Бидний мэдэхгүй Их нийслэл хот

Twitter Print
2020 оны 09-р сар 17-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

Улсын нийслэл Улаанбаатар хот жилээс жилд өргөжин тэлж, их хотын түүхэн дурсгалт газрууд тэр хэрээр арчигдан алга болсоор байх аж. Нийслэл хотдоо хүрэлцэн ирсэн хөдөө орон нутгийнханд бол хаашаа л харна зай завсаргүй шахам шавааралдуулан барьсан загвар үзэмж тааруу барилгууд, толгой эргэж шалавхан зугтахын түүс болмоор олон машин тэрэг, дуу шуугиан... Энэ их хотын эртний түүх өнөөдөр балран баларсаар байх ажгуу. Хөдөөнөөс ирж суурьшсан нь байтугай, хотод төрж өссөн гэх өнөөгийн залуучууд чухам хаана ямар түүхэн дурсгалт газрууд байсныг өнөөдөр шижим ч мэдэхгүй болж хоцорсон. Тиймээс тэдгээр түүхэн орон зайг сануулан таниулах үүднээс түүхчдийн туурвисан өгүүллээс хүргэж байна.

Их хүрээ гэх нэгэн орон зайд анх ямар 1855-1892 оны үеийн ”Их хүрээ” гэсэн зурагт их хүрээг Баруун Сэлбэ гол дээр, голынхоо зүүн гарт ихэнх, голынхоо баруун гарт багахан хэсэг гэж тэмдэглэсэн нь 1912 онд Жүгдэр зураачийн бүтээсэн “Монгол улсын нийслэл хүрээ” гэсэн зурагтай харьцуулахад “Их хүрээ” гэж нэрлэсэн нь зөвхөн их хүрээний төв дунд байсан “Зүүн хүрээ” гэдэг лам нарын хорооллыг заасан бол их хүрээний зүүн өмнөд Зүүн сэлбэ голын баруун гарт хүрээн дэхь хэрэг шийтгэх Амбан Түшээт ханы яам, Мөн голын зүүн гарт хүрээн дэхь хэрэгт шийтгэх манж сайдын яам гэсэн хоёр хэсгийг 1912 оны зурагт нилээд хэдэн хороолол хэсгүүдийн төв дунд “Зүүн өмнө хороо” гэсэн ерөнхийлсөн нэг нэр бичсэн байна.

Судалгаанаас үзвэл энэхүү ерөнхийлсэн нэрийн доторхи хэсгүүдийг 1912 оны үе буюу түүнээс хойш Амбан ханы хороо, сангийн яамны хороо, цахарын хороо, жонон вангийн хороо, О-вангийн хороо, Эрдэнэ вангийн хороо гэх мэтээр хэсэг хэсгээр нь нэрэлдэг байсан бололтой. Амбан ханы хороо. Манж чин улсын үед их хүрээн дэхь амбан түшээт ханы яам буюу Монголчуудын нэрлэж заншсанаар их хүрээнд суудаг Монгол амбаны газрын нэрээр тэнд ажилладаг их бага тушаалын Монгол түшмэд бичээч нарын үүсгэсэн хашаа хорооллоос ийм нэр үүссэн байна. ХХ зууны эхэн үеийн амбан хааны хороо гэсэн хэсэгт эдүгээгийн Монголын соёлын төв өргөө, хэвлэлийн “АДМОН” компани, Монгол улсын үндэсний их сургууль, Монгол улсын техник шинжлэх ухааны их сургууль, Монгол улсын Боловсролын их сургууль, Боловсролын хүрээлэн, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль зэрэг гол төлөв шинжлэх ухаан боловсролын байгууллагууд байрлаж ажилладаг билээ.

1909 онд хүрээн дэх хэрэг шийтгэх амбан түшээт ханы яамыг өргөтгөн хоёр давхар тоосгон барилга баригдсаныг хүрээнийхэн Сань-Дуо албаны байр хэмээн нэрэлсэн нь ар монголд сууж байсан Манж чин улсын сүүлчийн амбан байр гэсэн ойлголт бөгөөд Сань-Дуо амбан хэрэг дээрээ энд биш Сэлбэ голын зүүн эрэгт орших хүрээн дэх хэрэг шийтгэх манж сайдын яамны байранд суудаг байжээ. 1911 он 12 сарын 16 буюу шинэ тооллын 12 сарын 29-ний Баасан гаригийн морин цагт Зүүн хүрээний төв дундах ордны газарт VIII Богдыг Монгол улсын эзэн хаанд өргөмжлөн их ёслолыг хийх үеэр олноо өргөгдсөн Монгол улсын төрийн захиргааны төв байгууллага болох яамдыг ч байгуулж, сайд нарыг тохоож томилжээ. Үүнд: Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам (тэргүүн сайд нь да лам Цэрэнчимэд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэнэ).

Энэ яамны байрыг эхний үед хуучин хүрээн дэх хэрэг шийтгэх амбан түшээт ханы яамны байр хавьд байгуулсан боловч удалгүй Богд ханы өвлийн ордны зүүн талд шилжүүлэн байрлуулж хожим улсын Дээд, Доод хурлын байртай нэгтгэсэн нь 1912 онд үйлдсэн зурагт “Ерөнхий яам” хэмээн тэмдэглэгдсэн байна. Гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яам (тэргүүн сайд нь Чин ван Ханддорж) энэ яамны байрыг Амбан ханы хорооны нүүрэнд эдүгээгийн Монгол улсын Боловсролын их сургуулийн хичээлийн төв байрны зүүхэнтэй байжээ. Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яам (тэргүүн сайдаар нь Түшээ гүн Чагдаржавыг томилжээ) энэ яамны байрлал нь эхний үед гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны зүүн талд байгаад хожим Зүүн сэлбэ голын зүүн гарт голлон байрладаг болжээ. Цэргийн хэргийн бүгд захиран шийтгэх яам ( тэргүүн сайдаар нь чин ван Гомбосүрэнг томилжээ) байрлал нь Сангийн хамаг хэргийг захиран шийтгэх яамны зүүн гарт байсан бол шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэх яам (тэргүүн сайдаар нь Эрдэнэван Намсрайг) томилж эхний үед Дотоод, гадаад, сан, цэргийн (дөрвөн) яамны арын гудамжинд (эдүгээгийн багшийн коллежийн хавьд) байрлуулсан байдаг. 1912 онд үйлдсэн “Нийслэл хүрээний ” зурагт олноо өргөгдсөн Монгол улсын төрийн таван яамны байрыг албан яамны үүдний ямпай бүхий үүдээр нь таньж мэдэж болохоор тэмдэглэсэн байдаг.

Манж чин улсын сүүлчийн амбан Монголоос хөөгдөхдөө зүүн Сэлбэ голын зүүн эрэг дээрх ордноос хүрээн дэхь Орос улсын консулын газар очиж тэндээсээ Хиагтаар дайран Орос улсын нутгаар дамжин Монголоос бүр мөсөн зайлжээ. Манжийн амбаныг хөөгдсөний дараа 1909 онд бариулсан байранд нь тусгаар тогтносон Монгол улсын гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны төв хэлтэс байрлаж байв. Энэ хэлтэс нь элдэв гэрээ бичгүүдийг хадгалах, бусад яамдтай хамтарсан албан хэргүүдийг хадгалах сургуулийн хэргийг хавсран явуулдаг байжээ.

Тус яам их хүрээнд байсан Манж сургуулийг халаад оронд нь “Монгол –Орос хэл бичгийн сургууль”-ийг 10 хүүхэдтэйгээр анх байгуулж гадаад хэргийн хамаг хэргийг шийтгэх яаманд харьяалагдаж, хуучин манж амбаны хоёр давхар хөх тоосгон байшинд байрлуулав. Энэ сургууль удалгүй “Жинхэнэ дунд сургууль” болон өргөжиж 60-ад суралцагчидтай болж, Монгол, хятад, орос, манж, англи таван хэл үздэг сургууль болжээ. Энэ сургуулийн багш нар нь Эрдэнэбханов, Дашняв, Цэвэгжав, Абушеев нар байжээ. 1921 оны 7 сарын 10-аас энэ байшингийн дээд давхарт Монгол Ардын засгийн газар, доод давхарт нь уг сургууль хэвээр байж Ишдорж, Хазгаев нар багшлах болжээ. Тус сургуульд 1921 оноос өмнө Гүрсэд, Дамбадорж, Жадамба, Цэрэнгомбо, Цэрэндоржийн Юндэн өөр сургуулиас шилжиж ирсэн Хорлоогийн Чойбалсан, Хадын Насанбуян нар суралцаж, энэ сургуулиас Х.Чойбалсан, Гүрсэд нар Эрхүү хотод суралцахаар Орос улсад одож байжээ.

