
Жирэмсэн эхнэртээ хэлж болохгүй 10 үг
1. Таргалж байгаа тухай
Жирэмсэн байх хугацаанд жин нэмэхгүй байх боломжгүйг эрчүүд тэр бүр мэддэггүй бололтой. Давхар биетэй, хоёр хүн тэжээж байгаа юм чинь сайн ид гэдэг үгийг хэлэх мөртлөө үүний эсрэг арай л их жин нэмээд байна уу даа гэдэг үгийг санаатай болон санамсаргүйгээр жирэмсэн эхнэртээ хэлэх нь таатай сонсогдохгүйгээр үл барам түүнийг гомдоож ч болохыг тооцоолох хэрэгтэй. Жирэмсэн болсноор эмэгтэйчүүд сэтгэл санааны хувьд их эмзэг амархан гомдож уйламтгай болдог. Хэдийгээр нөхөр нь эхнэрээ өхөөрдөөд, эсвэл зүгээр л санамсаргүйгээр таргалж байгаа тухай ярьсан байж болох ч эмэгтэйчүүдийн хувьд таргалалт гэдэг эмзэг сэдэв гэдгийг мартаж болохгүй.
2. Бүх эмэгтэйчүүд л туулаад гардаг
Тиймээ энэ үгийг эмэгтэйчүүд хангалттай сонсож, ээж гэдэг эрхэм алдарыг хүртэхийн тулд даваад гарахаас өөр аргагүй гэдгээ хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж байгаа. Өөрийнхөө аав ээжээс, хадам аав ээжээсээ, ээж болсон найзуудаасаа энэхүү сургаалийг сонсоход эмзэг сэдэв байхад хайртай ханиасаа ийм үг сонсвол ямархуу мэдрэмж төрөх бол?
3. Өөрийн биеэр мэдрээгүй өвдөлт, зовиур, айдсыг нь үгүйсгэх
Жирэмсний олон хүндрэлүүд, асуудлууд бүгдээрээ амаргүй даваа, ялангуяа төрөх дөхөх тусам өвдөлтөөс айж байгаа эхнэртээ энэ бүгдийг үгүйсгэсэн өнгө аястай үг хэлэх, үйл хөдлөл, хандлагаараа илэрхийлэх нь байж боломгүй алдаа юм. Эрэгтэй хүн өөрийн биеэр хэзээ ч мэдрэх боломжгүй тэр их өвдөлтийг гэр бүлдээ аз жаргал бэлэглэхийн төлөө эхнэр тань даваад гарч байхад талархахын оронд энэ бүгдийг үгүйсгэх нь 21-р зууны мэдлэг боловсролтой аавуудын хийх үйлдэл биш гэдэгт итгэлтэй байна.
4. Бусадтай харьцуулах
Ямар ч хүн бусадтай харьцуулахад дуртай байхгүй нь мэдээжийн хэрэг. Амьдрал дээр бид бүгдээрээ л хэн нэгнийг өөр нэгэнтэй харьцуулж, үнэлж дүгнэх үйлдлийг өдөр тутамдаа хийдэг байж ч магадгүй. Энгийн үедээ бусадтай харьцуулахад тоглоом шоглоом болгоод өнгөрдөг байсан эмэгтэй жирэмсэн болсноор жижигхээн харьцуулалт дээр ч үнэн сэтгэлээсээ гомдож болохыг санахад илүүдэхгүй.
5. Жирийн үеийн гүйцэтгэл шаардах
Өөрөө өөртөө гутарч, хийхээр төлөвлөсөн ажлуудаа төрөхөөсөө өмнө хийж дуусгаж чадахгүй бухимдаж байхад нь дээрээс нь нэмэрлээд хэрэггүй биз дээ, эрчүүд ээ!
