Д.Гүн-Үйлс: Бэрхшээл бүхэн шинэ амжилтыг бидэнд авчрах болно

Twitter Print
2014 оны 06-р сар 03-нд 12:31 цагт
Мэдээний зураг,

Их хаадын сэдэв агуулга бухий уран бутээл туурвиж, монгол түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой "Төрт Ёс, Хаадын Сан"-гийн тэргүүн, зохиолч, судлаач Д.Гүн-Үйлсийг зочноор урилаа.

Байгууллагынхаа тухай товч  танилцуулахгүй юу?

Соёлын гавьяат зүтгэлтэн, түүх судлаач Н.Дугарсүрэн, нэрт соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч Л.Түдэв, манай түүх судлалын ноён оргил болсон Ч.Далай, Н.Ишжамц тэргүүтэй эрдэмтэн мэргэд, улс төр, бизнесийн төлөөллийнхний санаачлагаар 17 жилийн өмнө манай сан анх байгуулагдсан. 17 жилийн өмнө гэхээр монголчууд бид оюун санааны эрх чөлөөгөө олж аваад удаагүй байсан үе.  Ямар агуу  түүх соёлтой, ёс уламжлалтай, гүн ухаантай үндэстэн юм бэ гэдгээ түүхэн их завсарлагын дараа бид ахин мэдэрч эхэлж байсан үе л дээ. Энэ цаг үеийг сануулдгийн учир нь ардчилал, эрх чөлоө, тусгаар тогтнол гэсэн үнэт зүйлсийг монгол хүн бүхний сэтгэл санаанд хоногшуулах, үндэсний түүх соёл, уламжлалт гүн ухаан талаас нь таниулж мэдүүлэх талаар манай Сангийн ахмад зүтгэлтнүүд ихийг хийснийг онцолж хэлэх гэснийх юм.

Түүх соёл гэдэг тэр үед аргагүй шинэ сэдэв мэт л байсан байх даа?

Яг л шинэ сэдэв мэт байсан. Учир нь Зөвлөлт Улсын нөлөө, социализм коммунизмын үзлээр манай шинэ залуу үеийг хүмүүжүүлж, Монголын түүх соёл бодит судалгаа талаасаа орхигдоод байсныг бидний үеиннхэн байтугай биднээс бага залуу үеийнхэн ч мэднэ шүү дээ. Дэлхий даяараа ардчиллаар амьсгалж эхэлсэн тэр үед улсаа монголчууд өөрсдөө бие даан удирдах болж, түүхэн  хөгжлийн давалгаанд хөл алдах нь холгүй байсан. Чухам тэр үед "Төрт Ёс, Хаадын Сан" түүх соёл, хаадын намтар цадиг, үндэсний уламжлал гээд их зүйлийг хэлж сануулж, олон түмнийхээ оюун санааны хөгжилд нэмэр болж, нийгмийн их эргэлтийн эрэг шураг нь болж явсанд би бахархаж явдаг юм. Ер нь зуун зууны өмнөх үүх түүхээ ч, цөөн  хэдэн жилийн өмнөх явдлыг ч санаа бодолдоо хадгалж  явах нь бидэнд хэрэгтэй гэж би боддог. Учир нь аль аль нь бидэнд сургамж ч болдог, ирээдүйн төлөв ч болдог.

Нээрээ тийм шүү. Ардчилалтай цуг төрсөн хүүхдүүд ээж аав нь ямар амьдрал туулсныг мэдэхгүй, бүх зүйл үргэлж л өнөөдрийнх  шиг  ийм ил тод,  нээлттэй байсан гэж боддог шиг байгаа юм?

