ОХУ энэ лхагва гарагаас эхлэн Польш болон Болгар улсад хий нийлүүлэхгүй

Twitter Print
2022 оны 04-р сар 27-нд 11:16 цагт
Мэдээний зураг,

Оросын "Газпром" компани энэ лхагва гарагаас эхлэн Польш болон Болгарт хий нийлүүлэхээ зогсооно гэдгээ мэдэгдлээ. Польшийн эрчим хүчний төрийн өмчит PGNiG компани болон Болгарын Эрчим хүчний яам "Газпром"-ын мэдэгдлийг хүлээн авсан гэжээ.

ОХУ "нөхөрсөг бус" гэсэн тодорхойлолтонд багтсан улс орнуудаас байгалийн хий экспортын төлбөрөө зөвхөн ОХУ-ын валютаар буюу рублиэр төлөхийг шаардсан ба Польш, Болгар хоёр улс хоёулаа ОХУ-ын тавьж буй шаардлагад татгалзсан хариу өгсөн аж.

Польшийн эрчим хүчний PGNiC компанийн байгалийн хийн импортын дийлэнхийг ОХУ эзэлдэг ба энэ оны эхний хагаст импортлосон нийт байгалийн хийн 53 хувийг нь ОХУ-аас импортложээ. Болгар улсын хийн импортын 90 гаруй хувийг ОХУ-ын импорт эзэлдэг ч тус улсын эрх баригчид эрчим хүчний өөр эх үүсвэртэй болох алхмуудыг хийж эхэлсэн ба одоогийн байдлаар ямар нэг хязгаарлалт тогтоохгүй гэжээ.

Польш болон Болгарын эрх баригчид ОХУ-аас төлбөрийн шинэ систем нэвтрүүлж байгаа нь байгуулсан гэрээгээ зөрчсөн явдал хэмээн үзэж байна. Польшийн Уур амьсгалын яамнаас эрчим хүчний нөөц хангалттай байгаа, хэрэглэгчдийн хэрэглээнд хязгаар тогтоохгүй хэмээн мэдэгдсэн бол Польшийн Гадаад харилцааны орлогч сайд Марцин Пжидач ОХУ байгалийн хийн экспортоо хязгаарлаж болзошгүй гэж үзэн, бэлтгэлтэй байсан хэмээн энэ оны сүүл гэхэд ОХУ-аас хий импортлохоо зогсоохоор төлөвлөсөн байсан гэжээ.

Одоогийн байдлаар Польшийн байгалийн хийн нөөцийн агуулах 80 хувийн дүүргэлттэй байгаа аж. Польшийн хувьд Свиноуйсьце боомт хотод нь шингэрүүлсэн байгалийн хий хүлээн авах терминал байгаагаас гадна ирэх 5-р сарын 1-нд Литватай, ирэх 10-р сараас Норвегийн "Балтын хоолой"-той холбогдон, хий импортлох боломжтой болох аж.

ОХУ-аас импортлодог байгалийн хий нь Европын холбооны байгалийн хийн нийт импортын 40 орчим хувийг эзлэх ба ОХУ Украин руу довтолсноос хойш Европын улс орнууд ОХУ-ын эрчим хүчний импортоос татгалзах санал гаргасан билээ.

АНУ ОХУ-ын газрын тос, байгалийн хий, нүүрсний импортыг бүрэн хориглосон бол Их Британи ОХУ-ын газрын тосны импортыг энэ оны сүүлээр зогсоохоор болсон билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.