О.Гонсон: Ой, модыг хамгаалж, нөхөн сэргээх ажлыг гар биеэрээ хийсэн хүн урт насалдаг гэж ярьдаг

Twitter Print
2014 оны 06-р сар 02-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

Ой, модны салбарын 90 жилийн ойд

Баялаг амьдралын үндэс  ой модны тухай мэдэхгүй хүн гэж үгүй биз. Эх дэлхийн хэвлийг ургийн судас мэт үндсээрээ сүлжиж хүмүүн бидний амьдралтай хүйн холбоотой мэт салшгүй хамт үргэлжлэх ой мод зуунаас зуун дамжин  та биднийг тэжээн тэтгэсээр байна. Энэ оны намар албан ёсны дагуу Ой модны салбар үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохионо. Буурал түүх өгүүлэх энэхүү хугацаанд тус салбарт олон мянган хүн ажиллаж, бүтээн байгуулалтуудыг хийж, улс орныхоо хөгжилд хамгийн даруухан хийгээд хамгийн амин чухал гэж болох үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн билээ.

Тэдний нэг болох Ойн салбарын гавъяат ажилтан, ойн ахмад инженер О.Гонсон гуайтай уулзахаар Ойн булаг хэмээх газрыг зорилоо. Ойн булаг гэдэг газар нэгэн цагт Ойн яамны харъяаны амралтын газар байсан гэдэг. Одоо харин хувьчлагдсан байна. Гонсон гуайнх энэ амралтын газартай яг хаяа залган суурьшжээ. БОНХ-ийн Дэд сайд Б.Тулгаар ахлуулсан Ой модны салбарын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүн Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Энхтайваны хамт Гонсон гуайнд зочиллоо. Н.Энхтайван ах гавъяатыг сайн таньдаг, зөвлөгөө зөвлөмж авч, байнгын ажил хэргийн холбоотой байдаг хүний нэг юм. Гонсон гуай биднийг очиход жирийн Монгол айл зочноо хүндэтгэн угтаж авдаг ёсоор эхнэрийн хамт бууз хийхээр бэлтгэн гурил элдэн сууж байлаа. Ажил хэрэгч нь аргагүй шууд л түүнтэй ярилцаж зургийг нь авах юм болтол гэрийн эзэн маань сандарч “хүүе болоогүй, та бүхэн нэгэнт л энэ газар зорьж ирсэн юм чинь би эхлээд зочиддоо зоог бэлдээд ёс төртэй албаны хүний маягаар хувцас хунараа өмсөж байж зураг хөргөө татуулна, цай уугаад хүлээж бай” гэв. Биднийг аль болох тав тухтай байлгахыг хичээж байгаа нь илт байх бөгөөд тэрээр бууз хийх зуураа Энхтайван ахтай танил хүмүүсийнхээ тухай ярилцаж байв. Бууз жигнүүртээ жагсан тогоон дээр тавигдсаны дараа бид ярилцлагаа эхлэв.

Хүн бүхний амьдрал ой модтой салшгүй холбоотой байхын дээр, таны амьдрал бол бүр ч ойр юмаа. Яагаад Ойн мэргэжлийг сонгох болсон тухайгаа ярьж өгөхгүй юү?

