Гэр хэлбэрийн бунхан

Twitter Print
2020 оны 07-р сар 30-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

Архангайн Хотонтын “Хар балгас”-наас холгүй орших “Дөрвөлжин” хэмээх дурсгалыг Монгол-Хятадын хамтарсан судалгааны баг судлаад уйгар хүний булш болохыг тогтоосон.

Гадуураа сувгаар хүрээлэгдсэн, зүүн талдаа үүд бүхий дөрвөлжин хэлбэрийн намхан шавар хэрэмтэй, түүний дотор шатаасан тоосгоор барьсан хэд хэдэн барилгын туурь илэрсэн. Тэдгээр тууриудын ханыг шохойгоор өнгөлж элдэв будагаар зураглан чимэглэсэн байсан. Хэрмийн дотор, газрын гүнд тоосгон бунхан байгуулж нас барсан хүнийг оршуулсан байв. Бунханыг монгол гэр шиг бөмбөгөр хэлбэрээр байгуулж, хаалга үүдийг нь зүүн урд зүг рүү хандуулсан байв. Уйгартай холбоотой булш оршуулга харьцангуй цөөн судлагдсан боловч тэд түрэгчүүдийн адилаар морь дагалдуулан оршуулдаг.

Уйгарын үед хамаарах хүн хөшөөд нь Монголын баруун хэсгээр 10 орчим бий. Онцлог нь дэргэдээ ямар нэгэн бунхан, хашлага гэх мэт байгууламжгүй дангаар оршдог. Хавтгайдуу оройтой, чихэвчийг нь сөхсөн малгай өмссөн, хоёр гараа хэвлийн өмнө авч, хундага сав мэт зүйлийг шахаж тэвэрсэн байдлаар дүрслэгдсэн, хэмжээний хувьд харьцангуй том байдаг.

Уйгарчууд 100 жил оршин тогтнох явцдаа 10 орчим хот сууринг байгуулсан гэх бөгөөд ихэвчлэн дөрвөлжин шавар хэрэм бүхий бэхлэлт хотуудыг барьсан нь эдүгээ Монгол, Казахстан, Тувагийн нутагт их бага хэмжээгээр үлджээ. Уйгарын хамгийн том хот нь одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт байх Хар балгас буюу Уйгарын нийслэл Ордубалык юм. IX зууны эхээр Арабын жуулчин Тамим Бин Бахр Ордубалык хотод ирсэн тухайгаа тэмдэглэхдээ “хүн ам ихтэй, худалдаа наймаа цэцэглэн хөгжсөн том хот байсныг дурджээ. Судлаачид тус хотыг 32 кв.км талбайтай байсныг тогтоосон байдаг.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.