
Бидний багад зундаа тэгтэл ч ганддаггүй, өвөлдөө яая гэтэл ч зудалж байсангүй. Хэн ч хорьж, бас хэн ч урьж залж байгалийн үзэгдлийг зохицуулдаггүй юм хойно, хаа нэг жил зарим аймаг, сумдад ган зуд нүүрлэж л байсан гэдэг, тэр бүхэнд тэрүүхэн зуураа нүүдэллэж, цасны хөнгөн, борооны хөл даган ойр зууртаа нүүдэл суудал хийж, өвөлжиж зунжаад болоод л ирсэн түүхтэй.
Бидний багад харин байгаль цаг уурын нэн таатай мөчлөг таарсан шиг байгаа юм, хичнээн цас орж, зад хүйтэрсэн ч салхи хэдхэн хөдлөөд л хуртай зуны аагийг ханхийлгэн халиурсан шаргал өвс цасан дороос сэрвийгээд ирдэг, дэрс бутны нөмөр даган хунгар тогтдог, өлчир тарга мал сүрэг өнгө бүр орох шиг үснийх нь сор гялалзаад цаанаа л бахтай байдагсан. Харин долоон сарын аравд хүртэл бороо оролгүй оройтсон хэдэн зуныг хүүхэд нас минь үзсэн санагдана.
Ангаж гандсан газар шороо, наранд хотойтол шарагдсан хүн малын зол заяа гийх шиг мэлцийсэн хөх тэнгэрт хурын баймаар бөөн бараан үүл юу юугүй хөллөж ирснээ, “Энэ салхи чинь ингэж элдээд байхад би одоо яах юм бэ!” хэмээн гомдоллож, бороо горьдсон хүүхэд багачууд бидэнд учирлах мэт хэдхэн дусал шидлээд өнгөрөхөд, бугуйн дээр зурайтал урсаж үлдсэн ширхэг усны мөрийг хараад уйлж л зогссон малчны хүүхэд юм даа, аргагүй бид!
“Зөгий усалбал бороо ордог” гэж хэн нь ч бидэнд хэлсэн юм бэ, нэг зун л лав хүүхэд бид мөн л олон ногоон зөгий барьж, усанд дүрж үйлийг нь үзэж билээ. “Тэгдэггүй юм даа, тэгдэггүй юм. Зөгий услаад ердөөн хэрэггүй, хөөрхий наад ядмаг амьтдаа савтай тэр уснаасаа гарга, гарга” хэмээн ундууцаж зандрах адил үүл гарч, бороо орох нь уу л гэтэл зад салхилаад туучихдаг хэвээрээ, үзээд өгье ч үүлгүй мэлцгэр тэнгэрт улайдмал наран ноёлсон янзаараа. Бороо горьдож, өрж барсан хүүхэд бид оровч гаравч огторгуй өөд ширтээстэй, цасны мөрөөр соёолсон тэр зуны нялх ногоо хэд хазаж тэнхрээд, тэрнээс хойш өл алдаж ангасан мал ундарга муутай худаг сахиастай, яг л зүдрэх янз ороод байтал наадмын сургаар л энэ вүү гэмээр үүл сууж тогтонгишоод, чийгний үнэр хамар цоргиод тэнгэрийн дуутай азарган бороо залгаад араас нь зүсэрч эхэлнэ. Аз жаргалын магтуу тийнхүү талаар минь нэг цууриатна. Тэр цагийн малчны хүүхдүүд бид ч тэгээд наадмаар заавал эхэлж бороо ордог гэж бодох болсон юм.
Бороо горьдсон хүүхэд бага насаа ийнхүү цухас төдий дурдсан минь байгаль ертөнц, дээр эзэгнэгч хязгааргүй өнө мөнхийн тэнгэрийн өршөөл энэрэлд одоо л нэг багтах нь уу даа хэмээн алга хавсран залбирч байгаа эх хүн шиг говь нутаг, говийнхон, тэр дундаа өнгөрсөн өвөл, хавар, энэ зуны эхэн сарын хатуу ширүүн араншин бүхний өмнө арга ядан, сөхрөн алдан арайхийн туулж яваа Дундговь нутаг, нутгийн малч түмнээ амьхандаа хайрлан бодсоных билээ.
Энэ шөнийг хэвийлгэн, үүрийн харуй бүрийг дөхүүлэн манай нутгаар бороо зүсрэн зүсрэн шаагих сурагтай. Залбирах минь, тэгээсэй л билээ!
Бороо нэг ороодохвол, тэр мөрөө дагаад давтан давтан ороод л байдаг гэж говийн малчны хүүхдүүд бид бодож заншсан юм.
До.Чулуунбаатар 2021. 06. 01
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Gadaadad nisleg huleegch
(196.53.0.88) 2021-03-25 19:50Za ashgui dee
Хариулах