В. Путин, Ши Жиньпин нар "Их-20"-ийн уулзалтанд оролцоно

Twitter Print
2022 оны 08-р сар 19-нд 13:18 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар ирэх 11-р сард Индонезийн Бали арал дээр болох "Их-20" -ийн уулзалтанд оролцох тухай Индонезийн Ерөнхийлөгчийн зөвлөх мэдэгджээ.

Индонезийн Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга асан, Ерөнхийлөгч Жоко Видодогийн албан бус зөвлөх Анди Виджажанто Ройтэрс агентлагт өгсөн ярилцлагадаа, "Ерөнхийлөгч Жоко Видодо надад Ши Жиньпин, В. Путин хоёр хоёулаа Балид болох уулзалтанд ирнэ гэж хэлсэн." хэмээн дурджээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхийлөгч Жоко Видодо Блүүмбэрг Ньюст өгсөн ярилцлагадаа В. Путин, Ши Жиньпин нар Балид болох уулзалтанд ирнэ гэдгээ амласан тухай дурдсан байна. Хятадын Гадаад харилцааны яамнаас энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүй бол Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Блүүмбэрг Ньюст тайлбар өгөхөөс татгалзжээ.

Нөгөө талаас Кремлийн нэгэн эх сурвалж В. Путин "Их-20" -ийн уулзалтанд өөрийн биеэр оролцоно хэмээн мэдээлжээ. Ши Жиньпиний хувьд энэ нь 2020 оны 1-р сард Мьянмарт айлчилснаас хойш гадаадын улсад айлчилсан анхны айлчлал болох юм.

Ирэх 11-р сард болох "Их-20"-ийн уулзалтаас өмнө Ерөнхийлөгч Ши Жиньпин 5 жилд нэг удаа болдог эрх баригч Коммунист намын чуулганы үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгчөөр 3 дахь удаагаа томилогдох явдлаа баталгаажуулах төлөвтэй байгааг олон улсын ажиглагчид онцолж байна.

Коммунист намын чуулганы тов тодорхой болоогүй байгаа ч өмнөх жилүүдийнх 10-р сарын сүүл, 11-р сарын эхээр зарлагдаж байсан билээ.

Түүнээс гадна Хятадын албаны хүмүүс 11-р сард Зүүн Өмнөд Азийн аль нэг улсад Ерөнхийлөгч Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын хооронд уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Энэ жилийн "Их-20" -ийн уулзалтыг зохион байгуулж байгаа Индонези улсад барууны орнуудаас дарамт шахалт ихээр ирж байгаа ба Украинд явуулж буй дайнтай нь холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинг "Их-20"-ийн уулзалтанд урихгүй байхыг шаардаж байгаа юм.

Индонезийн зүгээс Балид болох уулзалтандаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг мөн урьсан аж. Ерөнхийлөгч Жоко Видодо сүүлийн саруудад эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, Украин болон ОХУ-ын төрийн тэргүүнүүдтэй уулзаж, дайнаа зогсоохыг уриалж, дэлхий дахинд тулгараад буй хүнсний хямралтай тэмцэхэд хувь нэмрээ оруулахыг хүссэн ба Украин болон ОХУ-ын тал Индонезийг "энх тайвны гүүр" гэж хүлээн зөвшөөрсөн гэжээ.

Эх сурвалж: reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.