Оросын цэргүүд энгийн иргэдийг буудаж буй бичлэгийг шалгаж байна

Twitter Print
2022 оны 05-р сар 13-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Украины нийслэл Киев хотын ойролцоо ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн байрлаж байх үед Оросын цэргүүд хоёр энгийн иргэнийг буудаж буй бичлэгийг BBC агентлаг олон нийтэд дэлгэлээ. Бичлэг дээрээс зэвсэглэсэн Оросын цэргүүд зэвсэггүй хоёр энгийн иргэнийш буудан хөнөөж, дэлгүүрийг нь тоонон дээрэмдэж буйг харж болох юм. BBC агентлаг хэрэг гарсан газрын ойролцоох аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна камеруудын бичлэгүүдийг шүүн, гэрчүүдээс мэдүүлэг авч, тухайн үед яг юу болсныг олж мэдэхийг оролджээ.

Цэргүүд хэрэг гарсан газарт бүхээг дээрээ хар өнгийн будгаар англи V үсэг болон Танк Спецназ гэж бичсэн машинтай ирсэн ба бүгд Оросын зэвсэгт хүчний дүрэмт хувцастай, буу барьсан байжээ.

Амиа алдсан хоёр иргэний нэг нь унадаг дугуйны дэлгүүрийн эзэн, нөгөөх нь тус дэлгүүрийн хамгаалагчаар ажиллаж байсан 65 настай Леонид байсан нь тодорхой болсон байна. Бичлэг дээр Леонид хоёр гараа өргөн Оросын цэргүүд рүү дөхөж очиж байгаа нь харагдах бөгөөд тэрээр дэлгүүрийн эзний хамтаар Оросын цэргүүдтэй хашааны наана цаанаас тайван ярилцана. Удалгүй Леонид дэлгүүрийн эзний хамтаар буцаж, Оросын цэргүүд ч цаашаа явж байгаа нь харагдана. Гэнэт Оросын цэргүүд эргэж харан доош суун хоёр иргэний нуруу руу гал нээж байгаа нь бичлэгнээс тодорхой харагдаж байна.

Буудуулсан хоёр иргэний нэг нь газар дээрээ нас барж, Леонид машиндаа мөлхөн орж, найз руугаа залгаж, шархдсанаа мэдэгджээ. Найз нь болсон явдлыг Украины цэргүүдэд мэдэгдсэн аж.

Өөр нэг бичлэг дээр Оросын цэргүүд унадаг дугуйны дэлгүүрт орон гал нээж, дугуйнууд болон скүүтэр хулгайлж, дэлгүүрийн эзний өрөөг ухан тонож, инээлдэн, виски ууж байгаа нь харагдана.

Украины цэргүүд Леонидыг аврахаар очих үед Леонид хэдийн амьсгал хураасан байжээ. BBC агентлаг эдгээр бичлэгүүдээ Киев мужийн цагдаагийн газрын даргад үзүүлсэн ба Киев мужийн цагдаагийн газрын даргын BBC агентлагт мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн ухарсаны дараагаар Киев хотын орчмоос буудуулж нас барсан 37 энгийн иргэний цогцос олджээ.

Украины Ерөнхий прокурорын алба уг хэргийг дайны гэмт хэрэг гэсэн үндэслэлээр шалгаж байгаа ба ОХУ Украин руу довтолсноос хойш Украины прокурорын албанд иймэрхүү төрлийн 10 мянга гаруй хэрэг бүртгэгджээ. Амиа алдсан Леонидын охин Юлия BBC агентлагт өгсөн ярилцлагадаа, "Миний аав цэргийн хүн байгаагүй. Зүгээр л нэг тэтгэвэртээ гарсан хөгшин хүн. Яагаад түүнийг алж байгаа юм бэ?" хэмээн ярьжээ. Тэрээр аавынх нь амийг хөнөөсөн этгээдүүд хэзээ нэг өдөр хариуцлагаа үүрнэ гэж найдаж байгаа ба аавд нь юу тохиолдсоныг бүгд мэдээсэй, хүчирхийлэл зогсоосой гэж хүсч байгаа гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.