"Мал дээр” гэдэг нь хийх зүйлгүй, ажил, амьдрал муудсан гэсэн санаа бололтой...

Twitter Print
2021 оны 04-р сар 05-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

МАЛ ДЭЭР

Биднийг багад хүүхдүүдийг онц, дунд, муу сурдаг гэж гурав ангилдаг байлаа. Хүүхдүүд хоорондоо муу сурсан нэгнээ “Мал дээр гар” гэж доог тохуу хийнэ. Багш нар ч мөн ялгаагүй. Чи ингэж сурсан юмгүй дэмий сэлгүүцэж байхаар мал дээр гар гээд хөөх нь холгүй.

“Дэгээ төмөр шиг хоёрын тоо

Дэгдээд ирлээ цаанаас чинь

Гүйцлээ шүү, гүйцлээ шүү, гүйгээрээ” гээд Н.Содномдорж гуайн зохиосон шүлэг (дуу) хүртэл байлаа.

Онц сурах нөөцтэй ч хоёр авчихсан найзуудаас маань мөн ч олон хүн мал дээр гарсан даа. Эрт мал дээр гарчихсан хүүхдүүдийг автоматаар муу сурдаг гэж хүн амьтан бодно. Хот айлын ах нар “за яасан муу сураад хүрээд ирсэн үү” гэж тавлана.

Тохой залгаж суудаг нэг найзыг маань аав нь сургуулиас гаргахаар иржээ. Багш нарын конторт “архичин та нараар хичээл нэртэй хог заалгаж байснаас амьдралын ухаан өөрөө заасан нь дээр” гээд тас хэрэлдээд аваад явсныг санаж байна. Аргагүй дээ тэр үед багш нарын цалинг заримдаа архиар тавьдаг байлаа. Улс орноороо шахуу согтуу байсан нийгэм дээ. Социализм задарч зөв буруугаа ялгахаа байсан ард түмэн юу ч байсан малаа бараадъя гэсэн сэтгэхүйтэй байсан. Нүүрс түлж дулаацдаг хүйтэн ангид бээрч суухын оронд мал дээр гарчих юмсан гэсэн бодол бидэнд маш их байлаа. Заримдаа гар бээрнэ. Бал царцаад гарахгүй байх нь энүүхэнд. Хичээлийн дундуур гараа үлээж дулаацна.

Ангийн урд хэсгээр галд ойрхон гээд охидоо суулгана. Араар мэдээж мань мэт бээцийнэ. Данхар толгойтой гээд би бүр хамгийн ард цөлөгдөнө. Банди нар суудаг хэсгээ “антарктид” гээд нэрлэчихсэн. Хүйтэн гэж найгүй. Даарахын эрхээр дөчийн бетон шиг цагаан эсгий гутал өмсөнө. Биенийх нь тал эсгий гуталруугаа орчихсон юм шиг инээдтэй харагддагсан. Охид нь ногоон, хөвгүүд нь ягаан дээлтэй. Кинон дээр гардаг 1930–аад онд амьдраад байгаа юм уу даа бараг.

Ингэж зутарч байхаар “шилбүүрийн дээд”-дээ явдаг юм билүү гэж хоорондоо ярилцана. Шилбүүрийн дээд гэж мал дээр гарахын өөр нэг нэр. Сумын төвийн хүүхдүүд сонголт байхгүй хичээлдээ явна. Бакалны түрийнд хоёр дэвтэр нугалаад чихчихсэн ангид ирнэ. Зарим хүнд гарууд дэвтрийн эхнээс математик, дундаас нь уран зохиол, араас нь зургийн хичээл эхлэчихсэн тууж явна. Дэвтэртээ баахан он, сар, өдөр дарааллуулж тавьснаас өөр юу ч бичээгүй хүндийн хүндүүд бас цөөнгүй. Гурван сурагчийн дунд нэг ном өгнө. Хоёр нь огт хичээл хийдэггүй нөхдүүд тул ганц хүн л тэр номыг ашиглана. Намар авсан номоо хавар буцааж хураалгадаг байлаа.

Бидний үеийнхэн хичээл тараад зодоон цохион, хулгай зэлгий гээд бидэнд хийхгүй юм гэж үгүй. Ёстой завхарсан даа. Ах нар наймдугаар анги төгсөөд шууд гудамжинд гарсан. Сумын төвөөр дүүрэн яахаан мэдэхээ байсан залуучууд хөлхөлддөг байлаа. Сайн нь найрка ууж, гитар тоглоно. Муу нь элдэв хэрэг төвөг хийх нь энүүхэнд. Олон ч ах нар орон, шоронд явсан даа.

