
ОХУ-д коронавирусын халдвар авсан 18 328 тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг вирусын халдварын улмаас тус улсад 148 хүн нас бараад байна.
ОХУ-ын нийслэл Москва хот коронавирусын халдвар авсан иргэдийнхээ тоогоор тэргүүлсээр байна. Москвад уг вирусын халдварыг авсан иргэдийн тоо өнгөрсөн даваа гарагт 1355-аар нэмэгдэж, нийт 11 513-т хүрчээ. Шинээр халдвар авсан иргэдийн 45.5 хувь нь 18-45 насныхан, 34 хувь нь 46-65 насныхан, 15 хувь нь 65-аас дээш насныхан, 5.5 хувь нь хүүхдүүд байсан байна.
Коронавирусын халдварын дэгдэлт эхэлснээс хойш Москвад 82 хүн уг вирусын халдварын улмаас нас баржээ. Москва хотын дарга Сергей Собянин Москвад коронавирусын халдварын дэгдэлт оргил үедээ хүрээгүй байгааг анхааруулсан байна. Түүнчлэн ирэх 2-3 долоо хоногт коронавирусын халдвартай иргэдийг хэвтүүлэх зорилгоор бэлдсэн эмнэлгүүдийн ор хүрэлцээгүй болох магадлалтай хэмээн таамаглаж байгаа ба үүнтэй холбоотойгоор дахин 24 эмнэлгийг коронавирусын халдвартай иргэдийг хэвтүүлэх зорилгоор бэлдэхээр болжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр л гэхэд Москвад хөл хорионы дэглэм зөрчсөн 5 мянган иргэнд торгууль ноогдуулсан байна. Москва хотын Хяналтын төв штабын дарга Евгений Данчиковын мэдээлсэнээр тэдгээр иргэд нь хөл хорионы дэглэмийг үл харгалзан гадуур хий дэмий сэлгүүцэх, шорлог шарах зэрэг зүй бус үйлдэл гаргаж байсан гэнэ. Коронавирусын халдварын тархалтыг бууруулахын тулд Москва хотын иргэдэд цахим зөвшөөрөл олгож эхэлсэн ба зөвхөн цахим зөвшөөрөл авсан иргэд л гэрээсээ гарах эрхтэй болох юм.
Эх сурвалж: NTV.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.