Монголчууд бидний түүхээ хүндэтгэх  мэдрэмж суларсны  нэг  шалтгаан  нь энэ. Ер нь монголчуудын түүхийн  мэдрэмж яагаад суларчихав аа гэдэг өөрөө  их сонин асуулт. Олон шалтгааныг хэлж болох боловч түүхийн хувьд харьцангуй богино хугацааны өмнө болж өнгөрсөн Манжийн явуулсан  бодлого,  түүнээс наашлаад  Зөвлөлтийн нөлөө голлох үүрэгтэй. Ер нь яаж ч бодсон аль нэг хүчирхэг гүрэн  гадны улс орныг харьяандаа байлгая гэвэл тухайн үндэстний гэсэн юм бүхнийг устгахыг нь устгаж, мартуулахыг нь мартуулж байж л сая санасандаа хүрнэ. Нэг үгээр, та нар өнөөдөр бидний ивээлд байвал маргааш сайхан амьдарна. Маргааш сайхан амьдрахын тулд өнөөдөр бидний үгээр яв, та нарт өнгөрсөн түүх, ёс заншил чинь одоо хэрэг болохгүй гэсэн агуулгаар бусдыг уусгаж устгах бодлогоо хэрэгжүүлсэн байдаг. Тийм улс үндэстнүүдийн гашуун түүхийг бид мэднэ.

Зарим нь яахав, өөрсдийн бодлогогүйгээс, хэт цөөн тоо, газар нутгийн буйдхан байршлаас, магадгүй арчаагүйгээсээ болж мөхөж устаж байна. Жишээ нь, Индонези, Шинэ Гвинейн Горока, Хули, Калам, Кенийн Карочууд, Маасайчууд, Шинэ Зеландын Маоричууд, Этиопийн  Мурсичууд, Америкийи Индианчууд, Оросын Ненец,  Энэтхэг, Кашмирын Ладахи гээд олон үндэстэн ястнуудыг дараалуулан жагсааж болно. Хэлээ нэгэнт мартаад, түүх соёлоо үзэхээ болиод уусаад  эхэлсэн болохоор Монгол тулгатны үсэрсэн цус, тасарсан яс буриад,  халимагууд ч мөдхөн энэ жагсаалтыг баяжуулах биз.

Өвөр монголчууд  яах бол?

Буриадтай адилхан өөр их гүрний бүрэлдэхүүнд байгаа мөртлөө өвөр монголчуудыг аваад үзвэл харин өөр дүр төрх харагддаг юм. Буриадууд эх хэлээ мартсан, учрыг нь өөрсдөө тайлбарлахдаа бүх ажил хэрэг орос хэл дээр явагддаг учраас бидэнд буриад хэл хэрэггүй гэдэг. Харин өвөр монголчууд бүх ажил хэрэг хятад хэл дээр явагддаг ч гэсэн бид монгол хэл, босоо бичгээ орхихгүй. Учир нь бид санаачлага гаргаж, монгол хэл, босоо монгол бичгээ өдөр тутам хэрэглэж заншсан гэдэг. Буриадууд түүх соёлоо мартсан, учрыг өөрсдоө тайлбарлахдаа энэ соёлоор бид Орос гэсэн их айлын дотор онцгойрч, мөрдөж чадахгүй гэнэ. Харин өвөр монголчууд Хятадын олон үндэстэн дотор түүх соёлоороо ялгарахыг хичээж явдаг. Хүчирхэг түүхтэй монголчууд агуу түүх соёлоо мартах учиргүй гэсэн үзлээр багаасаа хүмүүжсэн болохоор хэзээд монголоороо үлдэнэ гэсэн эрмэлзлэлтэй. Хятадын удирдлагууд цөөн тоот үндэстнийхээ соёлыг дэмжих тусгай бодлого явуулдаг л даа. Гэсэн ч тухайн үндэстэн өөрсдөө хүсэл эрмэлзлэлтэй, санаачлагатай, мөрөөдөлтэй байхгүй бол ямар ч дэмжлэг талаар өнгөрнө шүү дээ. Тэгэхээр  түүх соёл,  хэл заншлаа эрхэмлэж, бид хэний үр сад вэ? өвөг дээдэс минь бидэнд юу үлдээсэн бэ гэдгийг цаг ямагт санаж явбал ямар ч бэрхшээл хэцүү биш. Бэрхшээл бүхэн шинэ амжилтыг бидэнд авчрах болно.

Энэ нээрээ сонин юм аа. Бид энэ бүхнийг төсөөлдөг ч гэсэн ерөнхийдөө л төсөөлдөг юм байна. Яг тодорхой жишээ хэлэхээр өөр бодол төрж байна шүү?

