Х.Тэмүүжин: Хүний амиар тоглох хүртлээ хуулийн байгууллагын үйл ажиллагааг гажуудуулж байна

Twitter Print
2014 оны 06-р сар 03-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн талаар ярилцлаа.

-Нийгэмд хүлээлт үүсгэсэн Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийг УИХ хэлэлцэж байна. Эрүүгийн болоод Захиргааны хэргийн тухай хуулиас ямар давуу бодлогыг хуульд шингээсэн бэ?

-Захиргааны хариуцлагын болоод Эрүүгийн хууль нь хоёр өөр зохицуулалттай юм шиг хэрнээ олон зүйл дээр давхацсан байдаг. Хоорондоо зөрчилтэй хууль байх нь хуулийн үйлчлэлийг саармагжуулдаг. Мөн хууль хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудад маш их боломжийг олгодог. Авлига, хээл хахууль, танил тал, хувийн ааш аягаа ч гаргах боломжийг олгосон гэсэн үг. Тиймээс зөвхөн Эрүүгийн хуулийг өөрчилж байна гэж харж болохгүй. Жишээлбэл, Захиргааны хариуцлагын болон бусад хуулиудад энэ заалтыг зөрчвөл тийм хариуцлага хүлээлгэнэ гээд биччихсэн хэрнээ бусад 220 хуульд яг тэр заалтаа өөр шийтгэлтэйгээр томъёолоод оруулчихсан байдаг нь төвөгтэй байлаа. Жишээ нь Эрүүгийн хуульд “баримт бичгийг хуурамчаар үйлдвэл гурван жил хорино” гэсэн заалттай. Гэтэл Боловсролын тухай хуульд “Боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн бол 50 мянган төгрөгөөр торгоно” гэж заасан. Нэг үйлдэлд хоёр өөр шийтгэл оноохоор хуульд тусгачихсан нөхцөлд хуульч яаж ажиллах вэ гэдэг асуудал босно. Өөрт нь таалагддаг хэсэг бүлэг, танил талдаа хөнгөн шийтгэлтэйг нь, таньж мэдэхгүй, мөнгө төгрөггүйд нь хүнд шийтгэлтэй хуулийг нь ашиглах боломж байгаа юм. Ихэнх тохиолдолд хүнд шийтгэлтэй хуулиа барьж аваад “Чамайг гурван жил хорино” гэдэг. Тэгэхээр иргэн гурван жил шоронд суухгүйн тулд танил талаараа яриулж, хахууль өгөх гэж оролдоно. Ингээд хууль хэрэгжүүлэх бус, хувь хүмүүсийн хоорондын яриа өрнөнө. Тохирч чадвал 50 мянган төгрөгөөр торгоно, чадаагүй бол гурван жилийн ялыг нь өгөөд явуулдаг. Ийм ойлгомжгүй, тодорхойгүй, дур зоргоороо аашлах хуулийн тогтолцоо манайд байна. Үүнийг өөрчлөхийн тулд Зөрчлийн болон Гэмт хэргийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулсан. Хууль батлагдвал хоёр гараар иргэдтэй харьцдаг хуулийн байгууллагын ажиллагааг таслан зогсоох боломжтой.

-Эрүүгийн хуулийг хэт шоронжсон гэж шүүмжилдэг. Гэмт хэргийн тухай хуульд ялын бодлого яаж тусч байгаа бол?

-Эрүүгийн тухай хуульд маш их шүүмжлэл байсан. Нэгдүгээрт нь шоронжуулсан бодлоготой, өчүүхэн жижиг алдаа гаргасан залуу үеийнхэнд хамгийн хатуу хууль юм. Хоригдлуудын ихэнх нь залуус байна. Дийлэнхдээ танхайн хэргээр орсон байдаг. Яагаад гэвэл хууль нь ийм хатуу. Шүүгчдэд ямар ч боломж олгоогүй. Гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гээд ангилчихсан. Үүнээс болоод шүүхийн шийдвэр гэмт хэргийн нөхцөл байдалд тохирч гаргахаасаа илүүтэй ялыг механикаар тулгадаг. Шүүхэд боломж олгоогүй, ялыг бодлогыг хэтэрхий хайрцагласан байгаа нь шоронжсон нөхцөл байдлыг үүсгээд байгаа нь Эрүүгийн хуулийг өөрчлөх гол шаардлага болсон. Нэг хэрэгт 5-8 жил өгөх бус, 3-8 жил өгөх гэх мэтээр ялын дээд, доод хэмжээг дэлгэж өгсөн.