1921 оны 11 сараас энэ байшингийн дээд давхарт МАХН-ын Төв хороо хуучин Гоожингийн өндрийн тэндээс шилжин ирэхэд Монгол ардын засгийн газар доод давхарт нь байрлах болсон байв. 1922 оны 1 сарын 7-нд Намын төв хурлаар Монгол нутгаар тархсан Зөвлөлт Оросуудын эсрэг элдэв яриа цуурхалыг зогсоох тухай хэлэлцээд энэ асуудлыг Богд хаанд уламжилж Намын төв хорооны тогтоолын оронд Богд хааны зарлиг гаргуулвал илүү их ач холбогдолтой хэмээн тогтоод Богдтой уулзаж, зарлиг гаргуулах ажлыг Сүхбаатар,Баваасан нарт даалгажээ.

Энэ хоёр тэр өдрөө Богд хаанд бараалхахаар очиход тэрээр Сүхбаатарыг хүлээн авч зарлиг гаргаж өгсөн гэдэг. 1924 онд энэ байшинд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар их хурал хуралдаж БНМАУ-ын анхны үндсэн хуулийг баталж энэ хурлаар Монголын нийслэл хүрээг 1924 оны 11 сарын 26-ны өдрөөс Улаанбаатар хот хэмээн нэрлэсэн түүхтэй. 1930-аад онд Намын төв хороо засгийн газрын байрны баруун талд зэрэгцүүлж барьсан хоёр давхар байшинд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороо голлон байрлах болжээ.

1935 оны тавдугаар сарын 4-нд нэгэн их барилгын суурийг дээрх хоёр барилгын баруунтайх чөлөөнд зэрэгцүүлэн тавьсан нь 1936 оны 1 сард ашиглалтад орж энд МАХН-ын төв хороо, МХЗЭ-ийн төв хороо,Монголын үйлдвэрчний эвлэлийн, хотын нам, эвсэл, үйлдвэрчний байгууллагууд байрлах болжээ. Энэ барилгыг 60000 төгрөгийн хөрөнгөөр барьсан гэдэг. 1951 онд эндээс Намын төв хороо нь одоогийн төрийн ордонд шилжиж байрлаж, энэ барилга дангаараа Улаанбаатар хотын намын хорооны барилга болжээ. 1956,1957 оны үеэс хуучин манж амбаны (1909 онд бариулсан) сууцных болон дэргэд нь барьсан жижиг хоёр давхар барилгуудыг буулгаж энэ газар долоон давхар зочид буудлын барилгыг барьж “Улаанбаатар зочид буудал” хэмээн нэрэлсэн бөгөөд Улаанбаатар хотын намын хорооны барилгыг 1980-аад онд буулган шинэ барилга барьсан нь одоо МАХН-ын төв байр болоод байна. Дээрхи барилгуудын арын гудамжийг 1940 өөд онд “Молотовын гудамж” хэмээн нэрлэх болов.

XVIII зууны үед үүссэн энэ гудамжнаа XIX зууны үед өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү Шижир баатарын удмын хүн Жүн Ван Юндэндоржийнх суудаг байсан бол ХХ зууны эхэн үед хичээнгүй бэйс Б.Цэрэндоржийнх болон намын төв хорооны дарга байсан Дамбадорж түүний эцэг Цэрэн-Очир зайсан буюy Бадарчин зайсангийнх, арын гудамжуудаар нь Гэлэгсэнгэ Гүрсэдийн зэрэг бичгийн хүмүүсийн гэр хашаа байсан. 1921 оны наймдугаар сарын 23-нд Монголын бошгыг халах залуучуудын эвлэлийн анхны зохион байгуулах хурал, одоогийн НИК компанийн байрны баруун хойхно байсан Гүрсэдийн хашаанд хуралдаж шинэ Монголын залуучуудын анхны байгууллага анх байгуулагджээ. 1912 онд Түшээт хан аймгийн дархан чин вангийн хошууны харьяат Жонон ван Ширнэндамдин амбан ханы хорооны баруун, талд шинэ хашаа бариулжээ. Жонон ван Ширнэндамдин нь 1912 онд Гадаад яамны тэргүүн сайд Чин ван Ханддорж тэргүүтэй олноо өргөгдсөн хаант Монгол улсын засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Орос улсад очоод Оросын сүүлчийн хаан II Николайтай уулзаж, Оросын засгийн газартай гэрээ хэлэлцээр хийж явсан бол 1921 оны 10 сарын эцсээр Зөвлөлт оронтой гэрээ хэлэлцээр байгуулж С.Данзан тэргүүтэй ардын засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж В.И. Ленинтэй уулзаж зөвлөлт засгийн газартай гэрээ хэлэлцээр хийж явсан Монголын нэрт дипломатч хүн байжээ.

Жонон ван хашаагаа 1924 онд судар бичгийн хүрээлэнд худалдасныг тус хүрээлэн 1925 онд Ардыг гэгээрүүлэх яам, оюутны сургуульд шилжүүлжээ. Ийнхүү нэгэн айлийн хашаа нэгэн сургуулийн хашаа болж хувирснаар хашаа нь томорч сургуулийн хичээлийн “Г” хэлбэрт дан тоосгон барилга барьжээ.

Хожим оюутны сургууль нь өөр байр нэртэй болсноор энд МУИС-ийн оюутны байр, УБИС-ийн багш ажилчдын байр, дүрслэх урлагийн газар зэрэг байгууллагууд байрлах болов. Жонон ван Ширнэндамдингийн хашааны зүүн талаар Сэцэн хан аймгийн далай вангийн хошууны хурц гүн Магсаржав, түүний хүү алдарт дуучин Дугаржав нар суудаг байв. 1927-1929 онд хуучин Жонон ван Ширнэндамдингийн хашаа буюу тэр үеийн Ардыг гэгээрүүлэх яамны хойд талын өргөн чөлөөнд Герман инженер Г.Дебель, зөвлөлтийн инженер Г.Н. Барановский нарын зохиосон зураг төслөөр улсын хэвлэлийн хорооны давхар барилгыг ашиглалтанд оруулсан байна. Тэгээд 1946 онд тус үйлдвэрийг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонгоор шагнаж 1948 онд Д.Сүхбаатарын нэрэмжит болгожээ. 1920-иод оны сүүлчээр хуучин “Залрах зам” дээр буюу өөрөөр хэлвэл улсын хэвлэлийн хорооны давхар барилгын баруун талд “Ардын цэнгэлдэх хүрээлэн”-гийн том барилга барьж энэ хоёр том барилгын хоорондуур хойш чиглэсэн гудамжийг “Мартын наймны гудамж” хэмээн нэрлэсэн нь эдүгээгийн “Их сургуулийн гудамж”-ны эхлэл болжээ. 1930,1940-өөд онд “Бөмбөгөр ногоон” хэмээн алдаршсан ардын цэнгэлдэх хүрээлэн буюу төв театрын барилга 1940 оны сүүлээр галд эрсэдсэнээр Улсын төв театрын барилгыг шинэчлэн барих тухайн асуудал гарч энэ тухай тогтоол шийдвэр гарсаны дагуу 1946 оны 6 сарын 28-нд хуучин Жонон ван Ширнэндамдингийн хашаа буюу тэр үеийн Улсын Их сургуулийн оюутны байрны урд тал, Намын төв хорооны байрны баруунтайх их чөлөөнд Улсын төв театрын шинэ барилгын суурь тавьж, 1946-1949 онд барьж дуусаад Октябрийн хувьсгалын 32 жилийн ойгоор ашиглалтанд оруулснаар Улсын дуурь бүжгийн академик театрын шинэ түүх эхэлжээ.

