
БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт 159 хүний амийг авч одсон ослыг цагдаагийн газар "хүнээс шалтгаалсан осол" хэмээн тодорхойлоод 1 жил өнгөрч байгаа ч хохирогчдын ар гэрийнхнээс одоог хүртэл хэн ч албан ёсоор уучлалт гуйгаагүй, буруутай этгээдүүд нь зохих ёсны шийтгэлээ хүлээгээгүй хэвээр байна. 2022 оны 10-р сарын 29-нд Сөүлийн Итэвон дүүргийн гудамжинд Хэллоуины баяр тэмдэглэхээр олон мянган залуус цугларсан байв.
Цар тахлын эсрэг хязгаарлалтууд цуцлагдсантай холбоотойгоор тухайн өдөр Итэвонд 100 мянга орчим хүн цугларсан байсан ба дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд, залуус байжээ. Олон тооны хүмүүс нэг газар олноороо цугларснаас болж метроны буудлын ойролцоох нарийн гудамжинд олон зуун гацаж, шахцалдсаны улмаас 159 хүн амиа алдсан билээ. Хохирогчдын дийлэнх нь залуу хүмүүс байсан ба тэдгээрийн дотор гадаадын 26 иргэн байсан юм.
Уг ослоор гэр бүлийн гишүүнээ алдсан хүмүүс БНСУ-ын эрх баригчид өнгөрсөн 1 жилийн хугацаанд хэрэг явдлыг шалгаж, буруутай этгээдүүдэд зохих шийтгэлийг оногдуулах тал дээр ямар ч ахиц, үр дүн гаргаагүйг онцолж байна. Хохирогчдын ар гэрийнхэн эрх баригчид буруутай этгээдүүдэд шийтгэлийг нь ноогдуулахын оронд хохирогчдыг хар тамхины хэрэгтэй холбож, хэргийг өөр тийш чиглүүлэхийг оролдож байна хэмээн мэдэгджээ.
Тэд эрх баригчид хохирогчдын ар гэрийнхны хүсэлтийг үл тоож, хэргийн хариуцлагыг хүлээх хүмүүсийг олж, зохих шийтгэлийг оногдуулахад хэрэгтэй мөрдөн шалгалтыг явуулахгүй байгааг онцолжээ.
Ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ тэр дундаа цугларсан олон хүний хөдөлгөөнийг хянах, ослын үед авах арга хэмжээг цаг тухайд нь аваагүй зэргээс болж олон хүний амь нас үрэгдсэн уг осолтой холбоотойгоор одоог хүртэл ганц ч албан тушаалтан ял шийтгэл аваагүй байгаа аж.
Хохирогчдын ар гэрийнхнээс хэн ч албан ёсоор уучлалт гуйгаагүй бөгөөд эрх баригчидтай тэр дундаа Ерөнхийлөгч Юн Сук Ёлтой уулзаж, ярилцах тэдний хүсэлтийг одоог хүртэл хүлээн авахгүй байгаа гэжээ.
Осол гарсны дараа цагдаагийн газар ослын газраас олдсон эд зүйлсэд хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх шинжилгээ хийсэн ч бүх шинжилгээний хариу сөрөг гарсан ба цагдаа нар хохирогчдын ар гэрийнхнээс цогцсонд хар тамхи илрүүлэх шинжилгээ хийх зөвшөөрөл хүссэн нь эрх баригчид хэргийн бурууг өөр тийш чиглүүлэхийг оролдож байна гэсэн хардлагыг төрүүлжээ.
Түүнчлэн осол болохоос өмнө цагдаа нар осол гарах эрсдэлтэйг мэдэж байсан тухай цагдаагийн дотоод тайлан устгагдаж, үүнтэй холбоотой гэх цагдаагийн 3 албан хаагчийн нэг нь амиа хорлож, үлдсэн хоёр нь өнгөрсөн 6-р сард батлан даалтаар суллагдсан нь эрх баригчид хэргийг төөрөгдүүлэхийг оролдож байна гэсэн дүгнэлтэнд хүрэхэд хүргэжээ.
Өнгөрсөн 1-р сард цагдаагийн газар осол урьчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс болж гарсан, хохирогчдын амиа алдах болсон гол шалтгаанд амьсгал боогдсон, хүчилтөрөгчийн дутагдлаас болж тархи хавагнасан зэрэг нөлөөлсөн болохыг тогтоожээ.
Түүнчлэн осол гарахаас 4 цагийн өмнөөс эхлэн цагдаагийн газарт олон арван дуудлага ирсэн ч цагдаа нар цаг тухайд нь арга хэмжээ аваагүй нь тогтоогдсон билээ. Уг осолтой холбоотойгоор прокурорын газар төрийн 23 албан хаагчийг шалгасан ч цөөн хэд нь л яллагдагчаар татагдсан ба одоогийн байдлаар ганц ч хүн ял шийтгэл хүлээгээгүй байна.
Түүнчлэн прокурорын шалгалт удаашралтай явагдаж, ослын бурууг удирдах албан тушаалтнууд бус доод аобан тушаалтнуудад өгсөөр байгааг хохирогчдын ар гэрийнхэн онцолжээ. Өнгөрсөн 7-р сард БНСУ-ын Үндсэн хуулийн цэц уг осолтой холбоотойгоор Дотоод хэргийн сайд И Сан Минийг огцруулах олон нийтийн саналыг түдгэлзсэн байна.
БНСУ-ын сөрөг хүчнийхэн ослын шалтгааныг хөндлөнгийн шалгалтаар тодорхойлох хуулийн төсөл өргөн барьсан ч эрх баригч Ардын хүч нам уг хуулийн төсөл нь ослыг "улстөржүүлнэ" хэмээн эсэргүүцжээ.
Хэллоуины баяр ойртож байгаатай холбоотойгоор БНСУ-ын эрх баригчид аюулгүй байдлыг хангах, олон хүн цугларах магадлалтай газруудад хяналт тавих арга хэмжээ авч эхлээд байгаа ба Сөүл хотын захиргаа хүмүүс нэг газар олноороо цугларахыг хянах камеруудыг ажиллуулж эхэлсэн байна.
Олон хүн цугларч болзошгүй Мапо дүүргийн Хондэд Хэллоуины баяртай холбоотой ямар нэг баяр ёслол зохион байгуулахыг хориглосон тухай зарлалуудыг өлгөсөн байна..
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.21.106.105) 2014-05-22 10:02Uhaantai tsarai gargasan teneg huuhen bnaa ene shuudertsetseg
Хариулах