-Шинээр маш олон гэмт хэргийн заалтууд олон орсон, энэ нь эргээд нийгмийг шоронжуулах нь гэсэн шүүмжлэл бас гарч байна билээ?

-Шинэ төрлийн гэмт хэргийг одоо байгаа Эрүүгийн хууль үнэхээр зүйлчилж чадахгүй байна. Товчхондоо улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг гэх мэт үзэгдлүүдийг зүйлчилж хариуцлага тооцоход Эрүүгийн хуулийн хүч, нөөц нь хүрэхгүй байгаа юм. Үүнийг өөрчилж, зүйлчилж өгсөн. Бас нэг асуудал байсан нь үнэт зүйл. 1990 оноос хойш бид шинэ нийгэм рүү орсон ч шинэ нийгмийнхээ үнэт зүйлийг хамгаалдаг хууль тогтоомжтой болсон уу гэвэл үгүй. Энгийн нэг жишээ дурьдахад “нэр төр гутаах” гэдэг асуудал хувь хүнд байдаг болохоос биш төрийн байгууллагад байж болохгүй. Гэтэл өнөөдөр төрийн байгууллага миний нэр төрийг гутаалаа гээд иргэдээ шоронд хийх нь холгүй байна. Энэ нь уг хууль социализмын үеийнх шиг хамгийн чухал нь төр, хоёрдугаарт иргэн гэдэг зарчмыг хадгалсны илрэл. Иймэрхүү үнэт зүйл, хандлага, зарчим гээд олон зүйлийг өөрчлөхийн тулд Эрүүгийн хуулийг өөрчлөх шаардлага байсан.

Захиргааны хариуцлагын тухай хуульд иргэн захиргаанаас тогтоосон дүрэм журам, хэм хэмжээг зөрчсөн торгоно торгоно гэсэн байх атлаа хажууд нь төрийн албан хаагч, төрийн байгууллага албан үүргээ гүйцэтгээгүй бол бас торгоно гээд биччихсэн байгаа юм. Төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгээгүй бол цалингийн хувийг хасна, сануулна эсвэл албан тушаалаас нь бууруулна, хөөн зайлуулах ёстой. Гэтэл торгуулийн шийтгэл оноохоор заасан нь албан тушаалтныг эргээд “авлига ав” гэсэнтэй адил болж байгаа юм. Дараагийн нэг эмгэнэлтэй зүйл нь Захиргааны хариуцлагын тухай хуулиар төр иргэнийг буруутгаад шийтгэж байна. Тэгсэн атлаа иргэний шүүхээр асуудлыг шийдэж байна. Иргэний шүүх хоёр иргэний асуудлыг шийддэг болохоос биш төр, иргэн хоёрын хоорондох асуудлыг шийддэг газар биш. Энэ бүгдийг бид анзааралгүй урсгалаар нь явуулснаас иргэний эрх хөсөр хаягдаж байна.

-Тэгвэл хувийн өмчийн халдашгүй байдлын тухай ойлголт ямар хэм хэмжээнд туссан бол?

-Аль ч оронд гэмт хэргийн улмаас олсон орлого болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйлийг хураадаг. Гэтэл одоо байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэгт огт хамааралгүй, өөрийн хүч хөдөлмөрөөрөө олсон баялгийг нь буюу “хөрөнгө хураах” ялтай. Гэмт хэргийн тухай хуулиар тэр ялыг байхгүй болж байгаа. Юу үлдэж байгаа вэ гэвэл хохирол барагдуулах зорилгоор иргэдийн өмчид халдаж болно, мөн гэмт хэргийн улмаас олсон орлого болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өмч хөрөнгийг нь хураана.