Ийнхүү нийслэл хотын маань энэ хэсэг шинэчлэн өөрчлөгдсөөр Улаанбаатар хотыг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу Сүхбаатарын нэрэмжит Улсын хэвлэх үйлдвэрийн хойд талд 1950-1970-аад оны үед Сүхбаатарын нэрэмжит арван жилийн хоёрдугаар дунд сургуулийн барилга болон улсын архивын хэрэг эрхлэх газар, Шинжлэх ухаан мэдээллийн төв, Анагаах ухааны дунд сургуулийн байруудыг барьснаар хуучин Зүүн хүрээний зүүн өмнө хороо харчууд буюу Амбан ханы хорооны баруун хэсэг өөрчлөгдөн одоогийн “Хүмүүнлэгийн дээд сургууль”, Монголын үндэсний төв архив, Шинжлэх ухаан, мэдээллийн төв, хэвлэлийн “Адмон” компани, оюуны өмчийн газрын нэгдсэн байр, “НИК” компаний байрууд бий болжээ. Үүнтэй холбогдон 1940-өөд оны үеийн “Молотовын гудамж” байрлалаа өөрчлөн хойшилж Улсын хэвлэлийн комбинат, Анагаах ухааны дунд сургуулийн урдуур шинэ гудамж үүсч Богумер Шмералийн нэрэмжит болсныг 1990-ээд оноос өөрчлөн “Ерөнхий сайд Амарын гудамж” нэртэй болгосон.

Бас 1985 онд Соёл Шинжлэх ухааны төв ордон буюу /Соёлын төв өргөө/-ний их ордыг урьд Жүн Ван Юндэндорж, Жонон ван Ширмэндамдин, хичээнгүй бэйс (ерөнхий сайд байсан) Б.Цэрэндорж, орчуулагч түшмэл (намын төв хорооны дарга байсан) Ц.Дамбадорж, алдарт дуучин, төрийн зүтгэлтэн М.Дугаржав, түүний эцэг нэрт хуульч Хурц гүн Магсаржав, Богд хаант засгийн жилүүдэд Амгалангаас шилжиж ирээд түр сууж байсан зайсан Цэрэн-очир, Бадарчин зэрэг нэгэн үеийн эрдэмтэн мэргэд, бичгийн хүмүүсийн аж төрөн сууж байсан хуучин гэр хорооллын хэдэн гудамжны буурин дээр байгуулагдсан нь тохиолдлын хэрэг мэт боловч нэгэн цагийн их хүмүүсийн аж төрж, ажил хийж явсан газар шороон дээр шинэ цагийн шинжлэх ухаан, соёл урлагийн их барилгууд барьсан нь уламжлал юм шиг болжээ. Амбан ханы хорооны зүүн хэсгийн нүүрэн талд олноо өргөгдсөн хаант Монгол улсын төрийн таван яамны байранд 1921 оны 7 сарын 10-нд Ардын засгийн газрын шинэ яамдууд орсон байна. 1929 оноос Ардын засгийн газрын Дотоод яамны урд талд “Сангийн яамны барилга” гэсэн зориулалтаар хоёр давхар тоосгон барилга баригдаад дөнгөж дуусмагц түүнд 1921 оны үндэсний хувьсгалын 10 жилийн ой тохиосонтой холбогдон БНМАУ-ын засгийн газар, гэгээрлийн яам, Шүүх яам, Эрүүлийг хамгаалах яамд байрлаж байгаад хэдэн жилийн дараа яамд нь тусдаа байртай болж, ганцхан засгийн газар нь үлджээ. Тэгээд 1944 онд Засгийн газрын хоёр давхар байшинд нэг давхар нэмж гурван давхар болгоод 1945 оны 4 сард маршал Чойбалсангийн албан тасалгааг 3 давхрын баруун дээд талын өрөөнүүдэд нүүлгэн оруулж 1945 оны 5 сарын 9-ний ялалтын баярыг маршал Чойбалсан тэр өрөөндөө тэмдэглэн өнгөрүүлсэн болно.

Дараа нь 1951 онд Засгийн газар одоогийнхоо ордонд шилжин байрлах болсноор хуучин байр нь энэ оноос Улсын багшийн институтын хичээлийн төв байр болж ирснээс хойш өнөөг хүртэл УБИС-ийн нэгдүгээр байр хэвээр байна. Энэ байрны зүүн хойд талд буюу хуучин засгийн үеийн Дотоод яамны хашаанд 1921 оны 7 сарын 10-нд том гэр барьж Автономит Монголын засгийн газар, төрийн яамдыг тамга, тэмдэг бичиг хэргийг Ардын эрхт хэмжээт цаазат засгийн эрх мэдэлд шилжүүлэн өгөх түүхт ёслол болжээ. Энэ түүхт үйл явдал болсон газарт тус сургуулийн оюутан, залуучуудын дурсгалын тэмдэг тавьсан ба УБИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны баруун хананд “Хорлоогийн Чойбалсан 1935-1951 онуудад энэ байшинд ажиллаж байсан” гэсэн үгс бүхий дурсгалын самбар байрлуулсаны хойхно талд нь “Болгарын болон олон улсын ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн В.Коларов МАХН-ын IX их хуралд 1934 онд оролцож байв” гэсэн бас нэгэн дурсгалын самбар бий. В.Коларовын оролцсон энэ хурал тус байрны 201 тоот танхимд хуралдсан түүхтэй. УБИС-ийн зүүн тал буюу хуучин Гадаад цэргийн яамны байр байсан газар 1930-аад оноос багшийн сургууль, дараа нь Цэцэрлэгийн багшийн техникум, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт,сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн зэрэг байгууллагууд байрлаж байсан.

Энэ хүрээлэнгийн зүүн талаар хойш орсон гудамж нь бүр ХХ зууны эхэнд үүссэн, тэр үеийн амбан ханы хороо, Цахарын хороодыг хоорондуур нь заагласан гудамж байв. Цахарын хороо. Цахарын болон амбан ханы хороог заагласан гудамжны урд эхэнд 1930-аад онд барьсан “Төмрийн заводын ажилчидын байр”ын гурван давхар орон сууцны байшин буй эндээс хойш Сэлбийн голын баруун эрэг дагуу байрлалтай багахан гэр хорооллыг “Цахарын хороо” хэмээн нэрэлдэг байсан Энэ хороонд Манж чин улсын шинэ засгийн бодлогыг тууштай эсэргүүцэж тэмцсэн Өвөр Монгол, Баргын ард түмний тэмцлийн удирдагчид, “Зоригт баатар” , Тогтох тайж түүний хамтран тэмцэгч “Түрэмгий баатар” Баяр гүн, 1912 онд Монгол улсад дагаар ирж, Ховд Улиастайг манжийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх тэмцлийг удирдсан Баргын Манлай баатар ван Дамдинсүрэнгийн зэрэг эрэлхэг тэмцэгчид 1911 оноос хойш аж төрөн сууж байжээ. Мөн тус хорооны дэвсгэрт буюу хуучин Худалдааны техникумын архантай Д.Сүхбаатарын ойр хамаатан Будын Даваагийнх байсан.

Манай улсын банк санхүүгийн анхны зүтгэлтэн, тоо бүртгэлийн газрын анхны дарга Даваа нь 1919-1921 онуудад Данзан, Сүхбаатар нарын удирдсан Монголын хувьсгалт байгууллагын үйл ажиллагааг идэвхитэй дэмжиж байжээ. Сан Дотоод гадаад цэргийн дөрвөн яамны арын гудамжинд байсан Шүүх яамны хамар хашаанд академич Ш.Нацагдоржийн өвөө, Монгол төрийн нэрт түшмэл Балданцэрэн гүнгийнх байсан бол энэ гудамжны эхэнд 10 хүүхэдтэй “Цахилгаан мэдээний сургууль” байгуулж, Богд хаант Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр дэргэд нь 50 номертой телефон хороог 1915 онд Амгаланбаатараас энд шилжүүлэн байрлуулсан.

