“Оюутолгой” өдөрт 100 ажилтнаа цомхотгож байна

Twitter Print
2014 оны 05-р сар 28-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

Манай оронд эдийн засгийн хямрал буй болж хаана хаанаа бүсээ чангалах боллоо. Мөн зарим томоохон компаниуд ажилтнуудаа олноор нь халж, агаарын тээврийн “Изинис Эйрвейз” компани дампуурлаа зарлаад байна. Харин улсдаа томоохон бүтээн байгуулалт хийх, ажлын байрыг хамгийн ихээр нэмэгдүүлсэн “Оюутолгой” ХХК өнөөдөр гэрээт компанийнхаа ажилтнуудыг халжээ. Цаашдаа олон хүнийг ажлаас нь хална хэмээн 20 гаруй хоногийн өмнө хэлсэн гэнэ. Ямар учраас дарга нар нь ийм шийдвэр гаргасан талаар лавлахаар тус компанийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан С.Энхцэцэгтэй утсаар холбогдлоо.

-Өнөөдөр өглөө “Оюутолгой” ХХК ажилтнуудаа цомхотгож эхэллээ гэсэн мэдээлэл гарлаа. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнөөдөр манай компанийн хувьд маш хүнд өдөр болж байна. Эдийн засгийн сорилтыг даван туулах, зах зээлийн бодит нөхцөл байдалд дасан зохицох, ирээдүйд бий болох олон боломжийг алдахгүй байх зэргээс үүдэлтэй. Бодит нөхцөл байдлыг судалж үзсэний үндсэн дээр ажилчдаа цомхтголд оруулах нь зүйтэй юм байна гэсэн шийдвэрийг компанийн зүгээс гаргасан.

-Нийт хэдэн хүнийг ажлаас нь халах вэ?

-Өглөөнөөс эхлэн цомхотголд орж байгаа ажилчиддаа мэдэгдэл хүргүүлсэн. Яг хэдэн хүн цомхотгоно гэсэн тодорхой мэдээлэл өгөх боложмгүй.

-Гэрээт компаниудын ажилчдыг халж байна гэсэн. Орон тооны ажилчдаас цомхотгох уу?

-Энэ талаар одоогоор мэдэгдсэн зүйл алга байна.

-Олон хүн ажилгүй болж байгаа таагүй мэдээлэл байна. Цомхтголд орж буй ажилчдаа эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан тохиолдолд эргүүлэн ажилд нь авах талаар ярилцаж байгаа юу?

-Цомхтголд орж буй ажилчин бүртэй компанийн зүгээс ганцаарчилсан уулзалт хийж байгаа. Мөн тэдгээр ажилчдаа өөр хэлтэс, тасаг руу шилжүүлэх асуудлыг судалж байна.

Тус компанийн удирдлагаууд хичнээн хүнээ ажлаас нь халж байгаа талаар тодорхой мэдээллийг одоогоор өгөөгүй байна. Хэрэв өдөрт 100 хүн ажилгүй болж байгаа бол гудамжинд лааз өшиглөөд алхах хүмүүсийн тоо нэмэгдэх нь тодорхой билээ. Энэ жил хичнээн хүн ажлаас халагдаад байгаа талаар тоон мэдээ Үндэсний Статистикийн хороонд дэлгэрэнгүй алга. Ямар ч гэсэн “Оюутолгой”, “Алтайн хүдэр”, “Мобиком” болон уул уурхай, жижиг үйлдвэрүүд ажилтнаа халлаа гэх мэдээлэл сүүлийн үед өдөр бүр сонсох боллоо. Бас хүмүүс халагдана гэсэн айдастай байдаг болж. Улс орны эдийн засаг хөмөрсөн тогоо шиг болчихсон энэ үед салбарын яам, Засгийн газар дорвитой арга хэмжээ авч “Чингис бонд”-ын төсөлд зарцуулж буй мөнгөө алдагдалтай ажиллаж байгаа үндэсий үйлдвэрүүдээ дэмжиж ажиллах нь зөв алхам болохыг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.