-Сэжигтнийг заавал цагдан хорьж байж хэргийг нь шийддэг нь иргэдийн эрхийг ихээр зөрчих, улмаар эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулахад хүрдэг тухай байнга шүүмжилдэг. Үүнийг өөрчилж байгаагэсэн. Хууль батлагдвал “Ганц худаг”-т хүн үлдэхгүй гэсэн үг үү?

-Гэмт хэргийн тухай хууль Өршөөлийн хууль биш. Гэмт хэргийн тухай хуулиар зарим нөхдийнх нь ял багасна. Гэмт хэргээс зөрчил рүү орсон зүйлчлэлтэй бол суллагдана. Тэгэхээр бүгд гарна гэсэн үг биш. Зарим төрлийн гэмт хэрэг дээр хуучин ялын бодлогыг хадгалж үлдэж байгаа. Албан тушаалын гэмт хэрэг дээр л гэхэд хуучин ялын бодлого хэвээрээ байгаа. Мөн Гэмт хэргийн тухай хууль гарахтай холбогдуулаад өршөөл үзүүлэх, Өршөөлийн тухай хуулийг гаргах асуудал яригдана. Харин сэжигтнийг хэрэг хийсэн гэдгийг нь нотолж чадаагүй байж хугацаагүйгээр хорьдог байдал өөрчлөгдөж байгаа. Юу юуны туханд хүрэлгүйгээр цагдан хорьж, тэгээд гэм буруутай гэдгийг нь өөрөөр нь хэлүүлж байж шийтгэдэг зөвлөлт маягийн энэ арга барилаас татгалзана. Цахим гав, албадлагын арга хэмжээ, зорчих эрхийг нь хязгаарлах гэх мэт шинэ төрлийн ялтай болж байгаатайгаар холбоотойгоор хүнийг заавал цагдан хорьж байж хэргийг илрүүлэх шаардлагагүй болно. Цагдан хорьж байгаа гол шалтгаан бол мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулах, оргон зайлах магадлалтай гэсэн хоёр үндэслэл байгаа шүү дээ. Энэ шалтгаанаар бүгдийг нь хоморголон хорьж байгаа. Электрон гавыг нэвтрүүлчихвэл тэр хүнийг хаана явж байгааг нь араас нь хөөцөлдөлгүйгээр мэдэж чадах учраас оргон зайлах боломжгүй болж байгаа юм.

-Урьдчилан саатуулах хугацааг ямар хэмжээнд тогтоож өгч байгаа вэ?

-Бидний гол зорилго бол буруутгагдаж байгаа хүнийг барьж хорьж, өөрөөр нь хэрэг хүлээлгэх бус, гэмт хэрэг хийсэн гэдгийг нь хуулийн байгууллага өөрөө нотлох ёстой. Социализмын үед гэмт хэргийг нотлох эхний арга техник нь хүн гэм буруугаа хүлээх гэж үздэг байсан. Зодож байгаад ч болов гэм буруутай гэдгийг нь хүлээлгэчихвэл баттай нотоллоо гэж үздэг. Ардчилал хөгжсөн орнуудад гэмт хэргийг өөрөөр нь нотуулахыг эрүүдэн шүүх ажиллагаа гэж үздэг. Тэгэхээр хуулийн байгууллага өөр бусад нотлох ажиллагааг хийх ёстой. Тэгэхийн тулд шинжлэх ухаан, нотлох онол, хууль сахиулах байгууллагын арга барил өөрчлөгдөж байгаа.

-Хамгийн их шүүмжлүүлж байгаа заалт нь 14 настай хүүхдэд ял эдлүүлэхээр болсон асуудал юм шиг?

-Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуульд ял эдлүүлэх нас 16-аас эхэлж байгаа. Зарим хүнд хэрэг дээр 14 наснаас эхэлдэг. Үүнийг нийтээр нь 14 нас руу буулгасан нь гэмт хэргийн орчинд хүмүүжиж байгаа хүүхдүүдтэйгээ хуулийн байгууллагууд өөрсдөө ажиллахыг шаардаж байгаа юм. Нас  нь болоогүй гээд ялгүй гаргачихаар тэр хүүхэд 16 нас хүртлээ нөгөө гэмт хэргийнхээ орчинд амьдраад мэргэжлийн хулгайчийн хэмжээнд оччихож байна. Товчхондоо өнөөдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуульд хүүхдэд ялыг яаж оноох вэ гэдэг тусгай бодлого байгаагүй. Насанд хүрсэн хүнтэй яг адилхан ял оноодог. Харин Гэмт хэргийн тухай хуульд үүнийг тусгайлан зааж өгсөн. Жишээ нь хүүхдийг хорихдоо том хүнтэй ижил шоронд аваачаад хийдэг байсан бол Гэмт хэргийн тухай хуулиар хаалттай тусгай дунд сургуульд хүмүүжүүлэхээр заасан. Заавал нийгмээс нь тусгаарлахгүйгээр өөр бодлогоор гэмт хэргээс нь холдуулахаар ялыг зүйлчилсэн. 14 нас болгож бууруулсан маань хүүхдэд аюултай гэхээсээ илүү хүүхдийг цаашид аюултай замд орохоос нь хамгаалах арга юм.

Саяхан твиттерээс уншсан. Өсвөр насны нэг хүү цонхоор дөнгөж төрсөн эмэгтэйн дээрээс гялгар ууттай ус хаяснаас болж бөөн асуудал үүсэх дөхөж байна. Энэ мэт хүүхдийн хүмүүжлээс шалтгаалсан хэргүүд дээр эцэг эхийн хариуцлагыг ч бас зааж өгөх ёстой. Ямарваа хэрэг, зөрчлийн ард заавал хэн нэгэн хохирсон байдаг. Тэгэхээр хохирсон иргэнээ хамгаалах, ийм алдааг хүүхдүүд гаргахгүй байх талаас нь асуудлыг шийдэх, нөгөөтэйгүүр асран хамгаалагчид нь хариуцлага хүлээлгэж байх хэрэгтэй.

-Социализмын үед хүүхдийн засан хүмүүжүүлэх төв гэж байсан. Одоо тийм хорих байхаа больсон юм уу, Эрүүгийн хуулиар?

-Социализмын үед хүүхдийн колони буюу хөдөлмөрийн лагер гэж байсан. Тэр үеийн бодлого нь үнэгүй ажиллах хүчийг бий болгох зорилгоор шоронг дүүргэж тэр хүчээр бүтээн байгуулалтыг үнэгүй хийлгэдэг байсан. Харин ардчилсан нийгэмд хэн нэгнийг хөдөлмөрлүүлж байгаа бол мөнгийг нь төлөх ёстой. Бидний өнөөдрийн зорилго шоронг дүүргэх биш. Шоронд буруутай хүмүүсийг нь аваачна. Гэхдээ тэр хүмүүсээр бас ажил хийлгэнэ. Энэ нь зөвхөн хохирол барагдуулах шаардлагаар хийгдэж байгаа юм. Сүүлийн 20 жил манайд шоронг дүүргэдэг систем нь явсан ч ажил хийлгэдэг систем нь байхгүй болсон учраас татвар төлөгчдийн мөнгө баахан үрэгддэг. Бас давтан хэрэг гэдэг ойлголт байна. Нэг гэмт хэргийг чи дахин давтан үйлдээд байвал рецедив буюу онц, ноцтой гэмт хэрэгтэн гэсэн хаяг зүүдэг. Онц ноцтой гэмт хэрэгтэн гэж хэн нэгнийг цоллоод, ийм статус бий болгож байгаад тэр хүмүүсээрээ шоронд байгаа бусад хүмүүсийг хянуулж, дэглүүлэх зорилготой байсан. Онц ноцтой гэмт хэрэгтэн гэж цоллогдсон хүмүүс нь бусдыгаа айлгахын тулд үйлдсэн гэмт хэргүүдээ ярина. Бусад нь тэр хүний гэмт хэргээс суралцана. Яг их сургууль шиг. Үүний дараа 18 настай залуу амьдралын эрхээр нэг удаа хулгай хийж шоронд ороод гарч ирэхдээ шоронгийн овгорын даалгавраар, зохион байгуулалттайгаар хулгай хийдэг болоод гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл зохион байгууллалттай гэмт хэргийн үйлдвэрлэл нь шорон болдог гэсэн үг. Тиймээс “давтан гэмт хэрэгтэн” гэдэг ойлголт байхгүй болно. Төр өөрөө тэр хүнийг “онц ноцтой гэм хэрэгтэн” гэж цоллодог, нэг үгээр хэлбэр “PR”-ийг нь хийж өгдөгөө больж байгаа.

