Хүний сэтгэл хэзээ ч сохордоггүй

Twitter Print
2014 оны 05-р сар 26-нд 17:18 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн өдрүүдэд нийтийн сүлжээгээр хоёр гаргүй Ази тамирчинд ус уулгаж байгаа Африк тамирчны зураг тархаж олны талархал, хайрыг хүлээгээд байгаа. Харин энэ сайхан сэтгэлт эмэгтэй бол Кени улсын хөнгөн атлетикийн шигшээ багийн  тамирчин Jackline Kiplimo юм байна. Энэ зураг тархаж олны анхааралд орсны дараа Кени улсын Төв телевиз тамирчны гэрт очиж сурважилжээ. 

Энэ зураг 2011 онд Тайванд болсон 10,000 долларын бай шагналтай, 42 км-ийн марафон гүйлтийн үеэр авсан зураг юм байна. Тэмцээн эхлээд 8 орчим км үлдэж байхад тэмцээнийг хошуучлан хол тасархай түрүүлж явсан, Кени улсын марафон гүйлтийн алдартай тамирчин Jackline Kiplimo ам нь цангаж ядарсан, хоёр гаргүй Хятадын тамирчин хүчээ шавхан гүйж явахыг харжээ. Jackline Kiplimo огтхон ч эргэлзэлгүйгээр зогсож, түүнд ус өгч, амных нь цангааг тайлж хүч сэлбэж өгөөд цааш үргэлжлүүлэн гүйжээ. Тэгэхдээ хол тасархай түрүүлж явсан тул урд орсон хүмүүсээ ядах юмгүй гүйцнэ гэдгээ ч тооцоолоод амжжээ. Гэсэн ч Jackline түрүүлж чадалгүй 2-р байранд орж, бай шагналын 10,000 долларгүй хоцорчээ. Түүний оронд нутаг нэгт марафон гүйлтийн бас нэгэн алдартай тамирчин Emily Samoei түрүүлжээ.

Энэ тухайгаа тэрбээр "Тэр өдөр тун ч халуун, чийгтэй бүгчим байсан. Бүгд л ядарч, ам хатаж байсан. Хэдийгээр 5 км тутамд ус түгээж байсан боловч тэр тамирчин хоёр гаргүй болохоор яаж уух билээ дээ. Түүнд хэн нэгэн туслах хэрэгтэй байсан. Харин би түүнд хэрэгтэй үед нь тусалсан болохоор өөртөө хэзээ ч харамсдаггүй. Хар, цагаан, шар хэн ч бай бид нэг л заяатай хүмүүн төрөлхтөн. Бид бие биендээ харамгүй туслаж байх ёстой. Надад хүнд тусла гэж Бурхан хоёр гар, эрүүл бие заяасан байна шүү дээ" гэсэн байна.

Кени улс бол холын зайн гүйгчдээрээ дэлхийд хэнийг ч урдаа гишгүүлдэггүй орон юм. Дэлхийд нэр алдар нь цуурайтсан Lydia Jerome, Moses Kiptanui and Sharon Jerop гээд олон холын зайн гүйлтийн тамирчид энэ улсаас төрөн гарсан билээ.

Тэмцээний дараа Хятадын тамирчин түүнийг хайж олоод талархалаа илэрхийлж, гэр бүлийнхэнтэйгээ хүртэл танилцуулсан байна. Гэвч бид хэлний бэрхшээлээс болоод сайн ойлголцож чадаагүй, жилийн дараа болсон өөр нэг марафон гүйлтийн үеэр Хятадын тамирчин түүнийг бас л хайсаар олж уулзсан байна. Түүнээс хойш сураг тасарсан хэмээн Jackline бас дурсчээ.

Түүний нөхөр Fredrick Kiplimo мөн Кенийн алдарт тамирчин юм байна. Тэд нэг хүүхэдтэй гэнэ. Хэдийгээр бид дуртай зүйлээ хийж олон улс, тив дэлхийд алдар нэрээ гаргаж байгаа ч улсын маань эдийн засгийн чадвар муу, мөнгө санхүүгийн асуудлаас шалтгаалан бидний дасгал сургуулилт хийх байр сав, нөхцөл бололцоо, хангамж муу байдаг хэмээн алдарт тамирчин бас хэлсэн байна. Тэрээр Кени улсын Вест Покот хэмээх мужид 8 хүүхэдтэй айлд төржээ. Бүр жоохон байхаасаа гүйж эхэлсэн тэрээр 2007 оноос эхлэн 21, 42 км-ийн холын зайд уралддаг болж, улмаар улсын шигшээ багийн тамирчин болсон байна. 

Хичнээн өрсөлдөн тэмцэлдэж байвч хүний сайхан сэтгэл хэзээ ч сохордоггүй гэдгийг харуулж, олон хүнд үлгэр дууриал, бахархал болж байгаа Кени тамирчинд олон хүн талархаж, сэтгэлийн үгээ харамгүй илгээжээ. 

 

Ц.Мөнхбаяр

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.4) 2014-05-26 22:15
      • 0
      • 0

      Goe medee baina. Hunii setgel gej iim l baidag yum daa. Kenya uls yaduu, ene tamirchind ter 10 myangan dollar yamar ih hereg noloh baisnyg tosoolshgui. Ingeed bodohoor hun gedeg aguu yum daa. Bayar hurgeye. Iim saihan chanar uul ni Burhan hun bolgond zayasan ch haramsaltai ni sanaatai, sanamsargui bid martaj l orhidog.

      Хариулах