1921 оны намар Монгол ардын засгийн газрын шийдвэрээр ардын засгийн анхны бага сургуулийг телефон хорооны дэргэдэх сургуулийн байранд түшиглэн байгуулсан нь манай нийслэлийн одоогийн гуравдугаар дунд сургуулийн эхлэл байжээ. Шүүх яамны арын гудамжаар 1940-өөд онд 1921 оны партизан пулемётчин Бямбынх суудаг байв. Бямбын эхнэр Эрдэнэчимэг дурсан ярихдаа “Нэгэн удаа Лосол гуай бид хоёр Хэнтий аймагт ажлаар явах үедээ хүзүүнийхээ зүүлт чимгийг хотод буй гэртээ мартчихсаныг минь Чойжин сахиусаа залаад л аваад ирж байсан. Үнэнхүү ид шидтэй хүн байж билээ” хэмээн Д. Лосолыг дурсан ярьж байсан гэдэг. Шүүх яамнаас баруухантай нэгэн хашаанд бүр 1910-аад оны эхээр Баяр гүнгийнх нэг хэсэг сууж байгаад “Цахаруудын хороо”-нд хашаа байшин төхөөрч тохижсоныг 1921 оны 7 сарын эхээр Ардын засгийн газар (Баяр гүнийг Барон Унгерны цэрэгт орсон гэж) хураан авчээ.

1922 онд энэхүү хашаа байшинг Д.Сүхбаатарт өгөхөөр шийдвэр гарсныг тэрээр “Би Хиагт орчимд эзнийг нь цэргүүдээрээ алуулчихаад одоо өв хөрөнгийг нь авахгүй” хэмээн татгалзсан учир Сүхбаатарт өөр хашаа байшин өгсөн баримт буй. Шүүх яамнаас хойш одоогийн Биеийн тамир, спортын ордны жаахан урдуур Сэцэн хан аймгийн Хурц вангийн хошууны засаг ноён Хурц ван Түдэнгийн орд харш байжээ. Түдэн нь хошуу олноо ихээхэн чирэгдүүлж, дарлан зовоосны учир 1919 онд хошууны ардууд Автономит Монголын Шүүх яаманд заалдаж бичсэн заргын бичгийн эцэст 75 ард гарын үсгээн зурахдаа ийм заргын тэмцлийг анх хэн санаачилж удирдсан болохыг нууцлахын тулд гарын үсгээн дугуйлан нарны цацраг байдалтайгаар зурцгаасан гэдэг. Энэ 75 ардын дотор Хурц ван Түдэнгийн хатан явсан Даваажавын гарын үсэг байдаг. Хурц вангийнхаас хойш хэдэн гудамж өнгөрөөд Хүрээний амбан ханы хорооны хойд зах буюу өөрөөр хэлвэл Зүүн хүрээний мөргөлийн замын урд талын гудамжны дунд хавьд Ардын засгийн Гэгээрлийн яамны анхны сайд Онхот овогт Сангажавын Жамьян гүнгийнх суудаг байжээ. 1919 оны үед Жамьян гуайнхыг энд байхад 11 сарын 16-нд Улсын дээд, доод хоёр хурал Сюй-Шу-Чжаны харгис тулгалтаар Монголын тусгаар байдлыг монголчууд өөрсдөө устгасан тэр орой хэсэг эх орончид Жамьян гүнийнд цуглан хуралдаад “Шашин үндсээ хамгаалах хэрэгт амь бие эд хөрөнгөө хайрлахгүйгээр тэмцэхээ” санал болгож 16-17-нд шилжих шөнө Богд хаанд бараалхахад Богд хаан зөвлөгчтэйгээ зөвлөсний эцэст дээрх саналыг дэвшүүлж очсон С.Данзан, Д.Догсом нарыг талархан дэмжиж энэхүү эх оронч санаанаасаа бүү шантар,харин одоо тэмцвээс дайсан хүчтэй учир жаахан болгоомжлох хэрэгтэй гэж зөвлөөд Данзан, Догсом хоёрыг боов, чихрээр шагнаад ордноос гаргасан гэдэг.

Тэр цагт хаан эзний гараас чихэр боов авна гэдэг бол чухамхүү тэнгэрийн хишиг хүртсэнтэй ижил утгатай зүйл байв. Монголын “хувьсгалчид” хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн хүмүүсийн дундаас Жигмэддорж, Сүхбаатар, Лосол нар Жамьян гүнтэй багш шавийн барилдлагатай, Лосол нь бас тэдний хүргэн нь байв. Лосолын анхны эхнэр Жамьянгийн охин Чимэдийг Илдэн ван Доржпаламын хүү Пунцагцэрэнжалбууд Богдын зарлигаар булааж аваад өгчихсөн явдал Лосолыг дээдэстээ сэтгэл дундуур явахад хүргэв. Энэ үед түүх шастир ярилцах зэргээр лам Бодоо ч Жамьянгийнд олон удаа ирсээр түүнийг бүлэгтээ элсүүлэн авч улс үндсээ хамгаалах хэрэгт хамтран тэмцэх болжээ.

Тийм ч учраас Жамьян гуайн дотно танил, журмын нөхөр Д.Бодоо нь 1921 оны 7 сард Ардын эрхт Монгол Улсын Ерөнхий сайд болсноосоо хойш ажилдаа дөхөж Амбан ханы хороонд Жамьян гуйн урдахь гудамжны зүүн үзүүр хавьд хойш харсан үүдтэй нэгэн хашаанд нүүж иржээ. Энэ үед Бодоогийнд Х.Чойбалсан суудаг байсны дээр Бодоогийн эхнэр Янжин гэгч байв. Удалгүй Х.Чойбалсан ч Бодоогийнхоос өрх тусгаарлаж Богдын сойвон Цэвээнлхазадын охин Бортолгойг авч Жамьян гуайн суудаг гудамжны зүүн үзүүрийн урагш харсан үүдтэй нэгэн хашаанд айл болон суужээ. Энэ мэтээр Амбан ханы хороо, Цахаруудын хороо нь аль дээр цагаас Монголын бичиг, цэргийн түшмэл, эх орончдын оршин суудаг хороод байсан бөгөөд эдгээр хүмүүс улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцлийн ч төдийгүй монголын соёл, шинжлэх ухааны түүхэнд ч их үүрэг гүйцэтгэсэн хүмүүс юм.

1921 оны намар Жамьян гүнгийн хашаанд Монголын шинжлэх ухааны анхны байгууллага “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдаж, дарга нь Жамьян гүн болжээ. Тэрээр Монголын түүх, хэл бичгийн судалгааг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий ном, судар цуглуулсны хамгийн дорвитой нь Ганжуур, Данжуурын бүрэн эх боть зохиолыг 1925 онд Бээжинд байсан Халхын сайн ноён хан аймгийн Сэцэн чин ван Наянтын номын сангаас эх орны нийслэлд авчирсан явдал юм. Энэ ажилд Жонон ван Ширнэндамдин зуучилж Жамьян гуайд тусалсан байдаг. 1921,1922 онд Д.Бодоогийн гэр байсан энэ газрын орчимд эдүгээ Боловсролын их сургуулийн хичээлийн гуравдугаар байр болон Монголын залуучуудын соёлын төв ордон, усан бассейн зэрэг соёл хүмүүжлийн газрууд буй. Сангийн яамны хороо. Их хүрээний дундуур хойноосоо урагш урсаж өнгөрдөг хоёр голыг хоёуланг нь Баруун, зүүн сэлбэ хэмээн нэрлэдэг байсан.

Улаанбаатар хотыг шинэчлэн байгуулах явцад баруун сэлбэ дарагдаж 1966 оноос “Их тойруу” гудамжийн гадуур шуудуу болж “гол” нэрээн алдсанаар одоо зөвхөн зүүн сэлбэ голыг л Сэлбэ гол хэмээн нэрлэдэг болоод байна. Зүүн сэлбэ гол нь XIX зууны эцэс, ХХ зууны эхэн үед Сангай үйлчний буюу зүүн харчуудын, Луусангийн зүүн дамнуургачны Дарсны, Ногоочны, Цахарын, Амбан ханы урд, хойд гүүрүүд болон Луусангийн зүүн дамнуургачны, Дарсны, Ногоочны, цахарын Амбан ханы урд хойд гүүрүүд болон луусангийн гүүр л хамгийн томоохон нь байлаа. Луусангийн гүүр байсан газрын орчимд өнөөдөр нийслэлийн Их тойруу гудамжны буюу зуун айлын гүүр, Дарсны гүүр байсны орчимд одоо Залуучуудын өргөн чөлөөний буюу Зүүн хонгилын баруун гүүр байдаг.