-Ял эдлээд гарч ирсэн хүмүүст зөвөөр амьдрах боломж бага байдгаас дахин гэмт хэрэг үйлддэг гэдэг. Энэ хуулийн “ялтай байдал” гэдэг ойлголт, ийм хүмүүсийг аль ч газар ажилд авдаггүйгээс болдог байх?

-Ял эдлээд гарч ирснийхээ дараа “ялтай байдал” гэж хэсэг хугацаанд явдаг байсан. Ялтай байдал гэдэг нь хүнийг нэр хаяг зүүж, ялгаварладаг ойлголт юм. Хүн гэмт хэрэг хийсэн байж болно. Түүнийхээ ял шийтгэлийг эдлээд гарч ирсэн бол буцаад л иргэнээрээ үлдэх ёстой. Тиймээс Эрүүгийн хуульд байсан “ялтай байдал” гэдэг ойлголтыг Гэмт хэргийн хуулиас хассан.

-Танхайн хэрэг яагаад хуульд байхгүй болчихов гээд Ц.Нямдорж гишүүн асуугаад байсан. Үйлдэл тус бүрээр нь зүйлчилж өгсөн гэсэн үг үү?

-Танхайн гэмт хэрэг гэж байхаа болино. Хамгийн гол нь танхай гэдэг нь бүхнийг оруулж болдог уут юм. Социализмийн үед иргэдийг төр засгийнхаа эсрэг босгохгүй, хянаж цагддаг тэр хэлбэрээ эвдэхгүйн тулд “танхай” гэж зүйлчилдэг байсан. Одоогийн хуульд танхайтай холбоотойгоор гэмт хэрэг гэж үзэж болох гурван л зүйл бий. Хэн нэгэн агсан согтуу тавьж бусдын биед гэмтэл учруулсан бол, бусдыг өмч хөрөнгө, эд зүйлийг эвдэж, устгасан бол, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол гууд угаасаа хуульд тусгачихсан байгаа. Энэ гурван үйлдэл нь гэмт хэрэг мөн гээд зүйлчлэгдчихээд байхад дахиад “танхай” гэж бүхнийг чихдэг уут байж болохгүй. Хүнийг тодорхой зүйлээр, үйлдлээр нь буруутгах ёстой.

-УИХ-ын гишүүд, төрийн өндөр дээд албан тушаалтнууд хэрэг хийсэн ч зохих шийтгэлээ амсдаггүй буруу тогтолцоо байдаг. Үүнийг Гэмт хэргийн хуулиар яаж засч, залруулах вэ?

-Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг зарчмыг л барих ёстой. Манайд ганцхан УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд бус мөнгөтэй, эрх мэдэлтэй эсвэл рецедив хэмээн өөрсдийгөө хуулийн дээр гаргаад тавьчихсан хүмүүст хууль үйлчилдэг үү, үгүй юу гэдэгт олон нийт эргэлзэж байна. Яах аргагүй танил талгүй, мөнгөгүй, эрх мэдэлгүй хүмүүс л шоронд явдаг юм байна. Энэ нь түрүүний хэлсэн хоёр төрлийн хариуцлага үүрүүлдэг хуулиудтай холбоотой. Хууль сахиулагч, хууль хэрэглэж байгаа хүмүүс өөрийнхөө үзэмжээр ажиллах боломж байгаа нь гол асуудал. Хоёрдугаарт Гэмт хэргийн хууль гэхээсээ илүүтэй процессийн хуулиуд дээр алдаанууд байна. Гуравдугаарт хуулиас давсан бүлэг хэсгүүд байна. Үүнийг шийдэхийн тулд цогц шинэтгэлийг явуулна.

