Гадаадад байгаа монголчууд эх орон руугаа ДНБ-ий 10 хувьтай тэнцэх мөнгийг гуйвуулдаг

Twitter Print
2020 оны 04-р сар 16-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

Нэгэн цагт хилийн чанад дахь иргэд эх орон руугаа дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн гуйвуулгыг явуулж байсан он бий.

Монгол Улсын олон зуун мянган иргэд гадаадын улс орнуудад ажиллаж, сурч, амьдарч байгаа ч эх орноо, элгэн саднаа гэсэн сэтгэл зүрх нь хэзээд Монголоороо байж ирсэн, байсаар ч байх болно. Монголчууд маань бор зүрхээрээ ажиллаж, хөдөлмөрлөж ар гэрээ тэжээж, тэтгэж байдаг.

Хилийн чанадад байгаа монгол иргэдээс эх орондоо банк болон мөнгөн гуйвуулгын бусад байгууллагаар гуйвуулсан мөнгө манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой мэдэгдэхүйц хувийг эзэлж байна. Энэ бол бага тоо биш, манай иргэдийн гадаад орнуудад ажиллаж, хөдөлмөрлөж олсон мөнгө тэдний ар гэр, амьдрал ахуйд хэрхэн нэмэртэй байгааг бид бэлхнээ харж байна. Гадаадад ажиллаж амьдардаг монголчуудын гэр бүлдээ гуйвуулсан мөнгөний дүн болон түүний Монгол Улсын ДНБ \Дотоодын Нийт Бүтээгдэхүүн\-д эзлэх хувь. \Статистикийн баримт\

2000 онд 22,4 сая $ 2.0 %

2001 онд 53.0 сая $ 4.2 %

2002 онд 111,7 сая $ 8.0 %

2003 онд 128,6 сая $ 8.0 %

2004 онд 195,4 сая $ 9.8 %

2005 онд 174,2 сая $ 6.9 %

2006 онд 153,6 сая $ 4.9 %

2007 онд 174,3 сая $ 4.1 %

2008 онд 218,2 сая $ 3.9 %

2009 онд 191,5 сая $ 4.2 %

2010 онд 247,9 сая $ 4.0 %

Үүнээс цааш энэ тоо тасралтгүй нэмэгдсээр Дэлхийн банкны судалгаагаар одоо хагас тэрбум долларт лавтай хүрсэн гэж сонссон. Энэ бол зөвхөн банк болон мөнгөн гуйвуулгын системээр дамжин хүрсэн мөнгөн дүн. Энэ их мөнгийг далайн эрэг дээр гэдсээ илж хэвтээд бий болгодог гэж бодвол эндүүрэл. Мөн мөнгөнөөс гадна оймс, гутал, хувцас, гар утас, гэр ахуйн хэрэглэл, машин унаа гээд хүний хэрэглэдэг бүхий л зүйлийг илгээсээр... Энэ бүхний дүн энэ тоонд ороогүй гэдгийг санууштай.

Оюун ухааны хөрөнгө оруулалтыг өөртөө шингээж, боловсрол эзэмшин эх орноо зорьсон, одоо суралцаж байгаа залуусын толгойн баялаг, чадлыг үнэлэх ямар ч боломжгүй. Хэлж ирдэггүй гамшиг тахлын үед хилийн чанадад гамшигт өртсөн, эрсдэлд орсон иргэдээ гамшиг эрсдлийн үед хамгаалах эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, хуульчлах шаардлагатай гэдгийг цар тахал бидэнд санууллаа. Цар тахал ирнэ гэдгийг хэн ч мэдээгүй учраас бидэнд сургамж болж байна. Хөтөлбөр гаргана олигтой мөнгөгүй төсөвгүй. Байнга ямар нэг зовлон ярина. Улс баян болохоор сайхан болно гэж биесээ тайвшруулна.

Хилийн чанад дахь иргэдэд туслах сангаа арвижуулья, гай гамшиг, зовлон гэдэг хэлж ирдэггүй. Энэ санд болзошгүй гамшгийн үед буюу Цар тахал, газар хөдлөлтийн үед эрсдэлд орсон иргэдээ хамгаалахад хэрэглэх тусгайлсан төсөв мөнгөтэй байлгая. Энэ бүхнийг хуульчлах хэрэгтэй юм байна хэмээн Хүний эрхийн индэр ТББ-ын хуульчид, Цахим Өртөө ТББ-ын гишүүд болон янз бүрийн мэргэжлийн олон мэргэжилтнүүд санал нэгдэн дүгнэж, ажлаа эхлүүллээ. Албан бус тоогоор 200.000 иргэд хилийн чанадад байдаг гэж ярьдаг ч энэ тоо ч баталгаатай биш. Магадгүй 250.000 аас ч дээш байх магадлалтай. Байдал хүнд хэдий ч ийм үед зориулагдсан эх үүсвэр нь тодорхойгүй, зүгээр нэг ганц удаагийн галыг унтраах аргаар, баттай судалгаа мэдээлэлд тулгуурлаагүй, хавтгайруулан мөнгө олгох санаачлага гаргаж хандаж болохгүй.

Гай гамшиг гэдэг хэлж ирдэггүй тул бэлэн байдлын байнгын тогтолцоо хэрэгтэй. Энэ тогтолцоог бий болгохын тулд хүчээ нэгтгэцгээе. Хамтдаа сэтгэл дүүрэн алхацгаая.

Н.Номун-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.