Б.Догмид - “Онгон”-ы отряд руу ниссэн нь

Twitter Print
2020 оны 04-р сар 18-нд 16:54 цагт
Мэдээний зураг,

Онгоны отрядад цэргийн алба хааж байгаа хүүгээ эргэхээр Сайншандаас Батаа гэдэг авгай замын машинд суун Баруун-Урт хотод иржээ. Онгоны отряд руу явах унаа сураглавал маргааш өглөө шуудангийн онгоц нисэх хуваарьтай гэнэ.

Буудалд бууж замын алжаалаа тайлсан Батаа гуай өглөө эртлэн босч нисэх буудал дээр яаран хүрч очвол хаалга, цонхыг нь дэлгээд хаячихсан ганц ногоон онгоц талбай дээр зогсч байх бөгөөд арваад хүн шөнө дөлөөр ирж дугаарласан бололтой далавчных нь сүүдэрт идэж уух юм тавьчихсан хөл хөсөр, гар гадаа дээл хувцсаа тайлчихсан сууцгааж байлаа. Хөгшин залуу, хүүхэд нялхас нийлсэн тэдгээр хүмүүс цүнх сав барьсан Батаа эмгэнийг сонирхон харах зуураа 

- Онгоцны оочер, тийзийг аль өчигдөр биччихсэн. Гэвч та барианд орлоо. Холоос яваа гэхэд морь сайтай сүрхий эмээ юм хэмээн цаасан малгай өмсгөж найрсагхан угтжээ.

Тал нутгийн намрын дунд сар. Халуун өдөр болох янзтай, явган зэрэглээ, үхрийн зэл, ботгоны аргамжааны газар тунаран царцаа хаа нэг цар цар дуугарна. Цагийн салхинд өгөршиж хуучирсан нисэх буудлын хэдэн намхан модон байшин үлгэр зүүдний юм шиг анир чимээгүй нойрмоглох нь уйтгартай бөгөөд хүн амьтан орж гарах нь үл үзэгдэнэ. Нар дээшлэн хөөрч газар халахын үест онгоцны сүүдэр богиносон нисэгчдийг хүлээсэн зорчигчид халууцаж залхсандаа тэвчээр нь барагдсан янзтай босч суун аймгийн төвөөс ирэх унаа хөсгийг харуулдана. Гэтэл бага үд өнгөрөхийн алдад нэг УАЗ-469 давхин ирж, дотроос нь цамц малгайгаа тайлсан цээж нүцгэн хоёр нисгэгч, хүнээр сугадуулан гуйвж дайван бууснаа, хэл ам нь ээдэрсэн согтуу хоолойгоор:

- Онгон явах амьтад байвал онгоцондоо... хэмээн командлав. Хүмүүс уварч, цувран онгоцонд орж, хоёр эгнээ болон зэрэгцэн сууцгаалаа. Нисэгчид суудал дээрээ очиж сууснаа, “ниснэ”, “нисэхгүй” гэж хоорондоо маргалдаж эхлэв. Тэдний бүхээгний хаалга онгорхой тул яриа нь тод сонсогдоно.

Онгоцны дарга “түмблүүр” шиг юм татаад хөдөлгүүрээ асаахаар нь нөгөө нисгэгч нь ганцхан самардаад унтраах зуураа:

- Хоёрын хооронд жаахан юм үлдээгээд яах юм бэ. Алив одоо уучихъя л даа гэхэд нөгөөх нь:

Чи жаахан юм амсахаараа хор идсэн шаазгай шиг ухаан алдаад уначихдаг биз дээ

- Одоо би ухаан алдахгүй ээ гэж гурван мянган цаг агаарт аваар, осолгүй ниссэн алдар гавьяагаараа тангараглая гэх нь сонсогдов.

