НҮБ: Эдийн засгийн хямралын улмаас хэдэн зуун мянган хүүхэд эндэж болзошгүй

Twitter Print
2020 оны 04-р сар 19-нд 17:17 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын цар тахалтай холбоотойгоор үүссэн эдийн засгийн хямралын улмаас энэ онд хэдэн зуун мянган хүүхэд амь үрэгдэж болзошгүй талаар НҮБ-аас анхааруулжээ.

НҮБ-аас хийсэн эрсдлийн судалгаагаар сургуулийнхаа үдийн цайны ачаар хоногт шаардлагатай шим тэжээлээ авдаг байсан дэлхийн 143 орны 369 сая хүүхэд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хоол хүнсний өөр эх үүсвэр олохоос өөр аргагүйд хүрээд байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш, "Хүүхдүүдэд маань заналхийлж буй аюулын эсрэг бид яг одоо хөдөлж эхлэх хэрэгтэй байна. Улс орны тэргүүнүүд цар тахлын сөрөг нөлөөг зөөллөхийн тулд боломжтой бүгдийг хийх хэрэгтэй байна." хэмээн онцолжээ.

Өнгөрсөн жилийн 12-р сард Хятадын Ухань хотод анх бүртгэгдсэн коронавирусээр үүсгэгддэг КОВИД-19 амьсгалын замын эмгэг дэлхийн 210 гаруй оронд тархаж, 2 сая гаруй хүн уг вирусын халдварыг аваад байгаа билээ. Насанд хүрэгчидтэй харьцуулахад коронавирусын халдвар авсан хүүхдүүдэд өвчний шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр эсвэл шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг байгааг АНУ болон БНХАУ-ын эрдэмтэд судалгаагаар олж тогтоосон юм. Гэсэн хэдий ч коронавирусын цар тахалтай холбоотойгоор үүссэн эдийн засгийн хямралын улмаас айл өрхүүд санхүүгийн хүндрэлтэй тулгарч, үр дагаварт нь 2020 онд хэдэн зуун мянган хүүхэд эндэх аюултай тулгарч байгаа аж.

U.N. warns economic downturn could kill hundreds of thousands of ...

Коронавирусын халдварын тархалтыг бууруулахын тулд аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, хэдэн тэрбум хүн хөл хорионд орсонтой холбоотойгоор дэлхийн даяараа 1930-аад оны Их Хямралаас хойших эдийн засгийн томоохон хямралтай нүүр тулна гэдгийг ОУВС-аас анхааруулсан билээ. НҮБ-ын судалгаагаар 2019 онд 386 сая хүүхэд ядуурлын түвшинд амьдарч байгааг тогтоосон бол энэ онд коронавирусын цар тахлын хямралын улмаас 42-66 сая хүүхэд нэмж ядууралд өртөх тооцоотой байгаа аж.

Коронавирусын халдвар дэгдсэнээс хойш одоогийн байдлаар дэлхийн 188 оронд сургуулиудын үйл ажиллагааг зогсоогоод байгаа ба сургуулийн насны 1.5 тэрбум хүүхэд хөл хорионд байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.