Үйл ажиллагаа нь доголдсон ч ажлын байраа хадгалж буй ААН-үүдэд 200 мянган төгрөг олгоно

Twitter Print
2020 оны 04-р сар 17-нд 15:56 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх тодорхой тогтоол гаргаж, нийгмийн даатгалаас иргэн, аж ахуйн нэгжийг чөлөөлөх болон санхүү нь хүндэрсэн аж ахуй нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой журмыг Засгийн газрын өнөөдрийн /2020.4.17/ хуралдаанаар баталлаа.

Нийгмийн даатгалын шимтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл чөлөөлж, дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Тухайлбал,

Дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа нь доголдсон, борлуулалтын орлого нь буурсан ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудад зургаан сарын хугацаатай НДШ-ийг чөлөөлөхөөр болсон. Үүнд, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуй нэгж, байгууллага хамаарна.

Төрийн бус байгууллага үүнд хамаарна. Өмчийн хэлбэр үл хамааран их, дээд сургуулийг хамруулж байна. Дээрх байгууллагын ажилчид болон сайн дураараа даатгал төлөгчид хөнгөлөлтөд хамаарна. Дээрх хугацаанд иргэдийн 2020 оны эхний гурван сард төлж байсан нийгмийн даатгалын дунджаар дэвтэрт нь бичилт хийнэ. Мөн аж ахуй нэгж, байгууллагын дээрх хугацаанд төлсөн дүнгийн дунджаар чөлөөлнө. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлснөөр тооцогдоно. Мөн энэ хэмжээнээс дээш дүнгээр шимтгэлээ төлөх бол зөрүү мөнгийг өөрөө төлж, бичилт хийлгэж болно.

Одоогоор 45 мянга орчим аж ахуй нэгж, 700 мянга орчим даатгуулагч энэ хөнгөлөлтөд хамаарагдаж, 900 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Хүсэлт гаргасан сараас нь эхлэн хүүхдийн мөнгийг олгож байгаа бөгөөд гуравдугаар сард хүсэлт гаргасан бол тухайн сарын мөнгө болгон 20 мянган төгрөг, дөрөвдүгээр сараас 30 мянган төгрөг олгох юм.

Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-нд олгодог. Хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-нийг хүртэл 30 мянган төгрөгөөр олгоно. Хүүхдийн мөнгийг авч байгаа эцэг, эхчүүд хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээгээд, сар бүр 20 мянган төгрөг хадгаламжид автоматаар ордог байх гэрээ хийсэн байдаг. Энэ тохиолдолд банктай гэрээ хийсний дагуу сар бүр хүүхдийн мөнгөний 20 мянган төгрөг нь хадгаламжид орж, 10 мянган төгрөг нь хүүхдийн мөнгө авах бүртгэлтэй дансанд орж байгаа" гэлээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.