Тэгэлгүй яахав. Одоодоо бид тусгаар улс ч гэсэн өөрсдөө хүсэл эрмэлзлэлтэй, мөрөөдөлтэй байхгүй бол болохгүй. Даяаршил гээч юмны сүүдэрт дороо л орно. Угтаа даяаршил гэдэг бол их марзан юм шүү дээ. Бүх хүн ижил юм хэрэглэнэ, ижил юм бодно, ижил юм үзнэ гэдэг гайхуулаад байх юм мөн үү? Би лав тэгэж бодохгүй байна. Дэлхийд ганц хувь зураг шиг уран бүтээлчид, сэтгэгчид, тэргүүний сэхээтнүүд, өвөрмөц улс үндэстнүүд ийм уйтгартай амьдралыг хүсдэггүй юм. Тэр тусмаа Монгол шиг агуу түүхэн замналтай орон тэгж доошоо орж болох уу. Дэлхийн түүх Монголоос эхтэй гэж Гегель хэлсэн тухай миний мэргэн найз, орчуулагч Д.Болдбаатар саяхны нэг ярилцлагадаа дурьдсан байна лээ. Үнэхээр ч тийм. Монголыг аль нэгэн Телевизийн суваг, хэн нэгэнолон дагалдагчидтай фэйсийн баатар төлөөлж чадахгүй, Тэр байтугай иргэншлийн нийтлэг сэтгэлгээнд баригдсан сэхээтнүүд ч төлөөлж чадахгүй. Тийм хүмүүс мэдлэг мэдээлэлтэй хүмүүс болохоос биш билгийн мэлмий нь нээгдсэн хүмүүс биш юм. Монголчууд дан ганц шинжлэх ухааныг шүтэхээс гадна түүх соёлоо дээдэлдэг, бэлгэдэл ёс зүйгээ хүндэтгэдэг байж гэмээ нь энэ эринд сайхан амьдарна.

Тэгэхээр та бид хоёрын яриа хүссэн хүсээгүй улс орны оноогийн амьдрал руу орохнээ. Өнөөгийн амьдралд өнгөрсөн түүх ямар хамааралтай байж болох вэ?

Хамаатай,  хамгийн их хамаатай гэдэг шиг бараг шууд хамааралтай зүйл юм аа. Үүнийг орхигдуулсан нь улс орон хөгжихгүй байгаа нэг шалтгаан гэж би боддог. Цэвэр материаллаг талаас нь аваад үзэхэд хэрэгтэй зүйлийнхээ хангалт хийх замаар сайхан амьдралыг бий болгох нь боломж багатай хувилбар. Мөнгөөр бороо орсон ч хүний хүсэл шунал ханадаггүй. Харин шинжлэх ухаанч  хандлага,  оюун санааны, энерги мэдээллийн, бэлгэдлийн хандлагыг хамтатгаж, хослуулж ойлгосон хүн аливаа юманд зөв ханддаг болдог. Бид ийм их стресстэй, харгис хэрцгий ч байгаагүй. Стресстэй хүмүүс хүнийг муулах дуртай, хов зөөх дуртай, бэлгэгүй бодолтой, өөрөор хэлбэл үргэлж муу түгшүүртэй юм боддог болчихдог. Энгийн иргэнээсээ эхлээд удирдагчид нь хүртэл ийм болчихвол улс орон хөгжих  үү. Багадаа хөдөө амарч байхдаа булаг самраад нутгийн хөгшинд зад ороолгуулж билээ. Гэртээ ирээд өрөвдүүлэх санаатай өвөөдөө хэлтэл юу болсныг сонсоод өвөө маань нэмээд ороолгож байсан санагддаг юм. Энэ бол ганц надад биш, ер нь хэн бүхэнд тохиолддог байсан нийтлэг зүйл. Сураар биш, үгээр ороолгуулах бүр хэцүү. Хов  зөөж болохгүй, зөөсөн ховыг хүлээж авч болохгүй гэдэг үзлээр бид хүмүүжжээ. Энэ бол жирийн л монгол ухаан. Стрессийг хэн, эсвэл юу бий болгоод байна гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Нэг талаас тааруухан удирдлага, өөрөөр хэлбэл дээд түвшний удирдагчдын хийж байгаа зөв биш байж мэдэх менежмент, нөгөө талаас ачаалал хүлээж авах чадвараа алдсан олон нийтийн хариу үйлдэл хоёр зохицох аргагүй. Монголын түүх соёл өөрөө шинжлэх ухаан, энерги мэдээллийн орон зай хоёрыг хамтатган ойлгуулах увдистай үзэгдэл болохоор түүх соёлоо мэдэж дээдлэх нь өнөөгийн байтугай ер нь аль ч цаг үеийн амьдралын өгсөх үү, уруудах уу гэдгийг шийднэ. Тийм болохоор өнөөгийн амьдрал, өнгөрсөн түүх хоёр хамааралтай байгаа биз.

