
Өнгөрсөн ням гарагт Мьянмарын Янгон хотод болсон иргэдийн эсэргүүцлийн жагсаалын үеэр Мьянмарын хууль сахиулагчдын гарт 38 иргэн амиа алджээ. Мьянмарын цэрэг, цагдаагийнхан жагсагчдын эсрэг гал нээж, жагсагчид саваа мод, төмөр, хутга зэргээр зэвсэглэсэн байжээ.
Ням гарагийн турш гудамжнаа буун дуу тасраагүй ба цэргийн олон тооны машин техникууд Янгон хотын гудамжнаа эргүүлд гарч байсныг гэрчүүд мэдээлж байна. Хууль сахиулагчид гал нээх үеэр жагсагчид өөрсдийгөө шуудайтай элс, машины дугуй, гараар хийсэн бамбай зэргээр хамгаалж байжээ. Эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлж байгаагаар ням гарагийн жагсаалын үеэр амиа алдаж, шархдсан иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.
2-р сарын 1-ний цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр нийт 120 гаруй хүн хууль сахиулагчдын гарт амиа алдаад байна. Янгон хотод үйл ажиллагаа явуулдаг Хятадын үйлдвэрүүд болон тухайн үйлдвэрүүдийн байрлаж буй дүүрэг халдлагад өртөж байна хэмээн БНХАУ-ын зүгээс Мьянмарын эрх баригчдад хандсантай холбоотойгоор Мьянмарын арми цэргийн бэлэн байдал зарласан байна. Төмөр саваа, сүх зэргээр зэвсэглэсэн иргэд Хятадын үйлдвэрүүдэд халдаж, эвдлэн сүйтгэж, гал тавьсан талаар Бээжингийн зүгээс мэдэгджээ. Мьянмар дахь БНХАУ-ын элчин сайдын яамны албан ёсны фэйсбүүк хуудсанд Мьянмарт үйл ажиллагаа явуулдаг Хятадын үйлдвэрүүдэд ажилладаг олон тооны Хятад улсын иргэд халдлагад өртөж, шархдсан талаар бичжээ.]
Түүнчлэн Хятадын элчин сайдын яамны зүгээс Мьянмарын эрх баригчдаас гэмт үйлдлүүдийг зогсоож, халдлага үйлдсэн этгээдүүдийг хуулийн дагуу шийтгэж, Мьянмарт үйл ажиллагаа явуулдаг Хятадын компаниуд болон Хятадын ажилчдын аюулгүй байдлыг хангахыг шаарджээ. Хятадын үйлдвэрүүдэд халдсан явдал нь цэргийн эргэлтийг эсэргүүцсэн иргэд БНХАУ Мьянмарын армийн үйл ажиллагааг дэмжиж байна хэмээн үзэж байгаатай холбоотой аж Ням гарагийн орой хэдэн зуун иргэд Янгон хотын төвд лаа асааж, жагсаалын үеэр амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.