-Би 12 настайдаа Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын бага  сургуульд орсон юм. Уг нь дүүг маань сургуульд оруулах зар ирсэн юм л даа. Гэтэл манай ээж оронд нь намайг явуулчихгүй юу. Ангидаа бол хөгшин сурагч байлаа. Намайг анх сургуульд ороход Сайд нарын зөвлөлийн дарга байсан Гунгаадорж 4-р ангид байлаа. Насаар надтай чацуу юм шиг байгаа юм. Дараа нь аймагт шилжиж төвийн 10 жилд сурч байтал 1955 онд дунд сургууль төгсөхийн өмнөх жил Өмнөговь руу шилжлээ. Тэндээ ч нэг их удсангүй хотод шилжин ирж 1-р арван жилд орж суралцсан юмдаг. Тэр үед бодлого байсан юмуу яасан юм 1,2-р 10 жилийн сургууль дээр хөдөөнөөс хүүхдүүдийг авчирч сургаад сарын 180 төгрөгний цалин өгдөг байлаа. 1956 онд 10 жилийн сургуулиа төгсөхөд Намын Төв Хорооны боловсон хүчний хэлтэс дээр төрөл бүрийн мэргэжлээр гадаадад сургах хуваарь гарсан байв. Энэ мэргэжлийг сонгоход  Жаргалын Лхамсүрэн багшийн надад өгсөн нэг зураг их нөлөөлсөн юм. Нэг тийм мөрдөстэй геологийн хүний зураг өгсөн. Тэр нь Преживальскийн зураг байж билээ. Намайг хуваарь авах гээд ороход ня-бо, эдийн засагч гээд олон мэргэжлийн хуваарь байсан. Надад нөгөө гоё зураг харагдаад тэр хүн шиг л болох юмсан гэж бодогдоод байсан хирнээ яагаад ч юм сургууль дээр яригдаж байсан ойн инженер гэсэн нэр санаанд орж ирээд тэр хуваарийг 1956.07.09 нд авч байлаа. Ленинград буюу одоогоор Санктпетрбургийн ойн академид ойн инженерээр суралцах 8 хүний нэг нь болж очиж байлаа. Одоо тэднээс 4-нь үлдэж дээ. Манай орлогч сайд байсан Өлзийхутагийн Товуу, түүний гэргий Буурайн Авирмэд, тэгээд би, мөн Цэдэнжавын Санжмятав гэж байсан.

Та хэд ойн инженерийн мэргэжил эзэмшсэн анхны хүмүүс болон ирж байв уу?   

1955 онд манай сургуульд 3 хүн очсон байсан. Сүхбаатар аймгийн Бухаа, Баянхонгор аймгийн Равжирын Аварзэд, Хэнтийгээс Жүгдэрийн Цагаанхүү нар байлаа. Манай академийг төгссөн Цэдэн гэж Ой модны аж үйлдвэрийн яамны сайд байсан, Хаянхирваа, Ховд аймгийн Нүржмийн Мягмар нар Ойн агнуурын хэргийг шалган байцаах газрын дарга байсан, Авирмэд багшилж байгаад тэтгэвэртээ гарсан байдаг юм.

Мэргэжлийн анхны ойн мэргэжилтнүүдийн нэг, залуу инженер ажлынхаа гарааг хаанаас эхэлж байв? 

-Би сургуулиа 1961 онд төгсөж ирээд Хөдөө аж ахуйн яаманд хуваарилагдаж анхныхаа цалинг авч байлаа. 1962-1968 онд Ойн экспедицид инженер, салбарын дарга хийлээ.

1968 онд Ойн аж ахуй мод боловсруулах үйлдвэрийг удирдах ерөнхий газарт шилжиж, ойжуулалт ой нөхөн сэргээх ажлыг хариуцан ажиллалаа.  Дараа нь улс төрийн ажил хийсэн,  гэхдээ яг улс төр биш л дээ. МАХН-ын Төв хороонд Ой модны асуудал хариуцсан албыг гүйцэтгэж байсан. Энд 10 гаруй жил ажиллаад 1985 онд буцаад Ой модны аж үйлдвэрийн яамандаа ирж газрын дарга болсон. 1987 онд бүтцийн өөрчлөлт хийж Байгаль орчныг хамгаалах яам байгуулагдсан.  2003 он хүртэл яаманд ажиллаж байгаад Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжин ажиллаж 2004 онд тэндээсээ өндөр насныхаа тэтгэвэрт гарсан . Улсад 42 жил 2 сар ажилласан байдаг юм.

Та гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу, танайх хэдэн хүүхэдтэй вэ?

Гэр бүлийн хүн маань П.Жаргал гэдэг. Багшийн дээд сургууль төгссөн багш хүн, Барилгын техникум, Үйлдвэр урлалын дээд сургуулиудад шугам зургийн багшаар ажиллаж байсан.

Бид 3 охинтой. Охидууд маань цахилгааны инженер, бага ангийн багш, эдийн засагч мэргэжилтэй. Харин 2 зээ маань Эко-Ази сургуульд суралцаад төгссөн. Одоохондоо мэргэжлийн ажил олдохгүй өөр ажил хийж байна. Тэр сургуулийг төгссөн нэг охин зээ маань их сүрхий сэргэлэн, түүнийгээ мэргэжлийн ажилд оруулах юмсан гэж дотроо бодож явдаг.

