Аав ээжийгээ хайрлах нь хүний нэг насны амьдралын суурь юм

Twitter Print
2021 оны 05-р сар 23-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

АЗ ЖАРГАЛЫН ҮНДЭС  

Хүний амьдралын аз жаргалын үндэс бол ачлал энэрэл, хайр халамж, хүндэтгэлтэй хандах, үүрэг хариуцлага хүлээх, өөрийгөө тунгаан бодоход бий.

- Хайр яаж бий болдог вэ? Хайр бол төрөлх чадвар, гэвч түүнийг сэргээн амилуулах хэрэгтэй. Хүүхдийн сурган хүмүүжлээс эхлэн эерэг сэдэл өгөх, дуурайх замаар хайрыг амилуулах, суралцах замаар хайр үүсгэж, ачлах, энэрэх, баярлаж талархах, хайрын сэтгэл гаргах, жинхэнэ хайрыг олж, хайрыг мэдрүүлж, хуваалцвал хайрын хүч энергийг олж дундаршгүй, барагдашгүй хайрын сэтгэл дүүрэн болж бялхдаг. Ингэж хайран дунд аз жаргал эхэлдэг. Хайрыг өсгөх хөгжүүлэх, дамжуулах уламжлахаас үүрэг хариуцлагын сэтгэл үүсэж, хайрын үүрэг хариуцлагаар хүний ертөнцийг дулаацуулан, улмаар түмэн олонд хайр энэрлээ хүртээж, наран мэт гийгүүлэн дулаацуулна. Жинхэнэ хайр байвал таны амьдрал гэгээлэг өөдрөг болдог.

Жинхэнэ хайр гэдэг өр авлага нэхэхгүй, сэтгэл гаргаж, эзэрхэж ноёрхохгүйгээр хайрыг хуваалцаж, баярлаж талархсан сэтгэлээр, өөрийгөө хайрлан, өрөөлийг хүндэлж хайрлан хамгаалахын нэр юм. Хайр нь нэг чиглэлд биш, харин хос чиглэлд байдаг. Жишээлбэл, аав ээж нь үр хүүхдүүдээ энхрийлэн хайрлаж, үр хүүхдүүд нь аав ээжээ ачлан хүндэтгэдэг. Хүүхэд нялх багадаа аав ээжээрээ хайрлуулж, хайрыг гүйцэд хүртвэл сая сэтгэлийн амар тайвныг олж, бие сэтгэл нь эрүүл өсөн бойждог. Хүүхэд нас бол сэтгэлийн эрүүл мэндийн чухал үе шат мөн. Хэрвээ энэ үед аав ээжийн хайрыг бүрэн гүйцэд амсаагүй бол нэг насаараа бие сэтгэл эрүүл өсөн бойжиход нөлөөлөх болно. Ялангуяа уураг тархины мэдрэлийн эс сэрж, харилцан холбогдож эрүүл өсөж бойжиход чухал ач холбогдолтой.

Маш олон насанд хүрэгсдийн сэтгэлийн асуудал нь хүүхэд насандаа аав ээжийн хайр дутагдсантай нягт холбоотой байдаг. Үүнээс гадна бага насандаа найзын хайр, багшийн хайрыг хүртэж, залуу насандаа хань ижлийн хайрыг хүртэх, идэр үед хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхээ хүмүүсийн хайрыг хүртдэг. Идэр насны хүмүүст хайр нь тэдний ажил үйлс, амьдралын хөдөлгөгч хүч нь болдог. Өтөл настай хүнд хайр, хүндэтгэл нь түүний аз жаргал, амьдралын утга учир юм.

- Аав ээжийгээ хайрлах нь хүний нэг насны амьдралын суурь юм. Аав ээжээ хайрлавал сая хайрын жинхэнэ амтыг мэдэрч, үүнээс өөрийгөө хайрлах, хүнтэй зөв харилцах, бусдыг хайрлах, эх байгалиа хайрлах зэрэг олон сайхан зүйлсийн эх үүсвэр болдог.

