрѳнгѳ оруулагчид болон ажил хэрэгч хүмүүс ийм галт тэргээр бус, бага оврын онгоцоор 40 минутад ирж очоод байвал ѳнѳѳгийн хѳгжлийн хурдацад нэмэр болно доо. Алжаасандаа зүүрмэглэсэн намайг галт тэрэгний түг түг түг, таг таг таг жигд хэмнэл бүүвэйлсээр ѳглѳѳ нь Улаанбаатартаа эргэж ирлээ. “Удахгүй Дархан явна даа” гэх мѳрѳѳдѳл намайг сэрээлээ. Эх орондоо байх сайхан байнаа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-04-15 

                                                                              

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.