Нэгдүгээр ангид орсон 72 хүүхдээс 21 хүүхэд л наймдугаар ангиа төгсөж байлаа. Наймдугаар ангиа төгссөн хүүхдүүдээс цаашаа арван жил, их сургуульд явсан нь хуруу дарам цөөн. Бидний бүхэл бүтэн үе буюу арван жилийн амьдрал улс орны хөдөөд ийм байсан нь маргаангүй. Монгол бичгээр эхэлж, латин, кирилл үзээд алиныг нь ч олигтой сурч чадаагүй үеийнхэн билээ бид.

Ангийн хорин жилийн уулзалт гэж болов оо. Мал дээр гарсан ангийн охид арай оворжуу харагдана. Нар салхинд гандаад аргагүй дээ. Та нар царай зүс гайгүй байна, ёстой овор алга гээд ярьж суутал Болдоо туучий орж ирснээ “за энэ хаанахын буурайнууд вэ, золгочих уу” гээд хэлэх жишээний. Тэр угаасаа л хамаг юмыг будлиулж явдаг хүн. Багадаа мал дээр гарсан ангийнхан маань тунчиг сайн явна. Аймаг, улсын аварга малчин хоёр, мянгат малчин бүр хэд хэд байх. Харин суурин газар бараадсан нэртэй мань хэд нь олигтой гавьсан юмгүй. Товчхондоо ам бардам гуя шалдан. Ангийн уулзалтад хотоос ирсэн нэртэй бид хэд шиг бүдүүлэг хүмүүс үгүй. Эрээ цээргүй донгосч, элдэв хараал хэлэх нь энүүхэнд. Аяга тагш юм уучхаад хоорондоо хэл үг гаргах нь өнөөх л бид нар. Гэтэл хөдөөний найз нар маань уул лугаа юм. Уусан ч идсэн ч нэг л зангаараа. Үг цөөн ч утга ихтэй. Суурин газрын бид ус шиг урсамтгай билээ. Тогтож сууж чадахгүй тонгочиж, тоймгүй олон ааш аяг гаргана. Хоол буцлах хооронд хөл эцэж, сэтгэл чилнэ.

Хэдэн жилийн өмнө дэлхий сөнөнө гээд бөөн юм болцгоогоогүй юу. Бүр Монголын цагаар шөнийн 00 цагт сөнөхөөр яригдчихсан байв. Хотын зарим хүмүүс лаа, чүдэнз зэхээд хөдөө гарсан сураг хүртэл дуулдсан. Миний мэдэхийн тэр өдөр маш олон хүн хөдөөний айлд гийчилж очсон байдаг юм. Тухайн үеийн манай еөк цаатны урцад хонож байна гэсэн хэл ам хүртэл гарсан. Амьд, мэнд гарахын тулд хүмүүс хөдөө явсан тухай нэг хэсэгтээ л шуугисан даа.

Өнгөрсөн жил корона вирус Хятадад гарч байхад бид бүгдээрээ бүрхэг мэдээлэлтэй байлаа. Хүмүүс пид пид гээд л унаад үхэж байна хэмээн сошиалаар цуураад л. Нээрээ тийм бичлэг хүртэл тарсан санагдана. Тэр үед бидний хэсэг найзууд буу халсан юм. “Монголд уг өвчин дэлгэрээд хаа хамаагүй унаад үхээд эхлэбэл яах вэ” гэдэг сэдвээр...

Эмнэлэг ачааллаа дийлэхээ байгаад хаа сайгүй хүмүүс үхэж эхэлнэ. Цахилгаан станц, усан хангамж, нисэх буудал, төрийн ордон, үндэсний телевиз гэх мэт гол стратегийн объектоо цэргийнхэн хамгаалах гэж үзнэ. Хэсэг хугацааны дараа хүнсний хомсдол үүсч хотод эмх замбараагүй байдал бий болно. Хүмүүс үхээд эхлэхээр массын сэтгэлзүй өөрчлөгдөж яахаас буцахгүй болно. Дээрэм тонуул энүүхэнд. Үүнийг зогсоохын тулд хүч хэрэглэхээс өөр гарцгүй. Хүч хэрэглэх нь өөрөө нийгмийн үймээн самууныг туйлд нь хүргэж сүйрэл авч ирнэ. Хот цахилгаангүй болоход усгүй болно. Ингээд л Улаанбаатар хот хэнд ч хэрэггүй балгас болж хувирна. Манай хот хоёр сарын дотор сүйрэх юм байна.

