Төрийн ордонд заларсан 1400 жилийн өмнөх МОНГОЛ ХЭЛ

Twitter Print
2020 оны 04-р сар 15-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Дараах олдворууд нь монголчууд эртнээс нааш үсэг бичгийн өндөр соёлтой ард түмэн болохыг нотолсон. Алтайн хэлний бүлэг дотор монгол хэлний байр суурь өөрчлөгдөж байна гэсэн үг юм. Эрдэмтэдийн үзэж буйгаар, Түрэгүүдээс өмнө төр улсаа засаж байсан Жужанчууд монгол хэлээр ярьж байсан, жужанчуудын шууд өвөг дээдэс болох Хүннүчүүд ч монгол хэлээр ярьж байсан байх магадлал өндөр болж байгаа ажээ.

Эртний монгол хэл бичгийн соёл гэгдэх 3 олдвор одоогийн байдлаар олдоод байгаа билээ. Олдсон дарааллаар бол,

1. ОХУ-ын Эрмитаж музейд жинхэнэ олдвор нь хадгалагдаж буй “Чингисийн чулууны бичиг” бөгөөд 1919 онд Аргун голын эрэг дээрээс Оросын эрдэмтэн Спаский олсон гэдэг. Чингис хааны ач Есүнгэ 330 алд газар харвасан тухай эртний уйгаржин монгол бичгээр бичигдсэн байдаг.

2. 584 оны үед бичигдсэн “Бугатын гэрэлт хөшөө”-нд согд хэлээр, мөн брахми бичгээр бичсэн эртний хоёр бичээс бий. Эдүгээ Архангай аймгийн Цэцэрлэг хот дахь хуучнаар Заяын гэгээний хүрээний хашаанд буй. 1956 онд археологич Ц.Доржсүрэн илрүүлсэн бөгөөд одоогоос 1440 орчим жилийн өмнө бүтээгдсэн эл хөшөөний оройн хэсэгт “хүүхэд хөхүүлж буй чоно”-ын дүрс бий. Түүнээс доош брахми бичээсээр бичигдсэн монгол хэлний үгс гурван талд нь сийлэгдсэн.

3. 630 онд хамаарах Хүйс толгойн бичээсийг “монгол хэлний дурсгал” гэдгийг тогтоогоод байна. Булган аймгийн Могод сумын Хүйс толгой хэмээх газраас анх 1967 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Д.Цэнд ахлагчтай судалгааны анги илрүүлсэн байдаг. 1972 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн ЭША М.Шинэхүү судалж эртний брахми бичиг буюу эртний монгол бичээс болохыг тогтоожээ. Тус бичээсийг 2014 онд Монгол болон олон улсын эрдэмтэд тайлж уншсанаар Түрэгийн эзэнт улсын эхэн үед бичсэн болохыг тогтоосон. Түрэгийн хааны нэр, цолоос гадна өмнөх үеийн Жужаны төрт улсын үеийн Анахуэй хааны нэр ч бичигдсэн байжээ.

Buyan Choi-н зураг.

Дашрамд дурдахад, Түрэгийн хүн амын дийлэнх нь Тэлэ, Тэлэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойч үе, Уйгар нь Тэлэ-гийн хойчис хэмээн “Хуучин Тан төрийн бичиг” дэх Уйгарын шастирт бичигдсэн байдаг ажээ.

Өндөр нь 150см, өргөн нь 40см чулуун дээр 11 мөр бичигдсэн тус бичээсээр дамжуулан монголчуудын хэл соёл, түүх, гадаад харилцаа холбоог судлах боломжтой хэмээн үзжээ. Тус гайхамшигт гэрэлт хөшөөг 2019 оны 11 сарын 25-нд Төрийн ордонд залж байрлуулсан юм.

Ч.Буянбадрах 

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.