Амбан ханы хойд гүүр нь хүрээний бусад гүүрүүдийн нэгэн адил XIX зууны үед Зүүн хүрээ Маймаа хот (Амгаланбаатар) ын хоорондын зам харилцааг сайжруулах зорилготойгоор барьсан гүүр юм. ХХ зууны эхэн үеэс олны зорчих энэ гүүр, машин тэрэгний хөдөлгөөн ихэссэнтэй холбогдон улам улмаар хөгжсөөр 1946 онд баруун жигүүрт нь хоёр чулуун арслан тавьснаар “Арслантай гүүр” хэмээх нэртэй болжээ. 1958 онд модон гүүрийн оронд 40 метр урт, 18 метр өргөн төмөр бетон гүүр барьсан нь энэ болно. Хоёр чулуун арслан бол ямар нэгэн сүмийн үүдний арслан биш Сэлбийн зүүн гарт (одоогийн 21 дүгээр дунд сургуулийн орчимд) байсан “Хүрээнд сууж хэрэг шийтгэх манж сайдын яам”-ны гол ордны үүдэнд байсан хоёр чулуун арслан гэдэг.

1919 оны намрын нэгэн өдөр Автономит Монгол Улсын Сангийн яамны түрээсний түшмэл С.Данзан олон жилийн өмнө Орос газар байх үедээ (монголын ойн баялаг судлах Оросын хааны газарзүйн нийгэмлэгийн экспедицед хэлмэрчээр явж байхдаа) дотно танилцсан (тэр үед газарчаар явж байсан) Д.Догсомтой Амбан ханы хойд гүүрийн аманд уулзаж хуучин танил хоёр тухайн үеийнхээ Монголын улс төрийн байдал, Хятадын түрэмгийлэгчдийн түрэмгийлэл зэргийг шүүмжлэн ярилцаж олон цаг зогсоосны эцэст Данзан нь Гоожингийн гудамжны зүүн хойд үзүүрт буй хойшоо харсан том, жижиг хоёр хаалгатай хашаандаа ороход Догсом нь мөн гудамжнаа суудаг Дэндэв гүнгийнд оржээ.

XIX зууны үед Гоожингийн гудамжийг хувийн худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг Хайтан гэгч анх үүсгэжээ. 1920 оны үед Хайтаны хашаа дурдсан гудамжны баруун жигүүрт хойноосоо гуравдахь хашаа байсан. Энэ хашаанд Хайтаных байшинд суудаг. Мөнхтөмөр гэгч Монгол эхнэртэй, тэр нь Сэцэн хан аймгийн Далай вангийн хошууны харьяат Даваагийн ойрын хамаатан учир түүний бэлбэсэн эхнэр Хишигтийнхийг хашаандаа суулгасан. Бас энэхүү Хишигт нь Сүхбаатарын дүү Долгоржавыг үрчилж авснаараа урагсаж 1909 онд Сүхбаатарын эцэг Цагаан дээлт Дамдингийнх энэ хашаанд орж суух болжээ. Хашааны эзэн (Хятад цахарын эрлийз) Хайтан нь хашааныхаа зүүн талд гудамжруу цонхтой жижиг дэлгүүрээрээ алдаршин энэ гудамжийг 1912, 1913 оны үеийг хүртэл “Хайтаны гудамж” гэж нэрлэж байсан.

Богд хаант засгийн жилүүдэд энэ гудамжны урд аманд Сангийн яамны ойн түрээс бичдэг газар буй болж энэ ажлыг Монголд анх сэдэж байсан орос сургагч .А. Козин (1879-1956)-ы нэрээр хүрээнийхэн “Козингийн яам”, тус “яам”-ны түрээсийн түшмэл Данзан энэ гудамжинд суух болсон зэргээс гудамжны нэр (Козин нь Гоожин болж) сунжраад Гоожингийн гудамжны гэх болжээ. Энэ гудамжинд 12 айл суудаг байснаас заримыг дурдахад баруун жигүүрийн хойд талд Дамбын Чагдаржавынх , Зүүнхүрээний сэцэн тойны аймагт хамаатныхаа нэг ламынд суудаг энэ ламын хувийн хашаа. Ардын түр засгийн анхны Ерөнхий сайд агсан энэ хүнийг1922 онд 42 настайд нь хэлмэгдүүлээд хашааг нь Абидаев гэгч авчээ. Мөн жигүүрийн гуравдахь хашаанд 1909 онд нүүж орсон Сүхбаатарын эцэг Дамдин 1920 оны 3 дугаар сард өөд болжээ.

Мөн жигүүрийн урд үзүүрт байсан Лувсаншаравын хүү Намхайцэрэн 1926, 1927 оны үед Герман улсад сургуульд явж гүүрийн инженер болж ирээд Хэрлэнгийн дээд, доод хоёр гүүр болон Яармагийн, Онгийн голын, Хурхын, Ивцгийн гүүрүүдийн зураг төслийг зохиож бариулсан байна. Гүүр барилгын инженерийн зураг төслийн зэрэгцээгээр бодит амьдралыг уран зургийн аргаар харуулдаг их авьяасаараа Намхайцэрэн гуай алдаршиж Монгол улсын ардын зураачийн алдрыг хүртжээ. Ардын зураач Намхайцэрэн гуайн ээжийг тэр хавийнхан “Хог эхнэр” хэмээн хочилдог том ахыг нь бас лам, дундах нь монгол бичигтэй хар, эдний зүүн хамар хашаанд суудаг “даатуу зайсан” хэмээх Содномжамбынх бас 3 хүүтэй, том нь лам, дундах нь монгол бичигтэй хар хүмүүс байсан бол эднийхний хамар хашааны Хунданхүү гэдэг айлд үргэлж дуу хуур шанз хуучир эгшиглэсэн зочид гийчид олонтой байсан Даатуу зайсангийн бага хүү Бавуу нь Герман улсад 1926,1927 оны үед сургуульд явж ирээд Гоожингийн гудамжны зүүн талд байгуулсан төмрийн заводод ажиллаж байгаад дараа нь багш болж улмаар Монгол улсын гавьяат багш болж алдаршжээ. Төмрийн заводыг манай улс Герман улсын тусламжтайгаар байгуулсан.

Заводын конторыг нь Германы уран барилгын хэлбэрээр герман хүмүүс барьсан. 1929-1930 оны үед энэ үйлдвэрийн гол орчуулагчаар зохиолч Д.Нацагдорж ажиллаж байжээ. Гоожингийн гудамжны зүүн жигүүрийн хойд үзүүрт байсан Данзангийн хашаанд 1920 оны 3 сард (мөн жигүүрийн урд үзүүрт байсан Хүүхэн хэмээгч Тэгшжаргалын Дамдингийн хашаанаас) Д.Сүхбаатарынх нэгэн шөнө нүүж иржээ. Энэ үеэс Данзангийн урдахь хамар хашааны Чойдоо гэгч ганц бие эр нууц бүлгэмийн үйл ажиллагааг дэмжиж нууцыг нь хамгаалах болсны дээр 1920 оны 6 сарын 25-нд Данзан, Сүхбаатар нарын хашаанд Монгол ардын нам анх мэндэлжээ.

Чойдоогийнхоос урагш Цэрэн төвдийнхийг алгасаад Төрмөнх гэдэг айлын хашаанд 1912,1920 оны үед түүний ах, Монголын хувьсгалт байгууллагын гишүүн, Богд хаант Монгол улсын цэргийн зэвсгийн газрын дарга Өлзийбаярын Дэндэвийнх суудаг байсан. Энэхүү Дэндэв 1922 онд хэлмэгджээ. Гоожингийн гудамжны урд талын хоёр давхар байшинг 1919 онд Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэн Орос улсад айлчилж ирээд тэр үеийн Богдын “Өндгөн сүргийн нутаг ” одоогийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн урд талд анх бариулсан байна.