Хэдүүлээ амьдрахын тулд яах вэ? Хөдөө гарахаас өөр сонголтгүй. Портер гурил будаа ачаад хөдөө найзындаа яваад очиход гурван жил амьдарна даа. Юун гурван жил. Бид нүүдэлчид. Хэдэн мянган жил дэд бүтэцгүй амьдарч ирсэн улс. Ёстой асуудал байхгүй. Бөөнөөрөө тариа ногоо тариад малаа өсгөөд амьдарч чадна. Харин ч гоё юм биш үү. Элдэв стерээс, дарамт байхгүй. Уулнаасаа сонгино, сармисаа түүгээд махтайгаа холиод идчихнэ. Ан гөрөө хийнэ. Буу хэрэгтэй юм байна шүү. Гол нуур, булаг шанд нь урсаж байна. Ер нь явж явж дэлхий эвгүйтвэл Монголчууд бид амьд үлдэх юм биш үү, үхсэн... Бидний энэ үхэн хатан зүтгээд байгаа байр, машин цагаа тулбал зүгээр хог болох нь байна ш дээ. Харин тийм. За хэнийхийг бараадах уу? Гэсэн яриа өрнөж билээ.

Аз болоход хүн төрөлхтөнд дээрх яриа шиг гай тохиолдсонгүй. Гэхдээ цаашид биднийг юу хүлээж байгааг хэн ч мэдэхгүй. Цар тахал өвчнийг бүхий л улс орны удирдагчид өөрсдөдөө ашигтайгаар ашиглахыг оролдлоо.

Өвчин үнэхээр аймшигтай байгаад дэлхий нийтээрээ зүтгэж байж ард нь гарч байна гэх мэт эсрэг, тэсрэг мэдээллүүд тоймгүй. Өнгөрсөн хугацааг харвал төр засгийн шийдвэрүүд ямаа шиг зөрүүдэлж, тэмээ шиг удаан хэрэгжиж, өвчлөл нь адуу шиг хурдан өсөж эрх баригчид үхэр шиг мөөрөлдсөн дөө. Иргэд харин хонь шиг л дуугүй байлаа даа гэж манай Дөөк найз хэлж суусан.

Монгол улсын иргэд ээ!

“Бидэнд хамгийн хүнд цаг үе одоо ирж байна. Төр засаг маань энэ өвчинтэй байдаг чадлаараа тэмцлээ. Одоо зөвхөн иргэддээ л найдах үлдлээ. Цаашид хэн халдвар авч, хэн үхэх сэхэхийг зөвхөн та нар өөрсдөө мэднэ. Эрсдэлтэй хүмүүсээ иргэд маань өөрсдөө хамгаалаарай. Өвөө эмээ, аав ээждээ халдвар тараахгүй байх нь та нарын сахилга батаас шалтгаална. Бүх дэглэмээ бариарай. Улс орноороо вакцинжуулах ажлаа төр засгийн зүгээс хамгийн хурднаараа хийж эхэлнэ. Бид цаашид эх орондоо амьдрахын тулд эдийн засгаа сүйрүүлж болохгүй.

Тодорхой эрсдэл, үхэл зовлон өвчний үед мэдээж гарна. Үүнд зөвхөн төр засаг буруугүй ээ. Сайн цагтай золгоход гуравхан сарын хугацаа үлдлээ. Энэ хугацаанд эдийн засаг, эрүүл мэндээ хамтын хүчээр аваад гаръя. Дэлгэр сайхан эх оронд минь урин цаг иржээ. Удахгүй зун болж цэцгийн гурван сар эхэлнэ. Хотол олноороо, ах дүүгээрээ, найз нөхдөөрөө эх орноороо аялах сайн цагийн гэгээ татаж байна. Энэ жил бид ардын хувьсгалын зуун жилийн ойгоо тэмдэглэнэ. Монгол хүн бүр тэр өдөр аз жаргалтай байна гэдэгт итгэж байна”. Гээд бидний зүрх сэтгэлд гэрэл асаачих хүн байхгүй юм байх даа. Нэг тийм юм дутаад л байгаа. Ард түмнийхээ зүрх сэтгэлд итгэл найдвар бэлэглэх удирдагч хаана байна вэ?