Таныг харж байхад бүх юм чинь л ойтой холбоотой юм шиг. Тэтгэвэртээ гарсан ч Ойн булаг гэдэг газар амьдраад,  мэргэжлийнхээ ажлыг үргэлжлүүлэн хийгээд л явж байгаа  юм шиг харагдаж байна?

Тэтгэвэртээ гараад зүгээр суусангүй төсөл хөтөлбөрт хамрагдаж Байгаль орчны ажилтан, байгаль хамгаалагч бэлтгэх сургуульд багшилж байлаа. 1962 онд ХААДСургууль анхныхаа элсэлтийг авч байсан. Тэнд бас цагийн багш хийдэг байлаа. 1967 онд Монголд анх удаа ойн инженер гэдэг мэргэжлээр төгсөлт болж байлаа. Тэнд суралцаж байсан хүмүүсээс Алагаа гэдэг хүн Аж үйлдвэрийн гавъяат ажилтан болсон. Эд нар төрөл бүрийн салбарт хөдөө орон нутгаар аймаг хотоор ажиллацгаасан даа. Геоэкологийн хүрээлэнтэй  хамтарч Байгаль орчны мастер төлөвлөгөө хийгээд агаар судлах, цас усны дээж өгөх зэргээр ажил мундахгүй л байдаг. Эхнэр маань энд бас л их ажилтай, ойг нөхөн сэргээх ажил хийнэ гэж их тэмцэнэ, шигүү ургасан модыг шилжүүлж суулгана, энд мод бэлтгэж байгаа хүмүүстэй мөнхийн дайн дажинтай ер нь бас амаргүй дээ. Бид харин түлээ түлшинд зориулаад хатсан, өмхөрсөн ойгоос цэвэрлэх ёстой модыг ашигладаг. Үнэлгээний компанид бас ажиллаж үзсэн. Энэ талаар холбогдолтой ном товхимол бас бичнэ.

Та энэ хугацаанд салбарынхантайгаа хэрхэн холбоотой ажиллаж ирэв?

Хэнтийн Дадал сумын 3 нуурын төсөл дээр нэг жил ажилласан. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний нэг компанид бас ажиллаж үзлээ. Одоохондоо гэвэл БОНХЯ дээр Сэлэнгэ аймагт алт бэлтгэж байсан газрыг нөхөн сэргээнэ гэдэг төсөлд хамтран ажиллах гэсэн яриатай байгаа. Яамны зүгээс энэ ажлаа эхлүүлчихвэл миний зүгээс очиж мэргэжлийн зүгээс нь заавар зөвлөлгөө өгөөд хамтраад ажиллахад татгалзаад байх юм алга л байна.

90 жилийн түүхтэй энэ салбарт таны санаанд үлдсэн том том ажлууд юу байна?

1970-аад оноос энэ ой тэмдэглэх тухай асуудлыг үүсгэсэн байдаг. 1973 онд Төв хороонд очиж ажиллахдаа ойн салбарынхаа ажлыг дүгнэдэг тэмдэглэлт арга хэмжээг хийж байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Майдар даргын өгсөн үүргийн дагуу 1974 онд ойн салбарын 50 жилийг анх тэмдэглэх шийдвэр гаргуулаад анх энэ арга хэмжээг зохион байгуулсан. Урд талынх нь эх сурвалжаас үзэхэд 1924 онд тэр үеийн засгийн газрын шийдвэрийн дагуу Аж ахуйн явдлын яам гэдэг газар байгуулагдсан байдаг юм. Тэр яаманд Ой модны хэлтэс байгуулж даргаар нь Рэнцэн гэдэг хүн томилогдсон байдаг юм. Өмнөговь аймгийн Манлай сумын хүн юм байна лээ. Тэр үед болсон  Улсын анхдугаар хурлаас ойн ангиудыг байгуулах шийдвэрээр Улаанбаатар, Ерөө, Онон, Хөвсгөл гэсэн 4 газарт ойн ангиудыг байгуулсан байдаг юм. Анхны эх үүсвэр нь эндээс эхэлж цаашид өргөжин нэмэгдсээр ирсэн түүхтэй. Салбарын ажлаа дүгнэж тэргүүний хүмүүсийг тодруулж, Ойн салбараас зарласан уралдаанд  Б.Лхагвасүрэнгийн шүлэг, Ц.Чинзоригийн хөгжим  “Үүлэн цэнхэр хангай” гэдэг дуу тэргүүн байр эзэлж, шагнаж урамшуулсан хүмүүс сэтгэл нь сэргэж баярын уур амьсгал бүрдэж их л сайхан мэдрэмж бий болдог юм байна лээ. Энэ арга хэмжээний хүрээнд салбарын гавъяат гэдэг цолыг бий болгосон юм. Энэ үеэр салбарынхан үнэхээр их баярлацгаадаг, ажил төрөл нэгтэй хүмүүс уулзаж, ажлаа дүгнэдэг, ярилцдаг болсон нь ач холбогдолтой. Энэ үеэр ойн гавъяат ажилтан бий болгосон. 1950-иад оны дундуур Украины Четомир хотод 3 хүн төгсөж ирсэн.  Манай орлогч сайд байсан Н.Гомбожав, хотын дендрологич байсан Бадамжав, мөн Юндэн гэж байсан.  Энэ гурвыгаа ярьж байгаад Гомбожавт анхны гавъяат ажилтан цол олгож байж билээ. Түүнээс гадна бас гавъяат болсон хэд хэдэн хүн бий л дээ. Жангас, Дамдинжав, хамгийн сүүлд Жамсран ойн гавьяат болоод түүнээс  хойш  энэ салбарын гавъяатууд маань “Байгаль орчны ажилтан” гэдэг цолтой болсон.