Таны яриад байгаа  тэр  энерги мэдээлэл, бэлгэдэл зүйн талаар жаахан ойлголт авъя. Бид энэ талаар мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг байдаг.  Энэ сэдвээр ярьсан хүн бүхэн үгүйсгэхгүй мөртлөө зуун хувь баталж чадахгүй байх шиг санагддаг?

Хүнд генийн код гэж юм байдаг. Хүү нь эцэг эхтэйгээ, бүр өвөө эмээ, ахдүү нартайгаа адилхан байдгийг бид мэднэ. Тэгвэл түүхийн код гэж юм бас байна. Яг "түүхийн код" гэж хэлэх нь ямар байдаг юм. Гэхдээ би ингэж хэлээд сурчихжээ. Өөрөор хэлбэл, бид өвөг дээдсийнхээ үргэлжлэл учраас тэдний маань туулсан замнал, бодсон бодол, хүсэл мерөөдөл бидэнд уламжлагдан ирсэн байдаг. Үүнийгээ бид мэддэггүй. Бидний цаад дотоод сэрэл мэдрэхүйд унтаа байна гэсэн үг л дээ. Хэрэв аль нэг зах хязгаар нийлсэн харь улс орноос орж ирсэн хүнтэй нийлээд генийн кодоо төөрүүлчихээгүй бол бидний дотор тэр код байж л байгаа. Гэхдээ би энэ үзэгдлийг буруутгаж байгаа юм биш шүү. Хил залгаа улс үндэстний хүмүүс хайр сэтгэлээр ч юм уу нийлээд нэгэндээ уусч шингэх нь аль ч цаг үед байсан нийтлэг зүйл. Зүгээр тийм зүйл байж болно гэдгийг л хэлж байгаа юм. За тэгээд тэр кодыт унтаа байдлаас нь сэрээх хэрэг бидэнд гарна, мэдээж хүсвэл шүү дээ. Хэрэв хүсвэл алхам хийх хэрэгтэй. Зөвхөн олж мэдэх, сонсох, хүндэтгэх. Бараг тэгээд л болоо. Учир бид мэргэжлийи түүхчид биш. Дуучин С.Жавхлангийн "Хамаг Монгол" төслөөр зохиогдсон дуу байдаг. "Дэлхийг номхруулсан баатруудын мохошгүй домог ясанд минь шархиран байхад..." гэдэг байх аа.  Энэ бол гайхамшигтай  санаа. Үнэхээр л түүхийн код ясанд минь шархиран байгаа юм. Энэ кодыг уламжлан авах хэрэгтэй.  Мэдээж энэ цаг үед хурц мэс агсаж, хурдан моринд мордохгүй. Харин хүн байхын учир, зориг тэвчээр, цээжний ухаан гээд уламжлан авах юм мундахгүй. Ядахнаа байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ухааныг бид өөртөө суулгаж болох юм шүү. Эдгээрт бид мэдээж суралцаж болно. Ийм үзлээр хүмүүжиж болно. Аль ч тохиолдолд бид маш хурдан өөриймшүүлнэ. Түүхийн мэдрэмж маш хурдан сэргэнэ. Учир нь өвөг дээдсийн маань код бидний яс маханд байгаа болохоор үзээд, сонсоод, уншаад байвал дороо сэргэнэ. Өөрөөрөө жишээлье. Би яг түүхийн мэргэжлийн хүн биш. Би хэл утга зохиолын хүн. Уран зохиолоос  түүх рүү хальтран ороход амархан. Тэгээд ч би түүхэн сэдвээр бичдэг зохиолч хүн. Эхэндээ сонирхон судалж, сүүлдээ зохиолдоо хэрэг болох баримт сэлт хайсаар байгаад аль нэгэн цаг үеийн түүхийг бараг түүхчдээс дутуугүй  мэддэг болчих жишээтэй. Тэгэхлээр их түүхийн маань энэ код миний хувьд маш амархан сэргэж байгаа юм.  Энгийн хүн түүхч судлаачид шиг нарийвчлан мэдэх албагүй л дээ. Гэсэн ч түүхэнд, ялангуяа Монголын түүхэнд холбогдох томоохон үйл явдлуудыг цухас боловч мэддэг байх, өвөг дээдсээ хүндэтгэн үздэг байх, "Монголын Нууц Товчоо" зэрэг түүхэн бүтээлийг эрхэмлэдэг байвал хийморь, сүр сүлд аяндаа сэргэдэг болохыг би алдартай хүмүүсийн олон жишээнээс мэднэ.

