Чингис бондоос санхүүжүүлсэн өвлийн хүлэмжийн ногоо импортын 20 хувийг орлоно

Twitter Print
2014 оны 06-р сар 02-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

"Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног"-т хийхээр төлөвлөсөн ажлуудад баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн саналыг тусгахаар Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулсан. Энэ зөвлөлөөс Засгийн газрын бодлого шийдвэрт дэвшүүлсэн санал, хийсэн ажлын талаар долоо хоног бүрийн даваа гарагт мэдээлэл хийж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт тус зөвлөл Монголд зээлийн үйлчилгээ үзүүлэхэд гарч байгаа хүндрэлүүдийг шийдэх гарц, үйл ажиллагааны зардлыг бууруулах арга замын талаар Монголбанк, Монголын банкны холбоотой хамтарч ажиллаад, бизнес эрхлэгчдийн зүгээс хэд хэдэн чиглэлээр тодорхой санал, зөвлөмжийг Засгийн газарт хүргэлээ. Дээрх зөвлөмжүүдийн дагуу шийдвэр гарвал бизнесийн үйл ажиллагаа нь удааширсны улмаас зээлийн төлбөрөө төлж чадахгүй байгаа компаниудад үр ашиг өгнө гэж зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан хэллээ.

Мөн хүнсний ногооны импорт орлох өвлийн хүлэмжийн аж ахуйг Засгийн газраас дэмжсэний үр дүн гарч эхэлснийг тус зөвлөлөөс мэдээллээ. Энэ чиглэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс 88 төсөл ирсний 15-ыг нь дэмжин санхүүжүүлж, эхний хүлэмжүүд өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон. Чингис бондын хөрөнгөөс 23,4 тэрбум төгрөгийг өвлийн хүлэмжийн төслүүдэд зориулан байршуулснаас 70 хувийг нь гаргаж санхүүжүүлээд байна гэж ҮХААЯ-ны “Өвлийн хүлэмжийн аж ахуй” төслийн нэгжийн захирал А.Чойжамц танилцууллаа.

Энэ онд 32 га талбайд өвлийн хүлэмж байгуулахаас 20 га-г нийслэлд, үлдсэнийг орон нутагт барина. Өвлийн хүлэмжид тарих өргөст хэмх, улаан лооль, чинжүү, саладны байцаа, гүзээлзгэнэ улсын нарийн ногооны нимпортын 20 шахам хувийг орлоно гэсэн урьдчилсан тооцоо бий. Хүлэмжид тариалсан ногоо зах зээлд борлогдож эхэлсэн ба зах зээл дэх нарийн ногооны үнийг огцом хямдруулж байна гэж бизнесийн төлөөлөл дүгнэлээ. Улирлын хамааралгүй ажиллаж, энэ хэрээр олон ажлын байр хадгалах нь өвлийн хүлэмжийн эдийн засагт үзүүлэх бас нэг чухал нөлөө юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.