-Эрүүгийн хуульд ял авахаар зүйлчлэгдсэн, одоо зөрчил болоод торгохоор заачихсан асуудлуудыг УИХ-ын гишүүд шүүмжилж сонсогдсон?

-Хуулийг бүтэн унших ёстой. Жишээ нь хууль бусаар галт зэвсэг эзэмшихтэй холбоотой нэг хэсэг асуудал нь Гэмт хэргийн тухай хууль дээр бичээтэй байна. Харин зөрчил рүү орсон хэсэг нь журам зөрчсөн тохиолдлууд байх юм. Жишээлбэл, би хуулийн дагуу галт зэвсэг эзэмших эрхтэй. Гэтэл галт зэвсгийг яаж хадгалах вэ гэдэг журам байна. Буу нь битүүмжлэгдсэн хайрцганд сумнаасаа тусдаа байх ёстой гэдэг ч юм уу. Үүнийг зөрчсөн тохиолдолд зөрчил гэж үзээд торгоно. Харин гэмт хэрэгтэй холбоотой асудал үүссэн бол Гэмт хэргийн тухай хуулиар шийтгэнэ.

-Гэм буруугаа хүлээвэл ялаас чөлөөлөгдөх үү?

-Гэмт хэргийн тухай хуулийн хамгийн дэвшилттэй бас нэг асуудал бол хохирол барагдуулах асуудлуудыг нэлээд түлхүү оруулж байгаа. Ний нуугүй хэлэхэд зарим төрлийн гэмт хэрэг дээр хохирсон иргэн хохирсноороо үлдэж, хохироосон нөхөр нь шоронд яваад алга болчихдог. Аль аль нь асуудлаа шийдүүлэлгүй, нэг нэгнээ үзэн ядсан хэвээрээ үлддэг. Үзэн ядсан харилцаа бугшаад ирэхээрээ нийгмийг зөрчилдөөнтэй, харгис болгодог. Энэ бүхнийг зохицуулахын тулд хохирлыг барагдуулах тухай нэлээд заалт оруулж ирсэн. Жишээ нь гэм буруугаа өөрөө хүлээвэл гэдэг заалт. Би буруутай гэж хэлбэл ялын хэмжээ нь доошоо буудаг шинэ тогтолцоо бий болж байгаа. Гэм буруугаа хүлээгээд, хохирлоо барагдуулаад бараг ялгүй үлдэх үү, эсвэл буруугүй гэж зүтгэсээр байгаад эцсийн дүнгээ харах уу гэдгээс сонголтоо хийж болно гэсэн үг.

-Шүүх хурлын үе шат бас өөрчлөгдсөн гэж яригдаж байсан?

-Анхан шатны шүүх хурал л гэхэд дөрөв салж байгаа. Баривчлахдаа шүүх хурал хийнэ. Нотлох бармтын шүүх хурал, гэм буруугййн шүүх хурал, ял оноох шүүх хурал гэж тусдаа явна. Ингэж ялгаж зааглаж байж ял завшихгүй байх боломж бүрдэнэ. Ийм систем бүрдээгүйгээс бараг бүх хэрэг давж, заалдах, дээд шүүх рүү явж байна. Сүүлийн үед хэн нэгэн өөрийн талд асуудлыг шийдүүлэхийн тулд дээд шүүхийн 15 шүүгчийн нэгийг нь таньдаг байхад хангалттай гэдэг зарчим хүртэл гарсан байна.

-Авилга өгсөн, авсан этгээдүүдэд ямар хариуцлага ирэх бол?

