Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгохоор боллоо

Twitter Print
2022 оны 04-р сар 15-нд 16:55 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгохоор боллоо. Тодруулбал, төрийн байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдээс бусад ААН-үүдийн ажилтны төлдөг НДШ-ийн 50 хувийг сар бүр буцаан олгох нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахад УИХ-тай хамтран ажиллана. Нийгмийн даатгалын сан хүнд байдалд орсон. Хувийн тэтгэврийн сан, хуримтлалын нэгдсэн сан, НДС-г бодитоор мөнгөжүүлэх зэрэг НДШ-тэй холбоотой багц асуудлыг Засгийн газар, УИХ үе шаттайгаар авч үзнэ. Үүнд, дунд хугацаандаа реформ хийнэ. НДС-г мөнгөжүүлэхэд 21 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Тиймээс энэ асуудлыг Засгийн газар өнөө маргаашгүй шийдэж чадахгүй.

Гэхдээ нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг Хуримтлалын нэгдсэн сан руу оруулах, бодитоор мөнгөжүүлэх, мөнгөө орон сууц, боловсрол, эрүүл мэнддээ зарцуулж чаддаг байх тогтолцооны шинэчлэлийг хийнэ. Энэ хүрээнд бид судалгаа хийсэн. Ингээд он дуустал төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-үүдээс бусад ААН-үүдийн ажилтаны төлдөг НДШ-ийн 50 хувийг сар тутам буцаан олгохоор шийдлээ. Энэ бол хүнд үеийг давах арга хэмжээ гэж үзэж болно” гэлээ.

Сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол энэ хөнгөлөлтөд хамаарна.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд, газрын тос, уул уурхай, импортын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад ажилладаг бол нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтод хамаарахгүй. Бусад бүхий л байгууллагад ажиллаж буй ажиллагсад хамаарна. Нийгмийн даатгалын шимтгэл буюу тухайн ажилтны өөрийнх нь төлдөг хувийн 50 хувийг сар бүр буцаан олгох юм. Сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа бол энэ хөнгөлөлтөд хамаарна. ЭМДШ үүнд ороогүй. Энэ бол хүндрэлийн үеийн түр зуурийн арга хэмжээ. Цаашид нийгмийн даатгалын реформыг хийх зайлшгүй шаардлагатай. НДШ-ийн хувь хэмжээг бууруулахаас илүү эхний ээлжид үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, санхүүгийн хэрэгслийг илүү оновчтой ашиглах тал дээр анхаарах ёстой. Алдагдлыг бууруулах ёстой. Мөн олон давхаргат тогтолцоонд шилжинэ” гэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.