Amnesty International: Саудын Арабад цаазын ял гүйцэтгэх явдал нэмэгдсээр байна

Twitter Print
2020 оны 04-р сар 21-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Хүний эрхийн Amnesty International төрийн бус байгууллагаас мэдээлж байгаагаар дэлхий дахинаа цаазын ял гүйцэтгэх явдал буурах хандлагатай байгаа аж.

Нөгөөтэйгүүр Саудын Арабын Хаант улсад цаазаар авахуулсан иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь сэтгэл түгшээж байгаа тухай Amnesty International байгууллагын Судалгаа хариуцсан захирал Клэр Алгар онцолжээ. 2019 онд Саудын Арабд 184 хүнийг цаазаар авсан нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт бол Иракт 2019 онд 100 хүнийг цаазаар авсан нь 2018 оныхоос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Иран улс 2019 онд нийт 251 хүнийг цаазаар авч, цаазаар авахуулсан иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж байна.

Amnesty International байгууллагын судалгаагаар дэлхий даяар цаазын ял гүйцэтгэх явдал дөрөв дэх жилээ дараалан буурсан үзүүлэлттэй гарсан ба 2019 онд нийт 657 хүн цаазаар авахуулсан нь 2018 оны үзүүлэлтээс 5 хувиар багассан үзүүлэлт аж. Нөгөө талаас тус байгууллагаас гаргасан судалгаанд цаазаар авсан иргэдийнхээ тоо, баримтыг улсын нууцад хамааруулдаг БНХАУ багтаагүй байна. Amnesty International байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тус улсад жил бүр хэдэн мянган хүнийг цаазаар авдаг гэнэ.

Түүнчлэн Иран, Хойд Солонгос, Вьетнам зэрэг улс орнуудад цаазын ял гүйцэтгэлийн тухай мэдээлэл хязгаарлагдмал байдаг болохыг Amnesty International онцолжээ. Тус байгууллагын Судалгаа хариуцсан захирал Клэр Алгар, "Цаазын ял нь хүнлэг бус, жигшим шийтгэл юм. Цаазын ял нь хорих ялаас илүү гэмт хэрэг буурахад нөлөөлдөг гэсэн баталгаатай баримт нотолгоо байхгүй. Үүнийг дийлэнх улс орнууд ойлгож, дэлхий даяар цаазын ял гүйцэтгэлийн тоо буурсаар байна. Гэсэн хэдий ч цөөн тооны улс орнууд цаазын ялаас татгалзах дэлхийн чиг хандлагыг үл ойшоож байна." хэмээн Саудын Арабад цаазын ял гүйцэтгэх явдал нэмэгдсээр байгаа нь маш ихээр түгшээж байгааг онцолжээ.

Amnesty: Saudi Arabia executed record number of people in 2019 ...

Саудын Арабын Хаант улс 2019 онд 178 эрэгтэй, 2 эмэгтэйг цаазаар авсан ба тал нь гадаадын иргэд байжээ. Цаазаар авахуулсан иргэдийн дийлэнх нь хар тамхи, мансууруулах бодис болон аллага үйлдсэн хэрэгт холбоотой байсан байна. Amnesty International байгууллагаас Саудын Арабын Хаант улс цаазын ялыг шийтийн цөөнхүүдийн эсрэг улс төрийн зэвсэг болгон ашиглах нь нэмэгдэж байгааг мөн онцолжээ.

Иракт 2019 онд цаазаар авсан иргэдийн тоо хоёр дахин нэмэгдсэн явдалд цочирдсон хэмээн Клэр Алгар мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар тус улсад цаазаар авсан иргэдийн тоо нэмэгдсэн нь Исламын улс алан хядах бүлэглэлийн гишүүдийг олноор нь цаазалсантай холбоотой аж. Өмнөд Суданд 2019 онд 11 хүнийг цаазаар авсан нь тус улс 2011 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүнчлэн Йеменд өнгөрсөн жил 7 хүнийг цаазаар авсан нь 2018 оны үзүүлэлтээс нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж.

Amnesty: Saudi Arabia executed record number of people in 2019 ...

Дэлхийн даяар цаазын ял гүйцэтгэлийн тоо буурсан явдалд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлжээ. Үүнд Египт, Япон, Сингапурт цаазын ял гүйцэтгэх явдал огцом багассан явдал, 2017 онд хар тамхины эсрэг хуульдаа өөрчлөлт шинэчлэлт хийсэн Иранд цаазын ял гүйцэтгэх явдал хоёр дахь жилээ дараалан буурсан явдал тус тус нөлөөлсөн байна. Өнгөрсөн жил Афганистанд 2010 оноос хойш анх удаа нэг ч хүнийг цаазаар аваагүй ба Тайвань, Тайландад ч мөн цаазын ял гүйцэтгээгүй өнжжээ. . Дэлхий даяар 106 улсад цаазын ялыг хуулийн дагуу халаад байгаа байгаа билээ. 

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.