В. Путины найз Швейцарийн банкаар дамжуулан олон сая долларын гүйлгээ хийжээ

Twitter Print
2023 оны 03-р сар 09-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Швейцарийн Прокурорын алба Оросын морин хийлч, Ерөнхийлөгч Владимир Путины найз гэгддэг Сергей Ролдугинд Швейцарийн банкны дансаар дамжуулан олон сая Швейцарь франкийн гүйлгээ хийхэд нь тусалсан хэргээр банкны 4 ажилтныг сэжигтнээр татжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Сергей Ролдугин 2014-2016 оны хооронд Швейцарийн банкаар дамжуулан их хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээнүүдийг хийсэн ба сэжигтнээр татагдсан банкны ажилтнууд болох Швейцарь улсын нэг, ОХУ-ын 3 иргэнийг шүүх хурал өнгөрсөн лхагва гарагт Цюрих хотноо болжээ.

Шүүх хурлын үеэр сэжигтнээр татагдсан ажилтнууд өөрсдийгөө гэм буруугүй хэмээн, прокуророос яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.

Прокурор банкны ажилтнууд гүйлгээ хийгдсэн дансны гол эзэмшигчийг тодорхойлохын тулд хангалттай ажиллаагүй гэж үзэж байгаа ба Швейцарийн банкны дээрх дансаар дамжуулан 30 сая швейцарь франк буюу 31.84 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн болохыг тогтоожээ.

Прокурор С. Ролдугин нь Швейцарь дахь Газпромбанкны салбарт 2014 онд нээгдсэн хоёр дансны эзэмшигч болохыг тогтоосон ба дээрх хоёр данс хаагдчихсан байх үед 2016 он хүртэл тэдгээр данс руу ОХУ-аас их хэмжээний мөнгө орж байсан болохыг тогтоожээ.

Прокурор банкны ажилтнууд дансны жинхэнэ эзэмшигчийг тогтоохын тулд хичээл зүтгэл гаргаагүй, жинхэнэ эзэмшигч нь С. Ролдугинийг өнгөлөн далдалт хэлбэрээр ашигласан хэмээн үзэж байгаа аж. Прокурорын яллах дүгнэлтэнд, "ОХУ-ын Ерөнхийлөгч баян биш, орлого нь дөнгөж 100 мянган швейцарь франктай тэнцэнэ гэж яригддаг ч тэрээр асар их хэмжээний хөрөнгө мөнгөтэй, тэдгээр нь бүгд түүний ойрын хүмүүсийн нэр дээр байдаг." гэж бичсэн байжээ. Тагес-Анцайгер сонинд бичсэнээр С. Ролдугины дансанд нийт 50 сая орчим швейцарь франкны орлого оржээ.

С. Ролдугин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар залуугаасаа найзалсан ба С. Ролдугин нь В. Путины охин Мариягийн загалмайлсан эцэг аж. С. Ролдугины нэр олон тэрбум долларын оффшор данстай албан тушаалтнуудын нэрс болох Панамын жагсаалтанд багтсан байсан ба сэтгүүлчид түүнийг В. Путины мөнгийг "хадгалагч" хэмээн нэрлэдэг. ОХУ Украин руу довтолсны дараа Вашингтон С. Ролдугины эсрэг хориг арга хэмжээ тогтоосон юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.