Зэвсэг нийлүүлэх асуудлаар Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилж болзошгүй байна

Twitter Print
2023 оны 09-р сар 05-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

BBC агентлагийн мэдээлж байгаагаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сард ОХУ-д айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар төлөвлөжээ. Уулзалтын үеэр төрийн тэргүүнүүд Москвад зэр зэвсэг нийлүүлэх асуудлыг хөндөнө гэсэн хүлээлттэй байна.

Одоогийн байдлаар уулзалтын тов болон байршил тодорхойгүй байна. Нью Йорк Таймс сонинд бичсэнээр Хойд Солонгосын удирдагч ОХУ-д хуягт галт тэргээр хүрэх өндөр магадлалтай аж.

Өнгөрсөн долоо хоногт Цагаан ордон ОХУ болон Хойд Солонгосын зэр зэвсгийн хэлэлцээр эрчимжсэн тухай онцолсон билээ.

АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн мэдээлснээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Хойд Солонгост хийсэн айлчлалынхаа үеэр Пхеньяныг Москвад их бууны сум худалдахыг ятгасан аж. Түүний хэлснээр С. Шойгугийн айлчлалын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулах тухай захидал солилцсон аж.

Нью Йорк Таймс сонинд бичсэнээр Ким Жон Ун, В. Путин хоёрын уулзалт Оросын зүүн эргийн Владивосток хотод болох магадлалтай бөгөөд тус сонины сурвалжлагч Эдвард Вонг BBC агентлагт өгсөн ярилцлагадаа өнгөрсөн сард Хойд Солонгосын албан тушаалтнууд Владивосток болон Москва хотод айлчилсан тухай дурджээ. Түүний хэлснээр тэдгээр албан тушаалтнууд дунд төрийн тэргүүний айлчлалын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хүмүүс багтсан байжээ.

Эдвард Вонгийн ярьснаар Пхеньян Москвагаас өөрийн хиймэл дагуулууд болон цөмийн шумбагч онгоц бүтээх төсөлдөө ашиглах өндөр технологиос гадна хүмүүнлэгийн тусламж эрэлхийлж байгаа мөн Москвад зэр зэвсгийн шаардлага асар их байгаатай холбоотойгоор Пхеньян өндөр үнэ хэлэх нь тодорхой гэдгийг онцолжээ.

Москва, Пхеньян хоёрын аль аль нь Хойд Солонгос Украинд явуулж буй дайнд нь зориулж ОХУ-д зэр зэвсэг нийлүүлнэ гэсэн мэдээллийг үгүйсгэсээр байгаа билээ.

Хоёр орны төрийн тэргүүнүүд хамгийн сүүлд 2019 онд уулзсан ба тухайн үед Ким Жон Ун галт тэргээр Владивосток хотод хүрч, ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтэй уулзаж байсан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.