-Авилга авна гэдэг гэмт хэрэг. Харин тодорхой тохиолдолд авилга өгсөн талыг нь гэм буруугүйд тооцно. Жишээ нь, иргэд газрыг өмчилж авах хууль ёсны эрхтэй. Өмчлөөд авах гэтэл төрийн албан тушаалтны хүнд суртал, ойлгомжгүй байдлаас нь болоод өмчилж чадахгүйд хүрч, арга ядахдаа гарыг нь хүндрүүлж байна. Ингэж хууль ёсны эрхээ эдлэхийн тулд иргэн хахууль өгсөн гээд гэмт хэрэгтэн болж болохгүй. Харин авах ёсгүй үйлчилгээгээ авахын тулд төрийн албан хаагчид авилга өгсөн байвал хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Үүнийгээ илчлээд ирвэл ялыг нь хөнгөрүүлнэ.

-Гэмт хэргийн болон Зөрчлийн хууль гарснаар хоригдлуудын хэдэн хувь нь суллагдах бол гэдгийг нийгмийн нэг хэсэг хүлээж байх шиг?

-Ямар гэмт хэрэг үйлдсэнээс нь шалтгаална. Мэдээж ялын бодлого зөөлөрч байгаа. Нөгөө талд нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэмт хэргийг тодорхойлох шинж чанар нь илүү иргэншсэн, ухаалаг болж байгаа. Энэ зохицуулалтын үндсэн дээр одоо ял эдэлж байгаа хоригдлуудын 40 орчим хувь нь суллагдана. Үлдсэн хоригдлуудынх нь ял багасна. Ийм байдлаар үр дүн гарна.    

-Ярилцлагын сэдвээсээ хазайхад хорих байгууллагуудад хүний амь нас эрсэдсээр байна. Хамгийн сүүлд төрийн өндөр дээд албанд ажиллаж байсан хүний амь эрсэдлээ. Энэ явдлын хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Цагдан хорих төвд нэг иргэн нас барсан. Үүнтэй холбоотойгоор шалгалтууд хийгдэж байна. Буруутай, хариуцлага алдсан гэж үзэж байгаа албан тушаалтанд хариуцлага тооцно. Гэхдээ шууд хувь хүмүүсийг буруутайд тооцмооргүй байна. Яагаад ийм нөхцөл үүсээд байна вэ гэдгийг харах ёстой. Хуулийн болон хуулийн бус алдаанууд байна. Хүнийг бариад, цагдан хориод түүнийхээ дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулж буруутай гэдгийг нь нотлох арга барилаасаа салахгүй бол хуулийн байгууллагууд бүгд хүнийг барих донтой болчихсон байна. Хоёрдугаарт нь цагдан хорьж байгаа нөхцөл байдал нь эрүүдэн шүүх хэв маяг руу орчихож гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байна. Хүнийг мэдээлэлгүй, гэр бүл, амьдралаас нь тасалчихаад тэр бухимдал дээр нь тоглодог, түүгээр нь дамжуулж ар гэрийнхнийг нь дарамталдаг байдал газар авчихсан байна. Энэ бүгдийг таслан зогсоох ёстой. Урт хугацаа шаардагдах ч хийх л ёстой. Гэмт хэргийн хуулиас гадна Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуульд энэ тухай заалтууд орно. Мөн ял эдлүүлэх, цагдан хорих үйл ажиллагааны тухай хуулиудаар зохицуулах ёстой.

-Дээрээс тушаал өгсөн гэдэг шалтгаанаар эмчилдэггүй ойлголтыг яах вэ?