Онгоц хөдөлгүүрээ асаан мотороо дээд эргэлтэд нь тултал, бараг их биенийхээ хэдэн мянган хадаасыг сугарч унатал хаазалж байснаа гэнэт эв хавгүй ухасхийн хөдөлж, дугуй нь газарт хүрч алдан туулайчлан дэгдэн гүйж явснаа арай ядан агаарт хөөртөл тас няс хийсэн аймшгийн чимээ гараад тэнцвэрээ алдан далавчаараа газар шүргэх нь холгүй далбисхийв. Цонхонд ойрхон суусан хүмүүс дуу алдан, одоо яанаа, төмөр утасны модон дундуур орчихлоо, онгоцны сэнс нь эргэж байна уу, үгүй юу очоод хараадах хэмээн шуугилдав. Гэтэл онгоцны дарга бухимдангуй дуугаар:

- Хойно амьд амьтан байвал энэ новшийг аваадах хэмээн хашгирав. Оюутан байрын хоёр залуу суудлаасаа ухасхийн босч хоёрдугаар нисгэгчийг чирэн гаргаж ирээд онгоцны шалан дээр хэвтүүлэв. Ухаан алдсан нисгэгчийг хараад айж, цочирдсон Батаа эмгэн цонхоор газар ширтэн хүүтэйгээ амьд мэнд уулзах хувь заяа байдаг болов уу, үгүй болов уу хэмээх түшгүүртэй бодолд дарагдан амандаа маань мэгзэм уншин эрхээ эргүүлж явтал, хэн нэг хүний халуун амьсгал чихийг нь сэрвэгнүүлэн:

- Эмээ та онгоц жолооддог уу гэж асуух нь тэр. Цочин харвал, нүднийх нь харц суларч, элий балай болсон онгоцны дарга дэргэд нь ирчихсэн зогсч байлаа. Батаа гуай сандарч:

- Чи юу ярьж байгаа амьтан бэ?

- Алив тэр онгоцныхоо жолоон дээр оч гэж цаашаа түлхвэл:

- Эмээ та онгоц барьдаггүй бол намайг ухаан алдаж унахаас өмнө, бууж, суух ганц хоёр, араа соёо заалгаад авчихаач дээ би одоохон ухаан тавилаа шүү гэж айлгав. Батаа эмгэн:

- Миний хүү холдоогүй дээрээ буудал дээрээ одоохон буцаад буучихвал яасан юм бэ гэвэл нисгэгч:

- Буучихвал танд надад өгөх архи байгаа юм уу

- Байнаа байна, энд байна

- Алив харъя. Батаа гуай гар цүнхээ яаран онгойлгож, авч явсан хэдэн лонх архиныхаа толгойг харуулав. Архины мананд төөрөлдсөн онгоц буудлынхаа дээгүүр хэдэнтээ эргээд эсэн мэнд газардахад айж цочирдон дуугаа хураасан хүмүүс сая ухаан орсон мэт ам амандаа:

- Энэ нисгэгч нар яасан хэнэггүй, хариуцлагагүй улс вэ, бидний амь насаар тоглож, үнхэлцэг хагалж алах шахлаа, алив явцгаая тэр дарга дээр нь оръё гэлцэн шуугилдаж, хойно урдаа орон жагсах нь холгүй явж, даргынх нь өрөөнд орвол, арслан шиг толгойтой, авдар шиг цээжтэй нэг согтуу офицер:

- Та нарыг амьд мэнд тоо бүрэн, толгой бүтэн газарт буулгасан нь буруутай юу, агаарт осолдож амь үрэгдсэн бол та нар хэнтэйгээ заргалдах юм бэ, гомдол мэдүүлж, гоншигноод гол чинь цохиод байвал онгоцондоо буцаад сууцгаа, одоохон би аваад нисье гэхэд орж ирсэн хүмүүсийн хэн нь ч дуугарсангүй.

Оршуулгын танхимд орж, талийгаачтай салах ёс гүйцэтгэсэн мэт чимээгүйхэн цувран гарцгаалаа.

Б.Догмид 

2020.04.16

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.91.117.4) 2014-05-24 23:44
      • 0
      • 0

      ашгүй дээ Хонгор нутгийн минь ус нь цэвэр байг

      Хариулах