Үр хүүхэддээ зайлшгүй эзэмшүүлэх 5 боловсрол

Twitter Print
2020 оны 01-р сар 23-нд 16:27 цагт
Мэдээний зураг,

Боловсролын талаар ярихын өмнө өнөөдөр дэлхийн даяар ямар өөрчлөлт, ажлын байранд тавигдаж байгаа шаардлагууд, хөгжлийн чиг хандлага ямар байна гэдгийг авч үзэх хэрэгтэй болов уу.

Бидний ижий аавын залуу цагт их сургууль төгссөн дипломтой, өөрөө томоотой тохитой бол нэг ажилд ороод тэндээ тэтгэвэрт гартлаа ажиллах баталгаатай байлаа. Өнөөдөр тэгвэл бүх зүйл асар хурдацтай өөрчлөгдөж байна. Өмнө нь ямарваа нэг өөрчлөлтийг хийхэд хэдэн арван жил шаардлагатай байсан бол одоо хэдхэн сарын дотор үйл явдал өрнөж байна. Их сургуульд заалгасан мэдлэгийн 80 хувь нь төгсөх үед хоцрогдох болсноос гадна сургалтын чиг хандлага, загвар шинэчлэгдэж байна.

Хонконгод явуулсан судалгаагаар нийт төгсөгчдийн 85 хувь нь ажил олгогчдын шаардлага хангахгүй, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхгүй байна гэж үзжээ. Ажил олгогч нар ажилтныхаа хөдөлмөрийн гэрээг сунгасны 77% нь тэдний ажлын гүйцэтгэл, үр дүнгээс нь шууд хамаарсан байна. Албан боловсрол эзэмшсэн байх нь ч бүр наад захын шаардлага болсон. Цаашилбал хувь хүний хөгжлийн төлөвшил, амьдрах чадвар хэр сайн эзэмшсэн бэ гэдэг асуудал хурцаар хөндөгдөж эхлээд байна. Зүгээр нэг мэдээлэл цээжилсэн өнгөц мэдлэг бус цогц харилцааны чадвар, экспертийн хэмжээнд сэтгэх сэтгэлгээний цар хүрээ, тооцоотой эрсдэл хийх, хариуцлага хүлээх чадвар зэргийг нэн тэргүүнд шаарддаг болсон.

Өөрөөр хэлбэл, бидний үр хүүхдэд ирээдүйд ямар боловсрол хэрэгтэй гэхлээр үндсэн 5 гол мэдлэг, дадал чадварыг эзэмшүүлэх шаардлагатай болоод байна. Үүнд:

1. Бүрэн дунд боловсрол эзэмших, цаашлаад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, их дээд сургуульд элсэж зэрэг цолтой болох нь бүр анхан шатны, дундаас доош түвшний амьдралын баталгаа болох хандлагатай болжээ.

2. Уламжлалт сургалт буюу байгалийн шинжлэлийн ухаанууд, тухайлбал тоо, физик, цаашилбал гадаад хэл гэх мэт хичээлүүдийг зайлшгүй сайн сураад зогсохгүй дээд түвшний тоо, гадаад хэлний хувьд аль нэг салбарын орчуулгыг гаргууд сайн хийх ур чадвар ч гэдэг юм уу илүү нарийвчилсан, гүн гүнзгий мэдлэг, чадварыг эзэмшвэл үеийнхнээсээ ялгарах боломж юм.

3. Мөн түүнчлэн сурсан зүйлээ ажил, амьдрал дээр амжилттай хэрэглэж чаддаг болгох нь зүгээр нэг мэдээллийг дахин дамжуулагч байхаас огт өөр сорьсон зүйл гэдгийг ухааруулж, хэрэглээнд оруулах

4. Академик мэдлэгээс гадна амьдрах чадвар олгох боловсрол дээр түлхүү анхаарах, тухайлбал мэдээллийг нягтлан шинжлэх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, аливаа өөрчлөлтөнд хурдан дасан зохицох, харилцааны чадвар гэх мэт ажил, амьдрал дээр аль алинд нь амин чухал чадварыг сайтар эзэмших

5. Гэхдээ эдгээр хэрэглээнд орсон мэдлэг, чадвар, дадал, чадавхийн цогц ойлголтыг академик сургалтаас гадна тусад нь, эсвэл нэмэлт зүйл гэж хэрхэвч салангид авч үзэж болохгүй бөгөөд боловсролын агуулгад шууд тусгаж өгөх шаардлагатай болжээ.