Хайр нь хүний бие сэтгэлд маш чухал үйлдэл үзүүлдэг. Хайр амар тайван, аз жаргалыг бий болгодог. Хайр хүний биед сайн даавар, эерэг энергийг бий болгож биднийг улам эрүүл чийрэг болгодог. Иймээс хамгийн гол нь хайрыг үүсгэж, хайрлах хүч энерги бий болгож, хайрыг хуваалцахад бий.

- Хайр бол аливаа хөдөлгөгч хүч, эерэг энерги, эрүүл энх, аз жаргалын үндэс суурь юм. Жишээлбэл, сурах дуртай хүн эрдэмтэн болдог. Биеийн тамир, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хүн эрүүл чийрэг хүн болно. Эрхэлсэн ажилдаа хайртай дуртай байвал амжилтанд хүрдэг. Хайрыг үүсгэж болно. Зорилготой хийсэн бүхэнд дур сонирхол төрдөг.

Зөв оновчтой үзэл ухамсраар удирдуулж, үйл ажиллагаа явуулах үед бидний биед биохимийн өөрчлөлт гарч, ашигтай даавар, эерэг энери бий болж сайн эргэлт үүсдэг. Хэрэв та хайрын эерэг энерги, ачилж энэрэх, баярлаж талархах, хариуцлагатай сэтгэлгээ, өөрийгөө тунгаан бодох эерэг энергитэй бол амьдрал чинь сайн сайхан болно.

- Хайр маш баялаг агуулгатай. Халамжлах, хүндэтгэх, тохинуулах, магтан сайшаах, зоригжуулах, хөхүүлэн шагнах, урамшуулах, нотлох, үнэлэх, хүлээн зөвшөөрөх, анхааран сонсох, ерөөж бэлгэдэх, итгэх, хариуцлагатай байх, тусалж дэмжих, сурган хүмүүжүүлэх зэрэг нь бүгд хайранд багтана. Мөн зохистой шүүмжлэх нь ч нэг зүйлийн эерэг энерги, хайр мөн. Үүнийг зөв ойлгож хүлээн авах хэрэгтэй.

- Хүн хэрвээ бусдын хайраар дутвал, ялангуяа дотно хүнийхээ хайраар дутвал сэтгэл нь тэнцвэргүй болж, сэтгэлийн хямрал үүсэж өвчин тусдаг байна. Өвчтэй хүний хувьд хайр хамгийн их хэрэгтэй. Ялангуяа эдгэж байгаа өвчтөнд хайрын дэмжлэг маш чухал. Хайрын хүчин чадал хязгааргүй. Хайр өвчтөний эдгэрэлтийг түргэтгэхээр барахгүй гайхамшгийг үүсгэж болно...

- Хайр хүртээнэ гэдэг хүний агуу их зан чанар, эрхэм дээд ёс суртахуун, хүнлэг сэтгэлийг агуулдаг. Хүн бүхэн нинжин сайхан сэтгэлтэй, үүрэг хариуцлагатай байдаг. Хайраа бусдад түгээхэд биологийн хуулиар хүний биеийн дотоодод эерэг энерги , сайн даавар ялгарч, мэдрэл болон дотоод шүүрлээр дамжин, эд эрхтэний үйл ажиллагаа хэвийн явагдаж, дархлааны системийг сайжруулж, бие сэтгэл эрүүл энх байх боломж бүрэлддэг.

