Халцарч хууларсан хайруулын таваг ходоодонд халгаатай

Twitter Print
2021 оны 04-р сар 08-нд 16:50 цагт
Мэдээний зураг,

Урьд нь ширмэн тогоо, керамик өнгөлгөөтэй тогооны зааг ялгааг мэддэггүй явжээ. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг керамик хайруулын таваг нь тодорхой хэрэглэх хугацаатай байдаг.

Хайруулын таваг хэрэв халцарч, холцорсон бол өндөр хэмд халах тусам өөрөөсөө хүнд металь ялгаруулж хүний биед үлэмж хор учруулдаг байна. (Ялгарсан хүнд металиуд хоол, хүнстэй урвалд орж ходоонд тань айлчилна) Тиймээс керамик тогоо ашиглахдаа аль болох төмөр хутгуур хэрэглэхгүй. Хуулж гэмтээхгүй ашиглах хэрэгтэй юм билээ.

Манайхан энийг мэдэхгүй хайруулын таваг, тортны хэв, будаа агшаагч бусад сав суулга халцарсан бол тоохгүй л хоол хийгээд байдаг нь эрүүл мэндэд туйлын муу гэдгийг ойлгоод авчихвал тогоондоо санаа тавьдаг болчих байхөө над шиг. Би ч урьд нь энэ талын мэдээлэл байхгүй. Тортны хэвээ халцалж, хуулчихаад зуурмагаа хийж жигнэдэг л байлаа. Одоо бол үгүй. Хүний өдөр тутмын хэрэглээ хоол, цайгаа хийж хүртдэг тогоо хамгийн сайн байх ёстой юм билээ.

Бид ганган хувцсанд гар татахгүй авчихаад хамгийн чухал зүйлээ хэдэн сар жил дамжин хэрэглэж муудаж, халцарч, холцорчихоод байхад нь ашигласаар л байдаг. Харин яг одоо та галын өрөөндөө ороод хайруулын таваг, хоолны сав суулгаа нэг анзаараад үзээрэй. Халцарсан, хууларсан байвал шинэчлэх талын ая бодоорой. Миний хувьд урд нь керамик тогоо олон жил хэрэглэсэн одооноос ширмэн тогооны ач тусын талаар уншиж судалсны үндсэн дээр ширмэн тогоог өдөр тутамдаа хэрэглэх болсон.

Гэхдээ ширмэн тогоо амаргүй эд байна лээ. Эхлээд сайн мэдэхгүй шууд өндөг шарахад наалдаж түлэгдэж алингаа алдсан. Дараа нь ширмэн тогооны талаар сайн судлаад үзтэл өнгөлгөө, тосолгоо сайн хийгдсэн ширэм л чулуу болдгийг ойлгосон. Ширмэн тогооны нэг давуу тал нь аяга таваг угаагч шингэнээр угаадаггүй. Бүлээн цэвэр усаар угааж хатаагаад сайн тослоод л тавьчихдаг. Хууччуул ширмэн тогоогоо ашигласныхаа дараагаар угаагаад өөхөн тосоор тослоод хураадаг байсныг олж мэдсэн. Ширмэн тогоонд хийсэн хоол маш гоё амттай болдог. Хээрийн хоол, тогоон дээр хийсэн хоолны амт чанарыг яриад байдаг нь аргагүй юм билээ.

Ширмэн тогоо ашиглах тухай уншиж судалсан зүйлсээ хуваалцая. Магадгүй мэдэхгүй хүмүүст нь бага ч гэсэн хэрэг болж юуны магад.

*Шинэ ширмэн таваг нь үйлдвэрийн тосолгоотой ирдэг учраас цэвэрлэх шаардлагатай байдаг.

*Эхлээд сайтар угаана.

*Дараа нь ширмэн хайруулын тавгаа 7 минут ямар ч тос, ус хийлгүй өөрөөр нь халаана. (Плитканы хамгийн өндөр хэмд)

*Үйлдвэрийн тосыг бүрэн ууршиж дууссаны дараа халуун усаар угаагаад арчина.

*Даавуунд ургамлын тос шингээгээд маш нимгэн тослоод дахин шарах шүүгээнд доош харуулж хийгээд хамгийн өндөр хэмд 1 цаг орчим халаана.

*Сүүлийн үйлдлийг тодорхой хугацааны зайтайгаар 2, 3 дахин давтаж болно.

"Талх барьдаг айлын ширэм хамгийн сайн" гэдэг яриа ч байдаг юм билээ. Учир нь талх барих тоолондоо тогоогоо тослож халуун хэмд болгох бүрт тогоо тослогдож өнгөлгөө сайн суудаг байна. Тийм болохоор миний хувьд шарах шүүгээндээ хоол, амттан хийснийхээ дараа халуун байх үед нь ширмэн тогоогоо дотор гадаргүй сайхан тослож байгаад хийчихдэг болсон. (Шарах шүүгээгүй айл плиткан дээрээ хоолоо хийснийхээ дараа халуун буураагүй үед нь тогоогоо тослоод тавиад байж болно)

Ширэм сайн тослогдож, өнгөлгөө сайн суух тусам хоол хийхэд наалдаж, түлэгддэггүй учиртай юм билээ. Ширмэн тогоонд ус хийж удаан байлгаж болдоггүй учир нь цул ширэм учир амархан зэврэх талтай. Хоолоо хийлээ шууд угаалаа алчуураар арчиж хатаалаа. Ургамлын эсвэл өөхөн тосоор тослоод тавих хэрэгтэй. Мөн шинэ ширмэн тогоонд эхний ээлжинд сайхан боорцог, хуушуур хайрахад тосон өнгөлгөө тогтдог гэсэн. Сар шинийн өмнө ширмэн тогоогоо шар тосоор мялаасан. Гилэн хар, гялайж гялтайгаад, тос даагаад хачин их баярласан.

Анхаарах зүйлс:

- Хүчиллэг хоол хүнс бэлтгэхэд тохиромжгүй (улаан лооль, лемон, уксус г.м).

- Шарах шүүгээнд модон болон хуванцар бариултай тавгийг хийхгүй.

-Төмөр аяга угаагч хэрэглэхгүй. (Зөөлөн гадартай эсвэл алчуураар хайруулын тавгийн бохирдлыг цэвэрлэвэл эдэлгээ удаан байна)

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.