А.Тлейхан: Ачаалал нэмэгдвэл цахилгааны хэрэглээ их байгаа хэсэгт хэсэгчилж хязгаарлалт хийнэ

Twitter Print
2020 оны 12-р сар 15-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан эрчим хүчний үнийг чөлөөлж байгаатай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээд 738 мянган цахилгаан хэрэглэгч 347 мянган дулааны хэрэглэгч цахилгаан дулааны хөнгөлөлтөд хамрагдана. Мөн нийслэлд 25 мянга, орон нутагт 26 мянган аж ахуй нэгж хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж байна.

Тэрээр "Энэ долоон сарын хугацаанд гэр хорооллын айл өрх цахилгааны 249530, орон сууцанд амьдардаг айл өрх 560 мянгаас 1.1 сая төгрөгийн төлбөрийг төр төлнө. Харин ЖДҮ 7-30 сая, томоохон үйлдвэр 50-1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх тооцоо судалгаа гарч байна. Тухайлбал, 

Талх чихэр ХХК сард 195.8 сая, долоон сард нийт 1.3 тэрбум  төгрөгийг төр хариуцах юм байна.

Алтантариа ХХК 463

Сүү ХХК 555

Өгөөж ХХК 503 сая төгрөгийн төлбөрийг төр хариуцна.

Эрчим хүчний төлбөрт нийт дөрвөн тэрбум төгрөг зарцуулах бөгөөд үүний 230 тэрбумыг айл өрх, үлдсэнийг нь аж ахуйн нэгжийн төлбөрт зарцуулна. Цахилгаан, дулаан, ус, тогны мөнгийг чөлөөлж байгаа учраас бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой.

Засгийн газар шийдвэр гарсан өдрийн орой цахилгааны ачаалал 18 хувиар нэмэгдсэн. Тиймээс цаашдаа хэрэглээ улам өснө гэж харж байна. Хэрвээ хэрэглээ өсвөл эрчим хүчний салбарт саатал гарна. Өчигдөр орой оргил ачаалал 17.00-21.00 цагийн хооронд байсан. Энэ үед хэрэглээ 1300 мВт хүрсэн. ОУХ-аас манайх өдөрт 245 мВт-ын цахилгаан авдаг. Ингэхэд өдрийн хэрэглээгээ дөнгөн данган хангаж байна. Өнөө өглөөний 11.00 цагийн үед 1150 мВт хүрч байна. Энэ нь энгийн үеэс 100 гаруй мВт-аар өссөн үзүүлэлт. Тиймээс иргэдийг хэрэглээгээ огцом нэмэхгүй байхыг уриалж байна. Ялангуяа 17.00-21.00 цагийн хооронд халаагуур залгахгүй байх, үйлдвэр аж ахуйн газрууд хэрэглээгээ 20 орчим хувь бууруулах, нийт хэрэглэгч цахилгааны зарцуулалт бага тоног төхөөрөмж ашиглахыг анхааруулъя" гэлээ. 

Тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Эрчим хүчний яамнаас айл өрх, аж ахуй нэгжүүдэд цахилгаан хэрэглэх хэмжээ тогтоож журам гаргана гэсэн үнэн үү?

-Яаман дээр журам гарах ёстой. Эцэслэн батлагдаагүй байна. Өөрийнхөө авч байсан хэрэглээг баривал нэмэлт төлбөрийн асуудал гарахгүй. Техникийн хүчин чадлын хэмжээнд л цахилгаанаар хангана. 

-Зарим аймагт цахилгааны хэрэглээ огцом өсч хязгаарлалт хийсэн гэж байна. Энэ үнэн үү?

-Өчигдөр орой хэд хэдэн аймагт бага хугацаагаар хязгаарлалт хийсэн. Аль болох ахуйн хэрэглээг хязгаарлахгүй байх чиглэл барьж байна. Хүчин чадал хүрэхгүй бол хязгаарлахаас өөр арга байхгүй. Хязгаарлах бодлого барихгүйгээр хэрэглээг бүрэн хангана гэж тооцож байна. Гэхдээ өдрийн хэрэглээ 1300 мВт-аас илүү гарвал хэрэглээгээ хангах боломжгүй болно. 

-Ачаалал нэмэгдвэл хязгаарлалт хийнэ гэсэн үг үү?

-Хүчин чадлаас давбал хязгаарлалт хийхээс аргагүй. Гэхдээ хэрэглээ их байгаа хэсэгтээ л хэсэгчилж хязгаарлалт хийнэ. Түүнээс нийтэд нь хязгаарлаад харанхуй болно гэсэн юм байхгүй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.