Зөвхөн монголд бус дэлхий даяар боловсролын салбарын шинэчлэлийн асуудал хурцаар тавигдаж байна. АНУ-ын Вашингтон хотын захын сургуулийг төгссөн хүүхдүүдийн 70 хувь нь шоронгийн хоригдол болдог гэсэн цочирдуулсан тоо баримтыг сонссон уу? Багш нарын ур чадвар, хандлага, сургалтын агуулга, сурах орчин, сургалтын баазыг өөрчлөх гэж улс даяар аян өрнүүлж байгаа тухай Bloomberg телевизээр гарч байсан.

Боловсролын салбарын үйл ажиллагаа хаа газар доголдоод байгаагийн гол шалтгаан нь миний бодлоор боловсролын бодлого тодорхойлогчид ч бай, багш нар ч бай тухайн салбарынхаа онцлогийг үл ойшоосонтой шууд холбоотой. Боловсролын салбар бол үйлчилгээний салбар. Үйлчилгээний салбарт үйлчлүүлэгч хаан, тэдний сэтгэл ханамж маш чухал. Нэг сонин зүйрлэл уншиж байсан санагдлаа. Нисэх онгоцны үйлдвэрийн гологдол бүтээгдэхүүн гаргах эрсдлийн хамгийн доод хувь нь 1 хувь байдаг. Дэлхийн даяар өдөрт сая сая нислэг үйлдэгдэж байна. Тэгвэл судалгаагаар, боловсролын салбарын гологдол гаргах доод хувь нь 30 хувь байна. Өөрөөр хэлбэл, сурч байгаа сурагчдын 30 хувь нь шалгалтандаа унаад, дахин өгнө гэсэн тооцоо. Хэрэв боловсролын байгууллага онгоцны үйлдвэр байсан бол яах байсан бол төсөөлдөө.

Үйлчлүүлэгчдийн буюу сурагчдын сэтгэл ханамж, тэдний эрэл хэрэгцээнд тулгуурласан маш хурдтай дасан зохицож, өөрчлөгддөг тийм л салбар байхын төлөө шинэчлэлт шаардлагатай байна. Сэтгэл зүйн хүчин зүйлийг ч ойшоохгүй байхын аргагүй. Биднийг ер нь "Чи чадна, чи бүтээнэ, чи мундаг" гэж урамшуулахын оронд "Чам шиг юм чадахгүй. Чи залхуу, мулгуу, бүтэлгүй... " гэж зоригийг маань мохоосон нь их санагддаг.

Одоо өөрчлөх цаг нь болсон. "Чи чадна, бүтээнэ! Чи чадалтай, ухаантай, азтай!" Үнэндээ хамгийн гол зүйл бол сэтгэл зүйн бэлтгэл гэж боддог. 1970 оноос эхлэн Нэйро лингвистикийн программчлал гэсэн ойлголт баруунд хүчтэй гарч ирсэн. Үүнийг анх сэтгэл зүйч, эмч нар амжилтад хүрсэн хүмүүсийг судалж, амжилтад хүргэсэн нийтлэг зүйл байгааг олж тогтоосноор энэ программчлалыг боловсруулжээ. Тэгэхээр тэр сэтгэл зүйн саадыг юу ч үгүй нурааж, тархиндаа зөв, эерэг программ суулгах хэрэгтэй юм.

Бид сургалтын хөтөлбөр боловсруулахдаа зорилго, зорилтоос эхэлдэг байсан бол өнөөдөр үр дүнгээсээ хамааран зохиодог болох хэрэгтэй байна. Тухайлбал, 1 улирлын 15 долоо хоногийн турш 5 дугаар ангийн хүүхэд англи хэлний хичээлээр, жишээ нь 650 өдөр тутам хэрэглэгддэг үг хэллэг зайлшгүй шаардлагатай 25 өгүүлбэрийн бүтцийг тогтоож, 150 үгтэй зохион бичлэг Нөхөрлөл, Хүүхэд нас, Мөрөөдөл, Сонирхол сэдвээр бичнэ гэсэн тодорхой бодит үр дүн шаардсан хөтөлбөр боловсруулах явдал юм.

Англи хэлний боловсролын тухайд хэдэн үг хэлэхэд хамгийн түрүүнд ямар хугацаанд ямар үр дүнд хүрэхийг хүсч байна вэ гэдгээ тодорхойлж, түүндээ хүрэх бодит төлөвлөгөө гаргах нь чухал. Өдөр бүр англи хэлээ сайжруулахын тулд цаг гаргах нь амжилтын эх үндэс юм.

Уг нь чиглүүлэгч, зөвлөгч багш, хамт суралцах хүмүүс байвал үр дүндээ арай хурдан хүрэх боловч, орчин үеийн технологийн дэвшлийн ачаар хайлтаа зөв хийвэл хэрэгтэй ном сурах бичиг үнэгүй татах, багш нарын хичээл үзэх г. м. боломж бүрэн байна...

З.Ганчимэг

Англи хэлний академийн захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.