Агуулахад гал гарч, хүчтэй дэлбэрэлт болсоны улмаас 100 гаруй хүн нас барж, 4000 хүн шархджээ

Twitter Print
2020 оны 08-р сар 05-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

Ливаны нийслэл Бейрутын далайн эргийн ойролцоох агуулахад гал гарч, хүчтэй дэлбэрэлт болсоны улмаас 100 гаруй хүн нас барж, 4000 гаруй хүн шархджээ. Гал гарсан агуулахад тэсрэх бөмбөг болон газар тариалангийн бордоонд ашигладаг 2750 тонн аммонийн нитрат гэх шатамхай бодис хадгалагдаж байсан нь асар хүчтэй дэлбэрэлтийг үүсгэсэн аж.

Дэлбэрэлтийн улмаас ойр орчмын байшин барилгууд нурж, цонхны шилнүүд нь хагаран, иргэд маш хүчтэй чичирхийллийг мэдэрчээ. Дэлбэрэлт болсон газраас 180 км зайд байрлах Кипр улсад дэлбэрэлтийн чимээ сонсогдож, чичирхийлэл мэдрэгдсэн аж. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар аврах ангийнхан байшин барилгуудын нурангин доороос иргэдийг аврах, эрэн хайх ажиллагаа явуулж эхэлсэн ба уг ослын улмаас амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг онцолжээ.

Ливаны Ерөнхийлөгч Мишель Аун дэлбэрэлт болсон агуулахад галд шатамхай их хэмжээний аюултай бодисыг 6 жилийн турш ямар ч аюулгүй байдлын арга хэмжээ авалгүйгээр хадгалж байсан нь "байж болшгүй" зүйл хэмээн буруушаасан бол Ерөнхий сайд Хассан Диаб болсон явдалд хариуцлагатай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Нийслэл Бейрут дэх эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгууд ачааллаа дийлэхээ больсонтой холбоотойгоор дэлбэрэлтийн улмаас шархадсан иргэд ойр орчмын хотуудын эмнэлгүүдээс тусламж үйлчилгээ авч байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар яаралтай тусламжийн нэг тасаг л гэхэд нэг дор 200-300 хүн хүлээн авч байгаа гэнэ.

Massive blast rips through Beirut, killing 78 and injuring ...

Бейрут дэх АНУ-ын элчин сайдын яамнаас дэлбэрэлтийн улмаас агаарт маш хортой хий ялгарсан учраас иргэдийг аль болох гадагш гарахгүй байх, гадагш гарахдаа зайлшгүй амны хаалт зүүхийг зөвлөжээ. Бейрут хотын оршин суугчид дэлбэрэлт болсон мөчийг цахим сүлжээнд нийтэлсээр байна.

Бичлэгүүдээс харахад далайн эрэгт байрлах агуулахын байрнаас хар утаа гарч байгаад удаалгүй маш хүчтэй дэлбэрэлт болж буйг харж болох ба бичлэг хийж буй иргэд дэлбэрэлтийн давалгаанд хойш саван унаж буйг харж болох юм. Ослын шалтгааныг илрүүлэхээр ажиллаж байгаа ба Ливаны хэвлэл мэдээллийн хэрэгслээр агуулахын байранд гагнуурын ажил хийх явцад гал алдсан байж болзошгүй талаар мэдээлж байна. Ерөнхий сайд Хассан Диаб лхагва гарагаас эхлэн 3 өдөр бүх нийтийн гашуудал зарласан байна.

Jubilee Party Forum-н зураг.

Сүүлийн жилүүдэд Ливан улсад ажилгүйдэл, ядуурал гүнзгийрч, гадаадын өрийн дарамт ихээхэн нэмэгджээ. Тус улсын:

- хүн амын тоо 6,8 сая;

- хүн амын 35% ядуу амьдралтай;

- нийт гадаад өрийн хэмжээ $92.0 тэрбум ам доллар;

- ДНБ-ний хэмжээ 2018 оны байдлаар $56.6 тэрбум ам доллар;

- Гадаад өр ба ДНБ-ний харьцаа 170%-тай тэнцэж байна. Улс орны дотоодод сүүлийн саруудад жагсаал, цуглаан тогтмол болж байгаа гэнэ. Дэлбэрэлт болсон усан боомтоор дамжуулан хүнсний нэг гол хэрэглээ болсон улаанбуудайн хэрэгцээнийхээ 70 гаруй хувийг импортоор авч байжээ. Олон талын хямрал давхардсан тус улсын эдийн засаг цаашид улам хүндэрч, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх хандлагатай байна гэж олон улсын судлаачид үзжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.