Америкчууд хөл хориог сулруулахыг шаардан жагсч байна

Twitter Print
2020 оны 04-р сар 20-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Аризона, Колорадо, Монтана, Вашингтон, Мэрилэнд, Индиана зэрэг хэд хэдэн мужуудад коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор тогтоосон хөл хорионы дэглэмийг цуцалж, аж ахуйн нэгжүүдийг нээхийг шаардан иргэд жагсчээ.

Тус улсад коронавирусын халдварын тархалт өндөр байгаа ч хөл хорионы дэглэмийг сулруулах, цуцлах суртал ухуулга нэмэгдэх хандлагатай байна. Нөгөөтэйгүүр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хөл хорионы дэглэмийг сулруулахыг дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа билээ. Тэрээр Миннесота, Мичиган, Виржиния мужуудад тогтоосон хөл хорионы дэглэм хэтэрхий "чанга" байна хэмээн өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн юм. АНУ-д коронавирусын халдварын 735 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, уг вирусын улмаас тус улсад 40 мянга гаруй хүн нас бараад байгаа юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар АНУ-д коронавирусын халдварын дэгдэлт оргил үедээ хүрсэн ба зарим мужуудад халдварын тохиолдлууд буурах хандлагатай байгаа аж. Үүнтэй холбоотойгоор зарим мужуудын удирдлагууд хөл хориог сулруулах, аж ахуйн нэгжүүдийг нээх тухай хэлэлцэж байна. АНУ-ын хамгийн олон хүн амтай Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом 3-р сарын 19-нөөс эхлэн муждаа хөл хорионы дэглэм тогтоосон билээ. Түүний араас 3-р сарын 23-наас эхлэн хөрш Вашингтон, Орегон мужууд мөн хөл хорио тогтоосон юм.

Coronavirus: Trump, protesters pressure U.S. governors to reopen ...

Нью Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомо тус мужид тогтоосон хөл хориог ирэх сарын 15 хүртэл сунгаж буйгаа мэдэгдсэн байна. Тэрээр коронавирусын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор ням гараг бүр хийдэг хэвлэлийн бага хурлын үеэрээ коронавирусын халдварыг бүрэн хяналтандаа авсан цагт л хөл хориог сулруулах тухай ярьж болно, тэр болтол иргэдийг анхаарал болгоомжтой байж, хөл хорионы дэглэмээ үргэлжлүүлэн барихыг сануулжээ.

Вашингтон мужийн амбан захирагч Жэй Инсли АНУ-ын Ерөнхийлөгч жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлсэн нь "аюултай" хэмээн онцолсон байна. Тэрээр, "Ерөнхийлөгч нь өөрөө иргэдийг хуулиа зөрчихийг өөгшүүлж байсан явдал АНУ-ын түүхэнд гарч байсныг би лав санахгүй байна." гэжээ. АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси ЭйБиСи сувагт өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Доналд Трамп хөл хорионы эсрэг иргэдийг жагсахыг зөвшөөрснөөрөө өөрийн буруутай үйлдлээсээ иргэдийн анхаарлыг сарниулахыг зорьж байгаа аж. 

Coronavirus: Some US states to reopen soon | News | DW | 18.04.2020

Түүний хэлж байгаагаар АНУ-ын Ерөнхийлөгч коронавирусын цар тахлын үеийн шинжилгээ, эмчилгээ, сэжигтэй тохиолдлыг олж илрүүлэх, хөл хорио тогтоох арга хэмжээг зохих ёсоор авч чадаагүй аж. Денвер хотод 200 орчим жагсагчид мужийн засаг захиргааны байрны гадаа хөл хориог эсэргүүцсэн утга бүхий уриа лоозон барин жагсчээ. Мэрилэнд мужийн Аннаполис хотод жагсагчид машиныхаа дуут дохиог хангинуулж, хөл хориог эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн бол Индиана мужийн амбан захирагчийн гэрийн гадаа 200 гаруй иргэд цугларчээ. 

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.