Түүх мэдсэнээр хун хийморьтой  болно гэж үү?

Энэ үнэмшилгүй санагдаж магадгүй, гэвч үнэндээ бол тийм юм. Өөрийнхөө олж мэдсэн, том хүмүүсийн ойлгуулахыг хүсдэг нарийнучруудыг цэгцтэй хэлж чадахгүй байж магадгүй. Гэхдээ энгийнээр, урд хойно нь оруулаад ч болов ойлгуулахыг оролдъё. Юуны өмнө түүхэн мэдрэмж сэргэвэл өвөг дээдсийн ёс бэлгэдэлд аяндаа татагдаж, байгаль дэлхийгээ хайрлах ухаанд хүн суралцана. Байгаль дэлхийгээ хайрласан хүнд байгаль дэлхий маань асар их эрчимээ харамгүй өгдөг юм. Хүн бол байгаль дэлхийн салшгүй нэг хэсэг, үр хүүхэд нь учраас тэр шүү дээ. Нөгөөтэйгүүр мэдлэг бол хүч байдаг.

Түүхийн мэдлэг аливаа асуудлыг өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээнд авч үзэх чадварыг суулгана. Өөрөөр хэлбэл тэр хүний сэтгэх  далайц их өргөн болдог. Шинжлэх ухаан, энерги мэдээллийн орон зайг хосоор ойлгох суурийг бас тавьж өгнө. Өөрөөр хэлбэл материализм, идеализм хоёрыг тэгш ойлгож хүндэтгэх болно гэмээр юм уу. Энэ хоёр зарим талаар биесээ үгүйсгэх хандлагатай гэдэг. Гэвч хослуулж ойлгох хэмжээнд бид өөрсдийгөо бэлтгэхгүй байна. Энерги эрчим гэдэг юм байхгүй бол хүн амьд явж чадахгүй. Энергийг хүн юунаас авдаг вэ гэхээр нойр, хоол, агаараас авдаг. Бас мэдлэгээс авдаг. Монгол түүх соёл, "ясанд минь шархиран байхад" түүнээ үл тоовол аяндаа оргилоод байгаа сүр сүлдээ хүчээр дарж байгаагаас ялгаагүй. Үүнийг монголчууд тэнгэр таалахгүй байна гэж сэтгэж иржээ. Тэнгэр таална таалахгүй гэж ямар юм байдаг юм гэж гайхах хүн гарна. Гэсэн ч тийм зүйл үнэхээр байдгийг манай төдийгүй гадны эрдэмтэн судлаачид өөр өөрийн өнцгөөс нээсээр байна. Миний хэлэх дуртай үг байдаг юм. Монголчууд хэдэн зуун жил мунхаг харанхуй явснаа сүүлийн хэдхэн жилд ухаан орчихоогүй юм шүү...