Саяхан найзуудаараа маазарч суутал “МАЛ ДЭЭР” гэдэг үгийг залуус өргөн хэрэглэдэг болсон тухай ярив. Юу байна хөгшөөн гэхээр өнөөх нь “Өө мань мал дээр” гэж хариулдаг болсон гэнэ. Цаад утга нь хийх зүйлгүй ажил, амьдрал муудсан гэсэн санаа бололтой. Бүр гүнзгий утга нь бид улсаараа ядарвал хэдэн мал маань л хэрэг болох юм уу даа. Урагшаа, хойшоо хүний алга дэлгэхдээ бид 30,000 хониороо л нүүр тахалсан. Цар тахлын хэцүү цагт хүнсний хэрэглээгээ бид махаараа л давж байна. Малчингүй, махгүй байсан бол бид хэрхэх бол...?

Хэдхэн хоногийн өмнө Монголын нутгаар маш хүчтэй шуурга болж арваад малчин эндсэн аймшигт мэдээ сонслоо. Дөрвөн хананы дунд фермийн мал шиг болтлоо хоригдсон хотын бид сошиалаар цэцэрхэж л суусан. Цаг агаарын мэдээ зарлаад байхад л манай малчид ийм тэнэг, яасан аминдаа хайргүй юм бэ, хөдөөнийхөн угаасаа тэнэг ш дээ, эцсийн эцэст малаас илүү хүний амь чухал ш дээ гэсэн сэтгэгдэл хаа сайгүй хөвөрнө.

Үгүй юмаа. Цаг агаарын мэдээг сонслоо гээд бүх малаа хаших боломж байхгүй. Малдаа, аминдаа хайргүй хүн гэж үгүй. Яаж ч хичээсэн эрсдэл үүснэ. Малаа хашлаа гэхэд нураад л унана. Цор ганц амьжиргааныхаа араас зүтгэхгүй малчин хүн гэж байхгүй. Нэгнийх нь гэр ойчно, мал нь уруудна, айл саахалтын амь нэг гээд хойноос нь хөдөлнө. Мал дагах нь суурин амьдралтай бид нарын худаг, дэлгүүр орохоос хэтийдсэн хүнд хөдөлмөр. Үүнийг мэдэх хүн л мэднэ.

Захын малчны хотноос сансрын нисэгч, олимпийн аварга, эрдэмтэн мэргэд төржээ гэж бид ярьж, бичдэг. Малчны хот гэж жаахан газраас их хүмүүн төржээ гэсэн санаа.

Огтхон ч үгүй. МЭӨ 3-4 жилийн түүхтэй “Малчны хот” гэдэг өөрөө аугаа газар юм. Өнөөгийн Монголчууд бүгдээрээ тэнд төрсөн юм. “Сайхан зусаж байна уу” хэмээн дэлхий ярьж мэндчилдэг цор ганц үндэстэн бол Монгол малчин билээ.

Одоогоос гучин жилийн өмнө мал дээр гарсан ангийн найз намар ярьж байсан. Эвгүйтвэл ангийнхаа бүх хүүхдүүдийн махны хэрэглээг хоёр жил үнэгүй даая, та нар ирээд аваарай гэж билээ.

Ковидоос хойш надад гүн гүнзгий нэг л итгэл үнэмшил төрсөн. Зундуйн Дорж найрагчийн хэлсэнчлэн “Хэл, хил, мал” гурваас бусад нь бидний өмч биш юм байна гэж. Мал нь хүртэл дураараа бэлчдэг эрх чөлөөтэй эх оронтой билээ. Энэ зун эхнэр, хүүхдүүдтэйгээ “МАЛ ДЭЭР” зусна аа... Зургаан сарын зунтай золгоход эх орон минь халиуран ногоорно. Морио эмээллэх цаг мөдхөн айсуй...

Аавыгаа ямар үзэл бодолтой хүн болохыг нь хожим энэ номоос олж уншиг гэж Зөнсөд, Гүнсод, Сүндэрлэн, Оргилуун, Өргөнхангай нартаа зориулав. Бүтэлтэй, бүтэлгүй амьдралын минь “эх уурхай болсон” бүх найзууд маань эхнэр бид хоёрын эрхэм баялаг билээ.

Эх сурвалж: Шагж гэлэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.