Та хэдэн онд “Байгаль орчны гавьяат ажилтан” хэмээх эрхэм хүндэт шагналыг хүртэж байв?

Би 2007 оны 2 сарын 15-нд битүүний урд өдөр 73-ныхаа жил дээр Монгол Улсын Байгаль орчны гавъяат ажилтан цолоор шагнуулж байлаа.

Олон жилийн түүхийн хуудас эргүүлсэн энэ салбарын ололттой болон дутагдалтай талын тухай та юу гэж бодож байна?

Ойн байгууллага гэдэг нь ерөнхий нэр бүрэлдэхүүний хувьд бас хуваарьтай. Үүнд ойгоо хамгаалах, ангийн асуудал, мод бэлтгэх боловсруулах бүх үйлдвэрүүд хамаарагддаг. Энэ тухай олон хууль тогтоол гарснаас эрх зүйн хувьд дэвшилттэй зүйл олон гарсан. Ойн үндэсний хөтөлбөр бас байна. Эрх зүйн хувьд ч нилээд нарийвчлагдаж ирсэн байдаг.

Урд нь байгаль ойтой харьцах явдалд хүмүүс их болгоомжтой ханддаг байж. Ашигласан бол хамгаалах ёстой гэдэг байсан. Одоо хүмүүсийн харьцаа ч их өөрчлөгдөж зөрчил ч их гарч байна. Цөөхөн хүмүүс, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой нөхөрлөлүүд олон байгуулагдаж байна. Гэхдээ энэ нь янз янз байгаад байна. Зарим нь ойн нэг хэсгийг хувьдаа ашиглах хандлагатай ч юм шиг, зарим нь тэр ойгоо хамгаалах чиглэлтэй гэх зэрэг сэтгэлд бас бүрэн дүүрэн нийцэж өгөхгүй л байна. Гэхдээ энэ олон хөдөлгөөн төрийн бус байгууллагууд хэрэгтэй боловч ноцтой зөрчил гараад л байна. Ангийн талаар их ярьж байна. Модыг импортоор авах тухай ярьж байна. Энэ байж болно л доо. Гэхдээ импортоор ашиглахдаа мэргэжлийн үндсэн дээр ашиглах нь зүйтэй.

Ойн салбарын өнөөгийн боловсон хүчний байдал ямар байна вэ?

Боловсон хүчний хувьд 1962 оноос мэргэжлийн хүнийг бэлтгэсэн одоо МУИС, ШУТИС бэлтгэж байна. Түүнээс өмнө нэг хэсэг техникумд бэлтгэж байсан байх. 1970 оны үед Хялганатын техникум гэж байсан. Анхны захирал нь Санжмятав байлаа. Хөвсгөл, Сэлэнгэд Ойн ТМС байгуулагдсан.  1968 оноос модны үр бэлтгэх ажил хийгээд нарсны боргоцой бэлтгэж үрийг салгадаг аж ахуй байгуулсан.