Сэтгэл сэргээсэн үг байна. Үнэхээр сүүлийн арав хории жилд л ухаан орчихсои юм бол энэ их баялаг, мал сүрэг, сайхан байгаль, цоон хүн амыг амьдруулсан шиг амьдруулах боломжтой баймаар юм?

Эдийн ядуурал бол түр зуурынх. Оюуны ядуурал бол үүрдийнх, Оюунаар  ядуурвал хичнээн их баялаг байгаад ч гуйлгачин болно. Дээр нь хаанаас ирсэн юм, хэнээс гарсан юм, яах гээд байгаа юм гэдгээ ч мэдэхээ болих байлгүй. Брунейн Султан хүртэл "Чингис хааны түүх бол зөвхөн  Монгол орны түүх биш. Энэ бол Ази тивийн болон орчин цагийн соёл иргэншлийн түүх юм" гээд  хэлчихсэн  байхад бид дуугүй суугаад байх нь зөв  үү? Үгүй тэгээд мэдэхгүй, түүхээ мартчихсан улс чинь дуугүй суухаас ч өөр яах билээ. Монголчууд бидний өвөг дээдсийн харьяанд байсан Монголын Эзэнт гүрний нутаг дэвсгэр дээр өнөөдөр  30 орон, 3 тэрбум  хүн амьдарч байна. Энэ бахархалтай биш гэж үү.

"Их хурилдайг зарлан хуралдуулж байхдаа Чингис хаан Монголын ард  түмэнд  найман зууныг дамнан үргэлжилсэн үндэсний эв нэгдлийн ухамсрыг суулгаж өгсөн" Ирландын ерөнхийлөгч асан Мэри Маккалийз дүгнэчихсэн байхад үнэн байдалд бидэнд үндэсний эв нэгдлийн ухамсар алдагдчихаагүй байгаа? гэж заримдаа бодогддог. Түүх биднийг оюун санааны хувьд нэгтгэнэ. Энэ бол харин үнэн шүү. Өөр өнцгөөс нь аваад үзэхэд энэ сайхан нутаг орныг өвлөж авчихаад өвөг дээдэстээ хүндлэл өргөхгүй бол бидний үйлс бүтэх үү.  Энгийнээр харьцуулбал аав ээж хоёр чинь чамайг бий болгож, алтан дэлхийг харж, таньж ухаарах бололцоо өгсөн. Гэтэл чи аав ээжээ танихгүй, таньсан ч тоохгүй бол тэд чамд гомдох нь лавтай. Аав ээжээ гомдоосон хүний ажил үйлс бүтдэггүй юм. Энийг  батлаад байх ч шаардлагагүй. Амьдралаар түм бумантаа батлагдчихсан юм шүү дээ. Гэтэл  энийг шинжлэх ухаанаар яаж тайлах вэ? Материаллаг онолоор бол хэнийг яаж гомдоосон байх нь тэр хүний амьдралд огт хамаагүй, тэр хүний худалдааны ч юм уу менежмент сайн бол ажил үйлс нь бүтнэ гэж үзнэ биз дээ. Гэвч харамсалтай нь тийм зүйл хэзээ ч болохгүй. Болдог юм аа гэхэд түр зуурын амжилт л ирнэ. Амжилт, нэр хүнд хүнийг хүмүүжүүлэх нь бий. Хэрэв зөвөөр хүмүүжиж, сэхээрч чадвал муу зүйлийнхээ төлөө гэмшиж, тэгснээрээ амжилтаа бататгах боломжтой гэж би боддог. Тэгэхээр шинжлэх ухаан, энерги мэдээллийн ухаан хоёрыг хослуулж ойлговол болгохгүй бүтээхгүй юм гэж энэ орчлон дээр байхгүй.

Ийм ойлголт  монгол хүний сэтгэхүйд их ойр юм даа. Ер нь ухааныг монголчууд яаж ойлгодог байсан юм бэ?

