Хаадын оршуулганд хүргэн, бэрүүдээ оролцуулдаггүй байж...

Twitter Print
2022 оны 02-р сар 25-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийг хүртэл Монголын нутаг дэвсгэрээс Монголын Алтан урагийн хаадын нэг ч булш олдоогүй. Монголчууд хаадынхаа булшийг нууцалж чадсан тэр агуу бодлогыг эрдэмтэд тайлбарласаар ирсэн. Дээрх зураг: Өглөгчийн хэрэм, Ихэсийн газар

ХҮН ДАГАЛДУУЛНА. Хүннүгийн төрт улсын үе хүртэл хаад язгууртны булшийг сүрлэг том хэмжээтэй чулуун байгууламжтай хийдэг байсан. Булшнаас хангалттай их эд өлгийн зүйл гардаг бол хүүхдийн оршуулгаас эд эдлэл гардаггүй. Эхнэр, хатад, боолуудыг нь хамт булшилдаг байсан нь хүннү, түрэг, уйгар төрд байсан эмгэнэлтэй зан үйл юм. Хүннүгийн язгууртныг дагалдуулж 28 хүртэл хүнийг оршуулсан байсан ба тэдгээр нь 1.6 сартайгаас 39 настай хүмүүс байв. Тэд нэг гэр бүлийн биш, өөр өөр гэр бүлийнх гэдэг нь генетикийн судалгаагаар тогтоогдсон. Мөн хатад, албатуудын булшинд эд хөрөнгийг хүссэн хэмжээгээр нь дагалдуулсан байдаг. Гэвч энэ нь хожмын хүмүүс, тухайн цаг үеийн сөргөлдөгч нарынх нь тонон дээрэмдэх гол шалтгаан болж байжээ.

ШОРООН ДАРААС: Сяньби-гийн үеэс эхлэн ихэс дээдсийн оршуулгыг үйлдэхдээ шороон дараас хийх, нууцлан далдлах аргыг хэрэглэсэн. Түрэг, Уйгурын үеэс хаад язгууртны оршуулга ба тахилгыг тусад нь хийх болсноор хаадын оршуулга нууцлагдах болжээ. Оршуулгын байгууламж хийхдээ газрын гүнд бунхан хийж, түүнийг дарж булахдаа дээр нь чулуу ашиглахгүйгээр шороон дараас хийдэг нь хожим ердийн нэг овгор шороо мэт харагддаг байсан тул хүмүүс “Шороон бумбагар”, “Өндөрхангай ”, “Хангай” гэх мэтээр цээрлэн нэрлэж иржээ. Мөн оршуулгын байгууламжуудаас 120-150 км зайд хүн чулуун хөшөө бүхий тайлга, тахилын нүсэр байгууламжууд барьж жил бүр тайлга, тахилга хийж байсан баримтууд бий.

ИХЭСИЙН ГАЗАР: Монголын их хаадыг нууцлан оршуулсан тухай олон таамаг, судалгаа байдаг боловч одоо хүртэл нэгдсэн санал дүгнэлтэнд хүрээгүй. Зарим түүхэн сурвалжид мэдээлснээр бол “...мянган адуугаар гишгүүлсэн” хэмээх мэдээ оргүй биш. 1000 гаруй жилийн тэртээ олон адуугаар гишгүүлсэн газар бол ердийн атар хээр талаас огт ялгарахгүй болдог аж. "Монголын нууц товчоо"-нд “ихэсийн газар, тайлга, тахилгын тухай” дурдсан байдаг. Энэ бол хааныг оршуулсан газар биш бөгөөд хаанд холоос хүндэтгэл үзүүлдэг ямар нэг хөшөө тэмдэг бүхий газрыг хэлдэг. Ихэсийн газарт тайлга тахилгын идээгээ хувааж хүртдэг, тэндээсээ хаад ноёдынхоо дурсгалыг хүндэтгэдэг. Ингэж алсаас тайлга хийх болсноор хаад, язгууртныг оршуулсан газар нь улам бүр далдлагдан нууцлагдах болжээ.

Зураг: Хэнтий, Баян-Адарга, Дуурилаг нарс, Хүннүгийн язгууртны булш

ХҮРГЭН, БЭР ОРОЛЦОХГҮЙ. Өгөөдэй хаан, түүний дараах хаадыг яг тэнд оршуулсан гэсэн мэдээ байхгүй. Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан улс орнуудын газар нутгаас ч монгол хаадын ямар нэгэн булш олдоогүй юм. Чингис хааныг Тангудад байлдаж яваад нас барахад тэрэг нь эвдэрсэн ч эх нутагт нь авчирч оршуулсан тухай маш тодорхой бичсэн байдаг. Сэцэн хан, Түшээт хан, Засагт хан, Сайн ноён хан бүгд Алтан ургийн шууд удмын язгууртнууд байсан учраас дэг ёсыг хуучнаар нь үйлдсэн. Хаадын оршуулганд зөвхөн Алтан урагийн эрэгтэйчүүд оролцдог байсан ба өөрийн хүргэн, бэрүүдээ оролцуулдаггүй байсан нь нууцлалыг чанд хатуу сахиж байсны баталгаа ажээ.

ТАЙЛГА: Тайлга, тахилга гэдэг бол амьтнаар өргөл барьц өргөхийг хэлж байгаа бөгөөд хонь, адуу гаргаж, тэр идээгээ галд өргөж хиншүү хярвас гаргаж эзнээ баярлуулж байна гэсэн зан үйл юм. Хожим буддын шашин Монголд гүнзгий нэвтэрсэнтэй уялдан амьтны амийг тэвчих гэдгээс үүдэлтэй мал амьтнаар тайлга үйлдэх ёсон зогссон байна. Өвөрмонголын Ордос бол их хааны оршуулга биш хаад, ихэс дээдэст хүндэтгэл ба тахилга үйлддэг шинээр бий болгосон газар бөгөөд тэнд нэг ч булш байхгүй.

Ч.Буянбадрах

Олон улсын Аялал жуулчлалын үндэсний төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.