Хүн бүр байгалийн хишгийг хүртэн амьдарч байна. Харин түүний хариуд байгалиа хайрлаж, хамгаалж байх ёстой. Гэтэл тийм хүмүүс цөөрөөд байх шиг?

Байгаль орчин, ойн баялгийг хамгаалахад иргэдийн нөхөрлөл ТББ чухал үүрэгтэй. Гэхдээ иргэн нэг бүрийн амьдарч байгаа орчныхоо байгалийн баялгаа хамгаалах ёстой.  Миний юм, манай юм, улсын минь юм, ирээдүй хойч үеийнхний өмч юм гэсэн сайхан сэтгэлээр эзний ёсоор  хандах хэрэгтэй. Бүрэн бүтэн үлдээх үүргээ ухамсарлах хэрэгтэй. Иргэн хүний сэтгэл гэдэг юм л дутагдаж байна.

Байгаль хамгаалагчийн ажлын нөхцөл хэцүү гэдэг, өнөөдрийн байдлаар тэдэнд туслах сайн дурын идэвхтэн зэрэг хүмүүс байдаг уу?

1809 оноос л Байгаль хамгаалах хөдөлгөөн анхны гишүүд Богд ууланд бий болсон гэдэг юм. Тэр уламжлал уг нь байх ёстой юм. Байгаль хамгаалагч гэдэг их чухал хүн. 1985 оны үед байгаль хамгаалагчдын хариуцах талбайн норматив гэж байхад байгаль хамгаалагчдын тоо 1000 хүрч байсан. Одоогийн байгаль хамгаалагчдыг харж байхад техникийн хөгжил өндөр болсон учраас утсаар яриад суухаас биеэрээ очиж шалгаж барихаа больчихож. Уг нь байгаль, ан амьтнаа маш сайн мэддэг өөриймсөг байх л хэрэгтэй л дээ. Иргэдээс тусламж авахдаа тэдэнтэйгээ амьд харилцаа үүсгэхээ больчихож. Энэ нь байгаль, ой, ан амьтнаа гэсэн сэтгэл дутагдаад байгаа юмуу гэж харагдаж байгаа юм.

Одоогийн хүмүүсийн ухамсар нь байгалаа хамгаалж хойч үедээ бүрэн бүтэн үлдээнэ гэхээсээ илүү би ашиглах ёстой, үр шимийг нь хүртэх  ёстой гэж ойлгох нь давуу болсон юм шиг санагддаг. Гэхдээ нөхөн сэргээгдэхгүй баялаг гэж байна л даа. Алт нүүрс жонш гэх мэт ашигт малтмал голдуу. Тэрний хувьд бол өөр асуудал яригдана. Нөхөн сэргээгдэх баялаг буюу ой, ан, ус зэргийг хүн бүгд анхаарч хайрлаж сурах хэрэгтэй. Нөхөрлөл байгуулж байгаа хүн хоёр янз байна. Нэг хэсэг нь ашиглахын төлөө байхад нөгөө нэг нь хамгаалж тордож байж ашгийг нь хүртэх гэдэг зорилготой. Ашиглана гэдэг бол их  чухал асуудал. Нөхөн сэргээх гэж байгаа ААН, иргэдийг сайн дэмжих хэрэгтэй.  Зах зээлийн энэ  үед зөрчил илрүүлсэн, санаа зовсон, тэмцсэн иргэнд их бага гэлтгүйгээр таарсан урамшуулал зайлшгүй байх ёстой.

Нөхөн сэргээх ажил хэрхэн хийгдэж байв?

1969,1970,1971 оноос эрчимтэй эхэлсэн, үрээр нь тарьц бэлтгэж тарьдаг байсан. Одоо хийж байгаа ч ерөнхий далайц нь багадаад байна. Нано технологи нөхөн сэргээх ажилд ирээдүйд нэвтрэх байх л даа.

Ой угтсан олон ажлууд хийгээд эхэлсэн, энэ бүхэнд та оролцож байгаа биз дээ?

Ойн цэвэрлэгээ хийх гэж байгаа сайшаалтай ч энэ далимаар шунахайн сэдэл хажуугаар нь орохыг үгүйсгэх аргагүй тул сэргийлэх хэрэгтэй.

Энэ жил бас Монголын байгальд ойн тооллого хийнэ гээд байгаа. Энэ бол техник технологийн дэвшлийг харуулсан маш том ажил боловч ул суурьтай сайн хийх хэрэгтэй. Би их баяртай дэмжиж байгаа.

