
Зарим хүмүүс яаж өөртөө итгэлтэй байдаг талаар та бодож үзсэн үү? Өөртөө итгэлтэй хүмүүсийн ард ямарваа нэгэн онцгой зүйл байхгүй. Тэд бидэнтэй л адил жирийн хүмүүс. Гэвч тэдний өөрийгөө үнэлэх, бусдын давуу тал, сул талыг ойлгох нь өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог. Та ч гэсэн өөртөө итгэлтэй байж болно.
1. Тэд буруугаа хүлээж чаддаг бөгөөд шаардлагатай үед уучлалт гуйдаг
Хүн бүрт алдаа гаргах тохиолдол байдаг. Өөртөө итгэлтэй хүмүүс зүй ёсоор үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тэд нэр төрөө цэвэрхэн авч гарах гэж оролдохын оронд буруугаа хүлээн зөвшөөрч өөрийгөө төгс хүн биш гэдгээ харуулж чаддаг. Буруугаа хүлээж чадсанаар тэдэнд өөрсдийгөө хөгжүүлэх боломж нээгддэг бөгөөд бусадтай илүү дотно харьцааг бий болгодог байна.
2. Тэд өөрсдийгөө хурцалж, зоригтой алхмыг хийдэг
Өөртөө итгэлтэй хүмүүс бусдын айгаад хийж чаддаггүй эрсдэлтэй алхмыг хийдэг. Тэд өөрсдийн аливаа зүйлийг хийж чадахгүй, авч чадахгүй гэж бодсон ч түүнийхээ төлөө ямар ч үед зориг гаргаж чаддаг. Өөртөө үнэхээр итгэлтэй хүний хувьд аливаа зүйлд гологдох нь өсөн дэвших боломжийг давамгайлдаггүй юм. Энэхүү эрсдэлтэй алхмууд тэдний зоригтой шинж чанарыг улам хөгжүүлдэг. Та хэрвээ гологдох, бүтэлгүйтэхээс айх айдасгүй байсан бол яах байсан бэ?
3. Тэд бусдаас туслалцаа хүсч бас мэдэхгүй зүйлээ нэрэлхэлгүй асууж чаддаг
Өөртөө итгэлгүй хүмүүс бусдаас тусламж гуйх нь сул дорой, мэдлэггүй хүний шинж чанар гэж боддог. Харин өөртөө итгэлтэй хүний хувьд үүнийг ямар ч хүнд шаардлагатай зүйл гэж боддог. Өөртөө итгэлтэй, хүчтэй хүмүүс бусдын тусламж дэмжлэгээр босдог гэдгийг битгий мартаарай. Ганцаараа зүтгэсээр байгаад амжилт олсон хүн энэ хорвоод тун ховор. Бусдаас тусламж гуйх нь хүний даруу байдал, өөрийгөө таних, бусдын давуу талыг үнэлэх байдлыг илтгэдэг байна. Ингэснээр өөртөө итгэлтэй хүмүүс бусадтай илүү дотно харьцааг мөн бий болгодог.
4. Тэд бусдаас анхаарал шаарддаггүй
Өөртөө итгэлтэй хүмүүс өөрийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж чаддаг. Бусдын анхаарал дунд байх нь тэдний хувьд тийм ч чухал биш. Учир нь тэд өөрсдийгөө үнэлж чаддаг ба бусдын юу гэж бодох нь тэрхүү үнэлэмжийг бууруулахгүйг мэддэг. Энэхүү өөртөө сэтгэл хангалуун байдал нь өөртөө анхаарлыг татахаас илүү бусдад гэрэлтэх боломжийг олгодог байна.
5. Тэд биеийн эрүүл мэнддээ анхаардаг
Өөртөө итгэлтэй хүмүүс өөрсдийн биеийн эрүүл мэндийг үнэлдэг. Энэ нь хангалттай унтах, өдөрт хангалттай ус уухаас эхэлнэ. Тэд биеийн өөрт өгч буй дохиог хүлээн авч, өвдсөн үед биеэ амраадаг. Биеийн тав тухтай байдлыг эрхэмлэж, өвдөхгүйн тулд биеийн тамир, дасгал хийж, эрүүл хооллохыг хичээдэг. Биеийн эрүүл мэнддээ анхаарах нь оюун ухаанд шууд нөлөөлдгийг тэд сайн мэддэг.
6. Тэд бусдыг сонсдог
Өөртөө итгэлтэй хүмүүс бусадтай харилцан ярилцах үед хийж болох хамгийн үнэ цэнэтэй зүйл бол сонсох гэдгийг мэддэг. Хамгийн чухал нь тэд өөрсдийн ярих ээлжийг хүлээх биш, харин үнэхээр сонсож чаддаг байна. Өөртөө итгэлгүй хүмүүс өөрийн мэдлэг, туршлагыг бусдад батлахын тулд сонсохоосоо илүү ярихыг илүүд үздэг. Өөртөө итгэлтэй хүмүүс өөрийн мэдлэг, туршлагад сэтгэл хангалуун байдаг тул түүнийгээ бусдад баталж харуулахаас илүү бусдыг сонсож, нэг ч гэсэн зүйл сурахыг эрмэлздэг байна.
7. Тэд бусдад “үгүй” гэж хэлж чаддаг
Өөртөө итгэлтэй байхын тулд өөрийн цаг, эрч хүч, мөнгө санхүү болон бусад хязгаарлагдмал нөөцөд анхааралтай хандах шаардлагатай. Арван зүйлийг муухан чанартай хийснээс 3 зүйлийг өндөр чанартайгаар хийх нь илүү гэдгийг баттай мэддэг. Бусдад үргэлж “тийм, тэгье” гэж хэлдэг хүмүүс хэрээс хэтэрсэн үүрэг амлалтыг авч, үүнээсээ үүдсэн стресс, түгшүүр, зовнил, гутралд автдаг байна. Тиймээс өөртөө итгэлтэй байхын тулд өөрийн гэсэн хил хязгаарыг тогтоож түүнийгээ хамгаалах хэрэгтэй.
8. Тэд бусдыг дорд үздэггүй
Өөрийгөө хүндэтгэн үнэлэхийн тулд бусдын төрөлхийн үнэ цэнэтэй шинж чанарыг харж чаддаг байх хэрэгтэй. Хүн бүрт өөрийн гэсэн давуу тал, сул талууд байдаг. Хүн бүрт энэ ертөнцөд өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулах онцгой шинж чанарууд байдаг. Бусдыг дүгнэж, дорд үзэх нь тухайн үед бусдаас илүү мэт санагдуулдаг ч урт хугацаандаа энэ нь бидний өөртөө итгэлтэй байдлыг бууруулдаг байна.
9. Тэдний өөртөө итгэлтэй байдал нь дотроосоо гардаг
Ихэнх хүмүүсийн хувьд аз жаргалтай байдал болон өөртөө итгэлтэй байдал шууд холбоотой байдаг. Нэг нь дээшлэхэд нөгөөх нь мөн дээшилдэг. Өөртөө итгэлтэй хүмүүст бусдын зөвшөөрөл, сайшаал шаардлагагүй байдаг. Тэдний өөртөө итгэлтэй, сэтгэл ханамжтай байдал нь дотроосоо гардаг. Иймээс ч тэдний дотроосоо өөртөө итгэлтэй байдал нь аз жаргалд нь шууд нөлөөлдөг байна.
Эх сурвалж: Unified Soul Theory
Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.