Хожим энд байсан Монгол Улсын Бүгд ерөнхийлөн захирах яам буюу Засгийн газрын ерөнхий сайдын сууцны хоёр давхар хоёр байшингийн нэгийг Цэргийн яаманд нөгөөг сангийн яаманд шилжүүлснээр Сангийн яаманд шилжсэн энэ байшин нь Түшээт хан аймгийн Эрдэнэ ван Намсрайн нэрийн дор Сангийн яамны “Гадаад хүүгийн хэлтэс” энэ байшинд байрлаж байв. Энэ хэлтэс нь “Аливаа хүнд түрээслэн олгох, дэлхийн баялаг, ус голын ашгийн түрээсийг хураах, дотоод хүүд шилжүүлэх ба эрхлэн захирах, үзэж шийтгэх, түшмэл албаны орыг томилох ” зэрэг албан үүрэгтэй байжээ. Ийм албан үүрэгтэй хэлтэс байрлаж, энэ ажлыг С.А. Козин зөвлөн явуулж байсан учраас тэр үед аливаа хоёр давхар байшинг “өндөр” гэх хүрээнийхэн тодорхойлдог байсан болоод ч “Гоожингийн өндөр” гэж нэрлэх болжээ. Энэ байшингийн нэгэн тасалгаанд Монголын хууль шастир хэвлэх газар бас байрлаж, тэнд 1919 онд Д.Сүхбаатар үсэг өрөгчөөр ажиллаж байсны дээр Хятадын түрэмгийлэгчид Богд хааныг энэ байшинд авчирч 1920 оны10 сарын 25-наас 12-14 хүртэл гэрийн хорионд байлгажээ. Дараа нь 1920 оны 7 сарын 10 хүртэл Монгол ардын түр зсгийн газар байрлаж байгаад 11 сараас Цэргийн их даргын сургууль байгуулж, сургагчаар нь 1912 онд Монголд уригдан ирсэн ардчилсан үзэлтэй П.М. Толпыгиныг томилсон байдаг. Тэр үед П.М. Толпыгин, 1923 оноос Зөвлөлтийн эмч П.Н. Шастиных сууж ажиллаж байсан байрыг 1997 онд “Монгол бөхийн өргөө”г барих далимд буулгажээ. Гоожингийн гудамжны баруун, баруун өмнөд тал, Сэлбэ голын зүүн хөвөө дагаад 1778 оны үеэс Их хүрээнд сууж хэрэг шийтгэх сайд Манж амбаны газрын албан байр, харьяа газруудынхаа хамт байрлаж байсан бол 1912 онд Богдхаант Монгол улсын Цэргийн яамны харьяа газрууд, 1919 оны намраас хятадын гамин цэргийн штаб “Силанпугийн яам ” 1921 оноос “Цэргийн бэлтгэл” хэмээн нэршсэн Монгол ардын цэргийн арын албан газар, Санхүүгийн сургууль зэрэг байгууллага газрууд байрласаар байгаад 1960-аад оноос оюутны хотхон, 21 дүгээр дунд сургуулийн барилгуудыг барьжээ. Бас энэ хавьд байсан хуучин Сангийн яамны зарим хэлтсийн байрыг түшиглэн Санхүүгийн техникум байгуулагдаж нэг хэсэгтээ “Гоожингийн өндөр” нь тус сургуулийн оюутны дотуур байр болж байжээ. 21 дүгээр дунд сургуулийн зүүхэнтэй хүрэн дүнзэн байшинд 1938 оны 9 сараас Ю.Цэдэнбал санхүүгийн техникумын хичээлийн эрхлэгч, Сангийн яамны дэд сайд байсныхаа эхний саруудад аж төрөн сууж байжээ.

Санхүүгийн сургуулийн шинэ барилгыг сул газар 1956 онд бариулжээ. 1922 онд жанжин Сүхбаатарын тушаалаар Гоожингийн өндөрийн хойд талд энэ гудамжны аманд байгуулсан “Цэргийн граж” нь 1932 оноос Цэргийн тээх нэвтрүүлэх хороо болон томорч намын товчооны дарга, батальоны комиссараар Дашийн Дамба 1932-1938 онд ажиллаж байжээ. Энэ үед тус хороо нь Тэмээн батальон, үхэр тэрэгний батальон, Автобатальон, Авто засварын газар, Авто сургуулийн дивизион гэсэн 5 хэсгээс бүрдэж байжээ. Тэмээн батальон нь Лүнд, Үхэр тэргэн батальон нь Батсүмбэрт байгаад Жаргалантад очсон, Автобатальон нь хотод байсан ба Сүхбаатарын дүү Долгоржавын нөхөр механик Дэндэв энд жолооч байсан. Түүнээс гадна хулгар Жамц, хөгшин Жамц, ишгэн Раднаа, Наваанжамба нарын зэрэг жолооч нар байжээ.

Цэргийн тээх нэвтрүүлэх хорооны намхан байшинг Их Баторун гэгч хариуцаж тоосгыг нь Манжуураас тээвэрлүүлж 1920-иод оны сүүл үед Гоожингийн өндрийн архан бариулсан нь одоо буй. Эндээс зүүн урагш Гоожингийн өндрийн өмнө Богд хаант Монгол улсын цэргийн буу зэвсэг засварын газрын барилга байсан.Үүнийг 1980-аад оны эхэн үед Улаанбаатар хотын комендатурын анги ашиглаж байгаад нүүсний нь дараа 1987 онд буулгажээ. Үүнээс гадна 1920 оны намар манлай ван Дамдинсүрэнгийн босоогоороо үхсэн нүхэн шорон 1980-аад он хүртэл агуулах болж ашиглагдсаар байгаад шороонд дарагдсан тэр газарт одоо Баянзүрх хүнсний зах оршиж байгаа.

Богдхааны ордны хөгжимчдийн байр орчимд Монгол бөхийн өргөөний зүүхэнтэй, одоо Улаанбаатар хотын түүх, шинэчлэн байгуулалтын музей байгаа энэ байшинг Цогтбадамжав гэгч 1905 онд бариулжээ. Цогтбадамжав нь энэ мэт хэд хэдэн байшин бариулж түүндээ Англи, Америк зэрэг орнуудын худалдааны хүмүүсийг хөлсөөр суулгадаг, ардчилсан үзэлтэй хүн байсан учир 1921 оны 7 сарын 8-нд сууцныхаа энэ байшингийн нэгэн өрөөнд жанжин Сүхбаатарын албан тасалгааг засаж оруулснаар энд Монгол ардын журамт бүх цэргийн штаб байрлаж, Цэргийн яам нь Цогтбадамжавын хашаан дотор майханд хоёр хоноод 1921 оны 7 сарын 10-нд сайд жанжин штабынхаа хамт амбан ханы хороонд байсан хуучин засгийн Цэргийн яамны байранд шилжин байрласан байна. Дараа нь энэ байшин улсад шилжиж 1944 он хүртэлх хугацаанд БНМАУ-д суугаа Бүгд Найрамдах Тува Ард Улсын элчин сайдын яам байрлаж байгаад энэ оноос Сүхбаатарын музей, 1953 оноос Улаанбаатарын түүхийн музей тус тус байрлаж ирсэн.

Улаанбаатар хотын музейн баруухантай байгаа дээрээ цамхагтай жижиг байшинд 1921 оны 7 сарын 8-нд Монгол цэргийн холбооны ангийн штаб, төв холбоо орсноос хойш энэ байшин бараг 70-аад жил цэргийн холбооны харьяалалд байсаар сүүлдээ “Холбооны музей” ч болж байсан. 1912 онд Москвагийн худалдааны экспедиц Монголд ажиллах үед Нийслэл хүрээнд байгуулсан оросын худалдааны үзэсгэлэнгийн “хөгжмийн бараа” ны тасгийг Богд хаан үлэмж их сонирхож таалсны дараа Оросын худалдаачид Богд хаанд хөгжимтэй сандал бэлэглэж, хааны хүлээн авалт дээр хөгжим тоглуулснаар Богд хааны ордонд ажиллах орос хөгжимчдийн хамтлагийг Богдын тааллаар байгуулж, тэр хамтлагийн байр болгож энэ байшинг бариулжээ. Монголын хааны ордны хөгжмийн хамтлагийн хөгжимчид бүгд Христийн шашинтай тул Христ бурхнаа орой дээрээ залж, Христийн сүмийн хөгжим эгшиглүүлсээр 1921 онд хүрч иржээ.

