
БНХАУ-ын Жөжян мужийн Иву хотод гэрлэх гэж буй хосуудад зориулан хосынхоо өмнө нь хүчирхийлэл үйлдэж байсан эсэхийг шалгах лавлагааны системийг ирэх сарын 1-нээс эхлэн нэвтрүүлэх гэнэ.
Хятадын цахим мэдээллийн The Paper сайтад бичсэнээр гэрлэхээр төлөвлөж буй хосууд өөрийн иргэний үнэмлэх болон хамтрагчийнхаа хувийн мэдээллийг өгснөөр сүйт бүсгүй эсвэл сүйт залуугаа өмнө нь "гэр бүлийнхээ хүрээнд эсвэл хамтран амьдрагчийнхаа эсрэг хүчирхийлэл" үйлдэж байсан эсэхийг нь шалгах боломжтой болох аж. Түүнчлэн нэг хүн жилд дээд тал нь 2 удаа л уг системийг ашиглах боломжтой гэнэ. Иву хотын Эмэгтэйчүүдийн холбооны гишүүн Жоу Данинь эрх баригчдын уг алхмыг сайшааж буйгаа илэрхийлэн, уг систем нь хотын иргэдийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс сэргийлж чадна гэжээ.
Түүний хэлж байгаагаар Гэр бүлийн Хүчирхийллийн Бүртгэлийн системээс 2017 оноос хойших хэргийн бүртгэлийг харж болох аж. The China Daily сонинд ярилцлага өгсөн хуульч Хан Жин гэрлэх гэж буй хүнийхээ зан чанарыг мэдэж авах нь хүний эрх бөгөөд нэвтрүүлж буй уг систем нь хүний эрхийг хамгаалсан явдал боллоо хэмээн онцолжээ. Хятадын нийгмийн сүлжээгээр ч мөн адил уг алхмыг сайшааж, Гэр бүлийн Хүчирхийллийн Бүртгэлийг улс даяар нэвтрүүлэх нь зөв хэмээн уриалж байна. Хятадад сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн асуудал ихээр яригдах болсон ба 2001 оноос өмнө гэр бүлийнхээ хүнд гар хүрэх нь гэр бүлээ цуцлуулах шалтгаанд тооцогддоггүй байсан юм.
2016 оны 3-р сараас л дөнгөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд шийтгэл ногдуулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор гэр бүлийн хүчирхийлэл дэлхий даяар өссөн ба Хятадад л гэхэд хөл хорио тогтоосон бүс нутгуудад цагдаагийн газарт ирэх гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 2-3 дахин нэмэгджээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.