Дэлхийд алдартай архитекторууд Токиогийн нийтийн бие засах газруудыг өөрчлөн шинэчилж эхэлжээ

Twitter Print
2020 оны 08-р сар 23-нд 16:50 цагт
Мэдээний зураг,

Нийтийн бие засах газрын асуудал дэлхийн бараг бүх улс оронд тулгардаг гэхэд хилсдэхгүй. Ариун цэврийн өндөр шаардлага тавьдаг Япон улсад хүртэл иргэдийнх нь дунд нийтийн бие засах газар нь харанхуй, бохир, муухай үнэртэй гэсэн айдас байдаг аж.

Нийтийн бие засах газартай холбоотой иргэдийн айдсыг үгүй хийж, нийтийн бие засах газрыг бүгдэд хүртээмжтэй болгох үүднээс Японы Nippon Foundation ашгийн бус байгууллага Токио хотын Шибуяа дүүргийн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд байрлах 17 нийтийн бие засах газруудыг өөрчлөн шинэчлэх төслийг эхлүүлжээ. Уг төслийн хүрээнд Японд төдийгүй дэлхийд алдартай 16 архитектор ажиллаж байгаа ба архитекторуудын гол зорилго нь иргэдэд нас хүйс, хөгжлийн бэрхшээл зэргээсээ нь үл хамааран нийтийн бие засах газраар тав тухтай үйлчлүүлэх боломжийг олгох аж.

Дэлхийн шилдэг архитекторуудад олгодог Притцкерийн шагналын эзэн, Японы архитектор Шигерү Баны зураг төслөөр Хару-но-Огава болон Ёоёоги Фукамачи цэцэрлэгт хүрээлэнгүүдэд баригдсан нэвт харагддаг шилэн ханатай нийтийн бие засах газрууд олны анхаарлыг ихээр татаад байна. Хоёр хэсгээс бүрдэх уг нийтийн бие засах газар нь дотроо тус бүр 3 хэсэгтэй ба доторх нь нэвт харагддаг хөх, шар ногоон, цэнхэр, шар, ягаан, нил ягаан өнгийн шилэн ханатай бөгөөд дотроос нь хаалгыг нь түгжих үед шилэн хананууд нь тунгалаг биш болж, дотор болж байгаа зүйл гаднаасаа харагдахгүй болдог аж. Нэвт харагдах шилэн хананууд нь уг нийтийн бие засах газраар үйлчлүүлэх хүсэлтэй иргэдэд доторхыг нь харах боломж олгох ба Nippon Foundation байгууллагаас онцолсноор, "Цэцэрлэгт хүрээлэнгүүдэд байрлах нийтийн бие газруудаар үйлчлүүлж буй иргэдэд хоёр төрлийн айдас байдаг.

Эхнийх нь тухайн бие засах газар нь цэвэрхэн байгаа эсэх, хоёр дахь нь дотор нь ямар нэг этгээд нуугдаж байгаа эсэх. Гаднаасаа нэвт харагддаг шил нь эдгээр айдсыг үгүй хийх чухал ач холбогдолтой юм." гэжээ. Архитектор Шигерү Баны зураг төслийг нь гаргасан уг нийтийн бие засах газрын хананд шинэ ухаалаг шилийг ашигласан ба шөнө оройн цагаар уг нийтийн бие засах газар яг л өнгө өнгийн дэнлүү мэт харагддаг аж. Nippon Foundation байгууллагын нийтийн бие засах газруудыг өөрчлөн шинэчлэх төсөл 2021 оны хавар дуусах гэнэ.

Эх сурвалж: Forbes.com

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.