Хоёулаа нэлээн өргөн яриад эхэллээ. Энэ удаан яриа болох байлгүй. Юутай ч  ухаан бол хайраас л төрдөг. Хүнийг хайрлахгүй бол ухаан төрөхгүй. Жишээ нь ээж аавын үг бидэнд их ухаан өгдөг. Үнэндээ аав ээж маань хүн хүнээс илүү ухаантайдаа биш юм. Ердөө л тэд биднийг сэтгэл   зүрхнээсээ хайрладаг учраас энэ их хайр нь бидэнд хэзээ ч мартахааргүй ухаарлыг  өгдөг юм. Энэ үг удирдагчдад  их хамаатай даа. Ажилтнуудаа, ард олноо хайрладаг хүнээс тэдэнд хандсан ухаан төрнө. Товчдоо ийм.

Таны яриаиаас ахмад буурлуудын ярьдаг монгол ухаан мэдрэгдэж байна.  Одоо танай сангийн хийж байгаа ажилтай танилцая. Сүүлд ямар бүтээл гаргав, ямар төсөл хэрэгжүүлэв?

Сан маань маш олон жил тогтвортой ажиллажээ. Ардчиллаас хойших хугацаанд бараг хамгийн олон жил идэвхтэй ажилласан ТББ-ын тоонд орох байх. Энэ бол манай Сангийн ахмад зүтгэлтнүүдийн ач буян юм. Би энэ санг удирдах болоод гурав дахь жилдээ орж байна. Ахмадуудынхаа бий болгосон баялаг их материал дээр бид суурилан "Монгол хаад" 13 боть түүхийн их шастирыг бүтээлээ. Уншигч судлаачдын зүгээс байнга талархал хүлээж, энэ цаг үеийн хамгийн сүр жавхлант гэж олонтаа нэрлэгдсэн түүхийн энэ шастир бидний  гаргасан хамгийн том бүтээл. Энэ бүтээл манай улстөрчид, бизнесмэнүүд, алдартай хүмүүсийн номын санд үргэлж залаастай харагддаг нь бидэнд сайхан цагийг санагддагийг энэ ярилцлагаар уламжилмаар байна. Нийт уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж, хаадын сэдэв агуулгаар “Хаан цадиг” түүхэн туужсын эмхэтгэл гарлаа. Энэ жил "Жинжин цадиг" уралдаанаа зарлана. Бид ном хэвлэмэл бутээгдэхүүнээс гадна түүхэн сэдэвт уран зураг,  баримал шуумал бас нэлээдийг бүтээлгэсэн. Яг одоо Алтан ургийн 37 хааны хөргийг Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураачдаар бүтээлгэж байгаа. Хамгийн сүүлийн бүтээл гэвэл монгол тулгатны  түүх соёлын амьд бичвэр болсон  "Монголын Нууц Товчоо" хөлгөн судрыг Монголд анх удаа нэгэн дэлгэмэл их хуудаснаа сийрүүлэн хааны тамганы дардас тавьж олон түмэндээ толилууллаа. Энэ бол анхдагч бүтээл учраас бид бүтээлдээ зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан.

Бидний уншаад байдаг олон хуудас Монгольш Нууц Товчоог нэг л хуудсанд багтаасан гэсэн үг үү?

Тэгэж ойлгож болно. Бид өргөө гэрээ сайхан харагдуулах гэж ханандаа  зураг, плакат, гоёлын унжлага гээд янз янзын юм өлгөдөг. Харин энэ дэлгэмэл "Монголын Нууц Товчоо" бол өргөө гэрийг сайхан харагдуулахаас гадна, сүр жавхлант энергийг цацрааж, өглөө босох бүрийд танд  түүхийн үнэ цэнийг  мэдрүүлж байх юм. Саяхан энэ бүтээлийн нээлтийн өдөрлөг болох үеэр үзсэн хүн болгон дуу алдан хундэтгэн авч байхыг харахад сайхан байлаа. Монголчуудын нэн эртний бэлгэдэл нар, сар, галыг голд нь гэрэлтүүлж, мөнх оршихуйн тэмдэг хасыг олон хэв агуулгаар хүрээлж, дэлхийд тэргүүлэх хүчирхэг хааны маань намтар оршсон болохоор сөрөг муу зүйлээс ч хамгаалах нь эргэлзээгүй. Ер нь ч хүн сүр хүчний бэлгэдлээ өөрөө л бий болгодог шүү дээ.

Б.Дорж

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.