6. Хүүхдийн эрүүл саруул өсөлт бойжилтын талаар ээжтэй холбож ярих
Эрүүл саруул хүүхэд төрүүлэхийг хүн бүр л хүсдэг байх. Санаатайгаар хүүхдийнхээ эрүүл мэндэд муу зүйл хийдэг эх хүн энэ хорвоо дэлхийд байдаггүй гэдэгт итгэж байна. Ялангуяа анхны жирэмслэлт, гэр бүл зохиох гээд маш олон зүйлийг мэдэхгүй чадахгүй, туршлагагүйгээс жижиг алдаа (жишээ нь: улаан вино цус төлжүүлнэ, шар айраг уувал хөхөнд сүү орно гэх мэт) гаргахыг үгүйсгэх аргагүй. Цахим орчинд байгаа хэт их мэдээлэл дунд төөрөлдсөн ч байж болно. Хэвлийдээ хүүхэд тээж байгаа эмэгтэй хүний сэтгэл санааны байдал хүүхдийн ирээдүйд эерэг болон сөргөөр нөлөөлж болдог. Эхнэрийнхээ сэтгэлийг бодлогогүй хэлсэн ганцхан үгээр ямар ихээр өвтгөж болохыг байнга санаж яваарай.
7. Жирэмсний үеийн асуудалд жирэмсэн ээжийг буруутгах
Жирэмсэн болсонтой холбоотой ээжийн биед маш олон зүйл өөрчлөгддөг бөгөөд энэ бүгд ээжийн хүсэл зоригоос ангид цаанаасаа аяандаа явагдаж байдаг. Хэрэв заавал буруутан хэрэгтэй байгаа бол таны хүүхдийг хүн болгон бүрэлдүүлэхийн тулд ээжийн биед ялгарч байгаа жирэмсний дааврыг буруутгаж болох юм. Манай төвөөс жирэмсний үед илэрдэг асуудлуудыг цувралаар нийтлэн гаргаж байгаа билээ. Хамтдаа ном уншиж, мэргэжлийн эмч мэргэжилтнээс үнэн зөв мэдээлэл авч нэг нэгнийгээ буруутгахгүйгээр ирээдүйгээ төлөвлөн, сайн сайхныг мөрөөдөн үг хэл үйлдэл хандлагаараа эерэг байхыг уриалж байна.
8. Хамт эмнэлэг орох хэрэггүй биз дээ?
Эмнэлэг дээр ганцаараа үзүүлэхээр дараалал хүлээж байгаа жирэмсэн эмэгтэй ямар харагддаг гэж бодож байна? Төсөөлөөд үзээрэй. Ажил ихтэй, гэр бүлээ тэжээх гээд үнэхээр завгүй ажилладаг гэдэгтэй маргахгүй. Гэсэн хэдий ч эмнэлэг дээр эхнэртэйгээ хамтдаа хяналтын үзлэгт нь зориулаад ажлаасаа чөлөө аваад явж байгаа аав нар ажилгүйдээ, завтайдаа, эсвэл зүгээр л мөнгө ихтэйдээ тэгээд явж байдаг гэж арай эндүүрээгүй биз дээ?
9. Хаврын тэнгэр шиг ямар олон ааштай юм бэ?
Жирэмслэлт гэдэг дааврын маш нарийн зохицуулгаар хүүхдийг эрүүл саруул өсөн торних орчныг бүрдүүлж байдаг нарийн төвөгтэй үйл ажиллагаа. Эдгээр дааврын нөлөөллөөр таны эхнэр танигдахын аргагүй ааш зантай болж уйлж, уурлаж, гомдож, уцаарлаж байгаа. Ааш занг нь шүүмжлэхээ урьтал болгохын оронд тэвчээртэй байж өөрийгөө ойлгох хүртэл нь хүлээх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, гэр орны дуусдаггүй ажилд нь дэм болж, хайраар тордож яагаад болохгүй гэж. Жирэмсэн байна гэдэг тийм ч амархан зүйл биш шүү.
10. Жирэмсэн биш үетэй нь ямар ч байдлаар харьцуулах
Дээрх бүгдийг анхааралтай уншсан бол үүнийг тайлбарлах нь шаардлагагүй гэдэгт итгэлтэй байна.
Best Mother жирэмсний төв
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.