Герман улсын тусламжаар байгуулсан төмрийн заводын эргэн тойронд 19201930 аад онд дандаа анги байгууллагууд байсантай холбогдож холбооны барилгын баруун талд зэрэгцүүлэн Дэмид жанжны сууцны жижиг байшинг 1930-аад оны эхэн үед бариулжээ. 1936 онд Монгол ардын цэргийн дээд командлалд “Улсын маршал” (өрлөг жанжин) цол буй болж БНМАУ-ын анхны маршалын цол тэмдгээр 1921оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг Хорлоогийн Чойбалсан 1921 оны партизан Тверийн морин цэргийн академийг онц гарамгай суралцаж төгссөн Гэлэгдоржийн Дэмид дэвшиж шагнагдсан юм. Энхтайваны өргөн чөлөөний урд талаар иймэрхүү түүхтэй байхад хойд талд нь бүр XVIII зууны үеэс их хүрээнд байгуулсан манж чин улсын төв шорон байлаа.

Манжийн төрийн харгис хууль энд хэрэгжиж Монголын олон зуун шударга ард, шилийн сайн эрчүүд энд эрүү шүүлтэд өртөж, зарим нь алтан амиа алдсаар ирсэн түүх энд үргэлжилж байв. Тийм ч учраас Манжийн төр энэхүү шорондоо “Бат гүн” хэмээн хэргэм цол ч шагнаж байжээ. 1909-1920 онд эхлээд Манжийн төрийн их хүрээн дэх шоронд хуяг, дараа нь Богд хаант монгол төрийн нийслэл дэх шоронгийн ерөнхий хэмээх албыг Сүхбаатарын эцэг Цагаандээлт Дамдин хашиж байжээ. Цагаан дээлт Дамдин энд 11 жил ажиллахдаа өдөр бүр үзэж харснаа гэр орныхондоо ярьж энэ бүхнийг өөрсдийн амьдралын туулж өнгөрүүлсэн үйл явдлуудтай харьцуулан боддог байсан нь мэдээж. Тэрээр өөрөө ч манж чин улсын харгис төрийн хуулийг сөрж, харьяат хошууныхаа албат ардын үүргээс зугтааж, 1890 онд эхнэр Ханджав, хөвгүүн Дэндэв нарыгаа явган нүцгэн шахам дагуулан оргож их хүрээнд ирсэн бас л нэг үгээр “хэрэгтэн” хүн байжээ. Дамдинийн эцэг Төгөө 1870-аад онд шударгуу бус явдлуудыг эсэргүүцэн заргын бичиг үйлдэж Сэцэн хан аймгийн жанжны газар хүртэл заалдан тэмцэж явсан бол хуланц эцэг Элбэг нь ямар ч гэсэн Манж чин улсын орон нутгийн шоронд хэргийн учир хоригдож байгаад 1851 онд 36-хан настайдаа өөд болсон зэргээс үзэхэд тэрээр зүгээр л нэг номхон хүлцэнгүй байгаагүй гэдэг нь тодорхой.

Ийм л амьдралыг хэдэн үеэрээ туулж өнгөрүүлсэн Цагаан дээлт Дамдин хөвгүүдийнхээ тэмцлийг дэмжсээр ирсэн нь үйл явдлаараа илэрхийлэгддэг билээ. Цагаан дээлт Дамдин шоронгийн ерөнхий /дарга/ байх үедээ тус шоронд хуяг болгож авсан Сэцэн хан аймгийн далай вангийн хошууны харьяат ганц бие эр Чойдоо гэгч 1920 оны хавраас (Д.Сүхбаатарынхыг С.Данзангийн хашаанд шилжин нүүж орсон үед ) хойдох хамар хашаа болох Данзангийн руу нууц хаалга буй болгож, түүгээр Данзан, Сүхбаатар нарын журмын нөхдийг сэмхэн нэвтрүүлдэг байсан гэдэг. 1921 оны үндэсний хувьсгалаар Засгийн эрхийг авсан Ардын засгийн газар ч бас л шоронтой байсан. Энэ засаг эхний үед хуучин төрийн шоронг нэг хэсэгтээ хэрэглэж байгаад харгис эрүү шүүлтийг халсан хууль гаргасныхаа дараа “харгис бус” шүүлт явуулдаг шинэ шоронг барьснаар Манж чин улсын үеийн шорон халагдаж оршиж байсан газарт нь орон сууцны барилга барьсан нь улсын маршал өрлөг жанжин Дэмидэд зориулсан хоёр давхар харш байлаа.

Нэгэнт бүх цэргийн жанжны сууцыг энд барих болсонтой холбогдож улс орныхоо батлан хамгаалах хүчийг улам зузаатгах зорилт тавьж байсан 1930-аад оны үеийн нэгэн томоохон барилга байгууламж болох Улсын батлан хамгаалах (цэргийн) яамны шинэ барилгыг жанжны сууцны баруун талд зэрэгцүүлэн барьжээ. Харамсалтай нь бүх цэргийн жанжин улсын маршал Дэмидийнх энэ байрандаа орж чадалгүй Орос газар учир битүүлгээр алуулсныхаа дараа 1937 оноос хувьсгалын эсэргүү гэх мэт элдвээр зүхэгдэж, үхсэн хүүрээ өндөлзүүлээд зогсоогүй ураг садан гэр бүлээрээ хэлмэгдэж нэгэн хэсэгтээ түүхийн тавцангаас арчигдаснаар Дэмид жанжны байранд нэрт жанжин Лхагвасүрэнгийнх орсон гэдэг юм.

Түүнээс хойш нэг үед Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга байхдаа Д. Дамба гуайнх ч хэсэг хугацаанд байрлаж байгаад дараа нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын элчин сайдын яам орж одоо хүртэл байрлаж байна. Вьетнам улсын элчийн сайдын яамны баруун талд байгаа урьд Хөдөө аж ахуйн яам байсан байшингийн ханан дээр “Хорлоогийн Чойбалсан 1937-1950 онд энэ байшинд ажиллаж байсан” гэсэн үгтэй дурсгалын самбар байгаатай зэрэгцээд “Монгол улсын хурандаа генерал Ж.Лхагвасүрэн 1939-1948 онд энэ байшинд ажиллаж байсан” гэсэн үгтэй бас нэгэн дурсгалын самбар байрлуулжээ. 1950-иад оны эхэн үед үүдэндээ хоёр чийрэг цэрэг эрсийн баримал бүхий Батлан хамгаалах яамны байр байсан бол 1959 онд Монгол улсад ардын аж ахуйтныг хоршоолон нэгтгэх ажилд “ялалт” болсны учир цэргийн хэргээс хөдөө аж ахуйн хэрэг тэргүүнд тавигдаж, батлан хамгаалах яамны зориулалтаар барьсан энэ байшин Хөдөө аж ахуйн яаманд шилжсэнээр хоёр цэргийн барималыг малчин, тариачны баримал болгон өөрчилсөн нь харагдаж байдаг.