-Хэн тушаал заавар өгсөн талаар тодруулах байх. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дотроо тийм тушаал өгсөн асуудал бол байхгүй байх. Хамгийн гол нь хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага айдас үйлдвэрлэж ажиллах арга барил руу орчихлоо. Манай байгууллагын аваачиж хийсэн хүнийг тэгсэн байх юм бол өөр дээр чинь хэрэг үүсгэнэ шүү гэдэг ч юм уу. Аман сүрдүүлгээр ийм асуудал үүсгэх болж. Яах аргагүй араас нь тийм ажиллагаанууд явагддаг. ШШГЕГ-ынхан хуулийн дагуу ажиллаж байтал “бидэнд таалагдахгүй байна” гэсэн шалтгаанаар араас нь хэрэг үүсгэх гэж хөөцөлдөх, заналхийлэх тохиолдол байна. Энэ нь эцсийн дүнд хүний амиар тоглох хүртэл хуулийн байгууллагын үйл ажиллагааг гажуудуулж байна. Үүнийг засах ёстой. Хатуу хандах ёстой. Нөхцөл байдал тодорсны дараа хариуцлагыг нь үүрүүлж, өөрчлөх асуудлууд байвал бүхнийг хийнэ. ШШГЕГ руу би зохих хэмжээний шийдвэрийг явуулсан. Хуулиа дагана, хуулиар олгогдсон бүрэн эрхээ эдэлж ажиллана, хэн нэгэн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах байгууллагуудын нөлөөнд орохгүй, хууль зөрчсөн байвал та нар өөрсдөө хариуцлагаа хүлээнэ. Түүнээс биш та нарын үйл ажиллагааг алдагдуулчихаад цаанаас даалгавар өгсөн хүмүүс хэзээ ч хариуцлага хүлээхгүй шүү гэж. 

-Одоо танай Засгийн газрын хувьд нэлээд хүнд үеийг туулж байна. Эдийн засгийг хүндрүүлсэн гол буруутан нь Засгийн газар гэж сөрөг хүчин шүүмжлүүлж байна. Та кабинетийн гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа бол?

-Эдийн засгийн энэ хүндрэл сүүлийн нэг хоёр жилийн дотор бий болсон зүйл биш. Бид уул уурхайтай холбоотой, гадны хөрөнгө оруулалттай холбоотой таатай жижигхэн “цонх”-он дээрээ үнэхээр тэнэг авирласан. Тэр мөнгөөрөө ирэх эрсдэлийг зохицуулах, баялаг бүтээх, бизнес эрхлэлтийг дэмжих бус нийгмийн халамж руугаа тараагаад дуусгасан. Бүр олж байгаа орлогоосоо ч бус, нэмж зээл аваад тараасан. Тэр зээлийг дарахын тулд өнөөдөр энэ эдийн засгаа шатааж байна. Хоёрдугаарт нь популистууд худлаа эх оронч царайлж олон нийтэд таалагдах гэснийхээ золиосонд эх орноо, бодит эдийн засгаа шатааж дууслаа. Гадны хөрөнгө оруулалтыг хөөлөө. Олон төсөл хөтөлбөр, компанийг зогсоолоо. Эдийн засгийн цус сэлбэлтийг боомилоод хаачихлаа. Боомилчихсон тохиолдолд тэр эдийн засаг үхжих нь ойлгомжтой. Үхжээд ирэхээр нь энэ хэний буруугаас болов гэж үсчих нь зохимжгүй. Тэгэхээр нь оношийг нь зөв тавих ёстой. Улстөржсөн нүдээр хараад байвал онош зөв тавигдахгүй.

Нэг ийм хошин шог байдаг шүү дээ. Асуудал тулгарахад шийддэг гурван арга байдаг. Нэгдүгээр Герман маягийн арга гэж байна. Асуудал юу байна гэдгийг хараад, юунас болов гэдгийг нь олоод, асуудлаа шийдчихээд цаашаа явдаг нэг арга байна. Асуудал юу байна, байхгүй гэж баахан хэрэлдэж байсна “асуудал байхгүй боллоо” гээд пиар хийгээд цаашаа явдаг бас нэг арга байна. Гуравдугаарт энэ асуудал хэнээс болов гэж зодолдож байгаад хэн нэг буруутныг олоод тэрийгээ цаазалчихаад цаашаа явдаг бас нэг арга зам байна. Энэ гурван арга замын алинаар нь явах вэ гэдгийг бидний ухаан л шийднэ.

Л.Мөнхтөр

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.