- Хайрын хүчин чадал хязгааргүй их. Зөвхөн хайр аливааг уярааж, хайлуулж, нийлүүлж чадна. Хэрвээ “дайсан мэт” хүнээ уучилж, түүний давуу талыг олж харж, бахархаж, магтан сайшаах буюу шууд сэтгэл гарган ярилцвал та хоёрын дайсагнал , зөрчил маргаан аяндаа устаж үгүй болох боломжтой. Та ямагт ямар нэг хүн буюу хэрэгт гомдож, зэмлэн буруушаагаад байвал таны сэтгэц тэр орчиндоо зогсонги байдалд орж, урагш дэвшихгүй, улам олон гомдол тоочиж, улам их сөрөг энерги үүсгэж, сөрөг энергитэй муухай орчин бий болгодог. Үүнээс болж өөрийгөө тасралтгүй хохироон хорлож байдаг. Иймээс аливаа муу зүйлийг тавьж орхи. Тэр юу байсан ч хамаагүй уучилж, мартаж, орхиж, өөрийн сэтгэлээ чөлөөлж сурах хэрэгтэй. Авъя гэсэн зүйлээ үргэлж бодож, авахгүй гэсэн зүйлийг өөрөөсөө зайлуулж зөнд нь орхи.

- Эрхэлсэн ажилдаа дур сонирхолтой, хайртай , урам зоригтой байх нь аливаа ажилд амжилт гаргахад түлхэх хүчний эх булаг мөн. Ямар ч зүйлд дур сонирхолтой, үнэн сэтгэл гаргавал амжилтанд хүрч чадна. Бид нэг нэгэндээ хайрын сэтгэл гаргаж, хайрыг түгээвэл хүний хүндэтгэл, үнэлгээ зэрэг хайрын хариуг хүлээж авдаг. Ингээд хүний сэтгэл хайраар бялхаж, хайрын дунд амьдарч, амьд явсны утга учир, үнэ өртөг нэмэгдэж, улам эрүүл энх, аз жаргалтай амьдрах болно. Хайр хаанаас ирдэг вэ, хайрыг хаанаас олдог вэ гэвэл сэтгэлийн гүнээс ундардаг. Хаанаас олдог вэ гэвэл бусдын сэтгэлээс олдог. Хайр гэдэг хүн бүхэнд зайлшгүй шаардлагатай. Хайр нь сэтгэлийн гүнээс ундран гардаг боловч өөрийн сэтгэлээсээ олж чадахгүй, зөвхөн хүний сэтгэлээс олдог. Энэ бол хүн төрөлхтний хөгжингүй хувьслын гол цөм, өөрчлөх аргагүй байгалийн жам хууль юм. Зарим хүн ганц өөрийгөө л хайрладаг. Энэ бол хайр биш хувиа бодсон сэтгэл юм. Энэ нь эцэстээ өөрийгөө хохироож, хорлосон явдал болно. Учир нь бусдад хайраа түгээх үед биед ашигтай даавар ялгарч, аз жаргалыг мэдрүүлдэг.

- Бусдыг хайрлана гэдэг өөрийгөө хайрлаж байгаа хэрэг юм. Бусдад тусалж байгаа нь өөрийгөө тэтгэж буй явдал юм. Иймээс бидний үйл ажиллагаа бусдад аз жаргал түгээсэн, нийгэмд хувь нэмэр болох үед бид өөрсдөө их баярлаж, жинхэнэ аз жаргалтай санагдаж, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг. Эдгээр нь бидний бие сэтгэлд оршиж буй өөрийгөө урамшуулан шагнах, эрүүлжүүлэх систем сэрж, эерэг энерги үүсгэн, бие сэтгэлийг улам эрүүл энх болгодог. Энэ бол байгалийн жам хууль. Иймээс хайр энэрэлээ хүнд түгээж, нийгэмдээ хувь нэмрээ оруулж байгаарай.

- Хайр хүн бүрэнд зайлшгүй хэрэгтэй. Бид бусдыг хайрлавал өөрөө хайрыг олж авна. Энэ нь бусдыг хайрлаж байгаа нь өөрийгөө хайрлаж байгаатай адил юм. Хүн бүхэнд бусдад хүлээн зөвшөөрөгдөх, хамт олонд багтах хэрэгцээ байдаг. Хүнийг уучлах нь өөрийгөө тэтгэж байгаа хэрэг юм. Хүнийг уучилбал таны сэтгэл сая тайван амгалан, чөлөөтэй болдог. Та хүн болгонд хүндэтгэлтэй хандаж, хайр түгээж амьдраарай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.