90 жилийн ойгоор 90000 мод суулгана гэж байна лээ. Гэхдээ радиогоор суулгац гэж яриад байна лээ. Уг нь хотын ногоон тохижилтыг суулгацаар хийдэг, харин ойг тарьцаар хийдэг юм шүү дээ. Энэ мэтийг л гэхэд зөв сурталчилах хэрэгтэй.

Сонирхуулж хэлэхэд улс төрийн товчооны гишүүн Майдар гуайн санаачлагаар 1974 онд 50 жилийн ойгоор Яармагийн наад талын аманд 50-ийн тоог мод шилжүүлж суулгах аргаар тарьж ургуулж байлаа. Одоо  сайн ажиглавал харагддаг л юм.

Одоо хүнд үзүүлж харуулаад байдаг Хүүшийн амны хэсгийг бид нар 1963-1964 оны хавар хийсэн юм. Маш сайхан ургасан, дараа нь жаахан доошлуулаад тарих гэтэл сайн болоогүй. Ойжуулалтын ажилд ойн орчин их чухал л даа. Өөрөөр хэлбэл газар сонгох гэсэн үг. Ойг ургуулах ойжуулах ажлыг мэргэжлийн хүн л хийнэ. Энэ бол бас тийм санаан дураар болчихдог ч ажил биш. Манай олон сайхан алдартай туршлагатай ойн инженерүүд бий. 1974 онд төгссөн Дундговийн Бямбаа гэж бий. Дундговьт нилээд их юм хийсэн хүн. Бугантад  Алтанцэцэг, Хэнтийн Биндэрт Мөнхбаяр гээд хийсэн бүтээсэн, байгуулсан гавьяатай инженерүүд бий. Ялангуяа Ховдын Цэндсүрэн бол гавьяат цолтой олон улсын шагналтай сайн инженер. А.Цэндсүрэн аймгийн төв нисэх буудлын хоорондох билүү газрыг аваад маш сайхан болгосон байдаг юм. Миний хэлэх гээд байгаа гол зүйл бол энэ ажилд яалт ч үгүй мэргэжлийн хүн, сэтгэл, зүтгэл гурав хэрэгтэй гэдгийг л төр, иргэдгүй ойлгох хэрэгтэй гэсэн үг юм. Урд нь ядаж дамжаа курсээр ойн мэргэжилтнүүдийг бэлддэг байсан бол одоо бараг байхгүй болж. Харин Эрдэнэтөгс нэг сургууль байгуулж байгаа гэсэн, түүнийг нь харин төрийн зүгээс дэмжих хэрэгтэй.

Одоо Улаанбаатарын өнгө зүс болоод байгаа хотын ногоон байгууламжийг анх хэдэн оны үед бий болгосон юм бол?

Энэ ч нилээд дээр үеийн юм л даа. Бадамжав гэдэг хүнийг хотын ерөнхий дендрологчоор ажиллаж байхад нилээд зүйл хийгдсэн байдаг, дараа нь манай Чимид  маш үр бүтээлтэй ажиллаж байлаа. Хотыг цэцэрлэгжүүлэх чинь ойжуулалтаас хамаагүй өмнө эхэлсэн байдаг юм. Эд нарын үед их хариуцлагатай байсан боловч одоо нэг л хайхрамжгүй юм шиг болчихож.

Мод бол их олон жил ургадаг урт настай учраас түүнийг хамгаалах сэргээх ажлыг гар биеэрээ хийсэн хүн урт насалдаг  гэж ярьдаг шүү дээ. Жишээ нь: навчит мод 40-50 жил, хуш бол 200 жил, шинэс мөн 200-д жил, нарс бол арай наана 100 гаруй жил насалдаг тул маш урт удаан цаг хугацаа шаардсан ажлыг хийдэг хүмүүсийн хөдөлмөр бусдын хариуцлагагүйгээс хоромхон зуур үгүй болохоос гадна хэн бүхэн мэдээд, чадаад сэргээчихдэг зүйл биш, бас дээрээс нь хэрэв ногоон экологи байхгүй бол өөрсдөө үхлийн ирмэгт хүрнэ гэдгээ зарим хүмүүс ухамсарлахгүй байгаа нь л хамгийн  хэцүү байна даа .

О.Батхуяг

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.