Украины зэвсэгт хүчнийхэн Харьков дахь тосгонуудаа эргүүлэн авчээ

Twitter Print
2022 оны 05-р сар 11-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

Украины зэвсэгт хүчнийхэн Харьков дахь тосгонуудаа эргүүлэн авчээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдэгдсэнээр Украины зэвсэгт хүчнийхэн оросуудын хяналтанд байсан Харьков мужийн хэд хэдэн тосгоны хяналтыг эргүүлэн авчээ. Түүний хэлж байгаагаар ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн ухарч, Украины цэргүүд Черкаски Тишки, Руски Тишки, Борщчова болон Слобожанске тосгонуудын хяналтыг эргүүлэн авсан нь   дайны шинэ үе шат эхэлж байгаагийн дохио аж. 

Нөгөө талаас ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украины стратегийн чухал ач холбогдол бүхий боомт хот болох Одессад агаараас олон удаагийн цохилт үзүүлжээ. Уг агаарын цохилтын улмаас 1 хүн амиа алдаж, 5 хүн шархдсан байна. 

Беларусийн зэвсэгт хүчин "АНУ болон АНУ-ын түнш орнуудаас ирж буй аюул заналхийлэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор" Украинтай хиллэдэг өмнөд хилийнхээ ойролцоо 3 цэгт цэргийн тусгай ангиудыг байршуулахаар болжээ. Түүнчлэн Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэлснээр Москва Минскт зэвсэгт хүчнийхээ чадавхийг нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, пуужин үйлдвэрлэхэд нь туслахаа амлажээ. Мөн тэрээр Беларусьт дайсагнасан тал "ноцтой хохирол амсана" гэдгийг анхааруулжээ. 

НҮБ-ын албан ёсны тоогоор ОХУ Украин руу довтолсноос хойш Украинд 3381 хүн амиа алдаж, 3680 хүн шархаджээ. Гэсэн ч НҮБ-ын мэргэжилтнүүд бодит байдал дээр үүнээс ч олон хүн амиа алдсан болохыг онцолж байна.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.