Вьетнам улсын элчин сайдын яамны зүүн талд 1921 оноос өмнө Оросын худалдааны иргэн сууж байсан нэг дан байшинг түрээсийн түшмэл Данзангийн түнш Юмтаровын байшин хашаа болгосон. Бас энэ хавьд 1921 оны сүүлчээр Монгол цэргийн хүн эмнэлгийн газрыг байгуулж, 1922 оны 1 сарын 27-нд жанжин Сүхбаатарын тушаалаар цэргийн хүн эмнэлгийн ажил шалгах тусгай комиссын илтгэлийг цэргийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд Сүхбаатар тэр хуралд оролцож: “Шинжлэх ухааны эмнэлгийг хөгжүүлэхийн тулд Зөвлөлтийн эмч мэргэжилтэн нарыг урьж ирүүлэхийг санал болгон тавьж байжээ. Энэ саналын дагуу Шастин доктор 1923 онд ирсэн байна. Дүнжингаравын хүр дээр: Далай ламаас халхын Сэцэн хан Шолой өөрт нь өгсөн “Гэгээн сэцэн хан” цолынхоо “Гэгээн”-ийг 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарт өгч “Анхдугаар богд гэгээн” болгосон ба 1747 онд их хүрээг өгөөмөрөөс нүүлгэхийн өмнө, халхын дөрвөн хан нэг удаа цуглаад их хүрээгээ бас хаанаа залах тухай хэлэлцэн байх үедээ Түшээт хан бусдаасаа “Одоо богдыгоо хаана залах вэ?” гэж асуухад Сэцэн ах хариуд нь “хөдлөхгүй мандал, ширгэхгүй рашаан бүхий нутагт залбаас гандахгүй цэцэг болох бизээ” гэж хэлснийг сайн ноён хан, засагт хан нар ч дэмжсэн юм гэдэг домогтой гэсэн зэргээс үзвэл Сэцэн хан нь Түшээт ханы нэгэн адил их хүрээний түүхтэй нэн холбогдолтой нь илэрхий. Тийм ч учраас их хүрээн дэх Сэцэн хан аймгийн харьяат нар бусад аймгийнхнаас илүү таруу байрлалтай байжээ. Тус аймгийн суурин жасаа нь нэг газар байхад ядуучууд нь маахуур толгойн баруун сугад, сэцэн хан өөрөө их хүрээний зүүн өмнөдөд байсан Дүнжингаравын хүр дээр их бага найман хашаатай байсан бол зарим харьяат нар нь хүрээний энд тэнд байсан ажээ. Д.Сүхбаатар Хиагтаас 1921 оны долдугаар сарын 8-нд хүрээнд ирээд гэргий Янжмаа нь Хиагтад үлдсэн, өөрөө гэргүй учир цахарын хороонд буй эцгийн хамаатан Б.Даваагийнд бууж хэд хоноод тэндээс Сэцэн хан Навааннэрэн өөрөө ирж уулзаад зөвшөөрсний дагуу хошуу нутаг уруугаа явсан тэдний хашаа гэрт очиж 1921 оны намар болтол хэсэг суусан байдаг. Тэгээд хожим 1922 оны дундуур Сэцэн хан Навааннэрэн хашаануудаа улсад өгснөөр нэгийг нь Д.Сүхбаатарт өгчээ. Д.Сүхбаатар 1923 онд энэ хашаандаа нас баржээ.

Д.Сүхбаатарын хаашааны хойд талд баруун зүгт харсан хашаанд Хатанбаатар Магсаржавынх байв. Сэцэн ханы хашааны зүүхэн талд хожим өвөр Монголын ардын хувьсгалт намын төв хороо байрлаж байв. Энд одоо БНСУ-ын элчин сайдын яам, түүний харьяа газрууд байрлаж байна. Сэцэн ханы хашааны баруун хойно одоогийн Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн байр орчимд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хорооныхон байв. Зоригт вангийн хороо. XIX зууны үеэс Түшээт хан аймгийн зоригт ван ноён Одсэрбазар өөртөө орд бариулж хашаандаа цэцэрлэг, цэцгийн мандал бүхий байв. Энэ хашаанд 1921,1922 оны үед түүний ач хүү Зоригт ван Төвдорж суудаг болов. 1925 онд энэ хашаанд Европ эмнэлгийн газар байгуулсан нь хөгжсөөр улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлэг болжээ. Одсэрбазар ноёны хөрөнгө оруулалтаар XIX зууны үед Дүнжангаравын хүр дор нэгэн сүм бариулсан нь Дүнжингаравын сүм гэдэг байв. Хожим энэ сүмийн орчимд тавдугаар хорооны халуун усны барилга барьжээ. Энэ хороог Сүхбаатарын хороо гэдэг байснаас улбаалан Улаанбаатар хотын Сүхбаатарын дүүрэг гэдэг нэр үүсжээ. Чойжин ламын сүм музейн орчимд Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн баруун хойно Энхтайваны өргөн чөлөөний урд талд одоо “Зориг сан” байгаа хоёр давхар байшинд 1930 аад оны сүүлчээр холбооны техникум хичээллэж байжээ. Энэ байшингийн зарим өрөөнд 1941 оны намар бэлтгэл, оройн ангийг хичээллүүлж эхлээд Монгол улсын их сургуулийг 1942 оны 10 сарын 5-нд зоотехник, багш, хүн эмнэлгийн гурван салбартай, 140 гаруй оюутан 34 багштайгаар анх нээжээ. 1946 оны үед МУИС шинэ байрандаа орсноос хойш энэ байшинд Монгол улсын радио хороо, дараа нь 1970,1980 онд энд Холбооны Бүгд найрамдах Социалист Югослав улсын элчин сайдын яам байрлаж байсан бол одоо энэ байшинд “Зориг сан”гийн газар байрлахаар бүрэн завсар хийгээд оржээ. 1945—1946 оны хооронд одоогийн Монгол улсын гадаад харилцааны яамны гол барилгыг барьж түүнийг цааш нь өргөтгөх юм уу тус яамны харьяа газруудын барилгыг барих, хуучин ба шинэ барилгуудыг хооронд нь холбох зэргээр тус яамны байр томорсоор иржээ.

Тус яамны зүүн талд буй харьяа байшингийн хашаан дотор нэгэн жижиг шавар байшин буй. Энэ байшингийн хананд “Хорлоогийн Чойбалсан 1935-1937 онуудад энэ байшинд сууж ажиллаж байсан” гэсэн самбарыг 1953 онд байрлуулсан байдаг бол дэргэд нь “Олон улсын коммунист ажилчны хөдөлгөөний зүтгэлтэн В.Коларов, Б.Шмераль болон Х.Чойбалсан нар амьдарч байжээ” гэж бичсэн самбарыг хожим байрлуулсан байна. Үүнээс үзэхэд энэ байшин 1920-иод оны сүүлч, 1930-аад оны манай нийслэл хотдоо сор нь болсон барилгын нэг байсан бололтой. Түүнээс гадна энэ байшинд нам төрийн зүтгэлтэн Элээ гуай сууж байсан гэдэг. Гадаад харилцааны яамны баруугаар урагш өнгөрсөн хуучин Марксын одоогийн Олимпийн гудамжнаас баруун тийш Улсын төв номын сан хүртлэх зайд хамгийн том бөгөөд эртний уран барилга байгууламж бол “Сүм музей” н цогцолбор юм. Богд хааны дүү Лувсанхайдав Чойжин ламд зориулж барьсан анхны барилга 1903 онд шатсан учир 1904-1908 оны хооронд Зүүн хүрээний их үүдний зүүн талыг голлуулсан энэ сүмийг барьж, 1906 онд (сүмийн барилга бүрэн дуусаагүй байхад ) “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” нэр өгсөн байна. Энэ сүмийн зүүн хамар хашаанд Ёнзон хамба Лувсанхаймчигийнх суудаг байжээ. Наймдугаар Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү шарын шашны нөлөө бүхий томоохон лам Лувсанхайдавт зориулан байгуулсан энэ сүмийн барилгыг Монголын уран барилгачид барьжээ. Энэ нь 1938 он хүртэл хурал номын үйл ажиллагаа явуулж байгаад орос нөхдийн зөвлөгөөнөөр бурхны шашны дуган сүмийн дотоод гадаад байдалд огт өөрчлөлт оруулалгүйгээр үйл ажиллагааг нь зогсоож хаасан анхны газар юм.

Монгол ард улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 11 сарын 13ны өдрийн зарлигийг үндэслэн тус сүмийг түүх соёлын тэргүүн зэргийн дурсгалуудын тоонд багтаан оруулж Судар бичгийн хүрээлэнгийн (одоогийн ШУА-ийн) мэдэлд шилжүүлэн улмаар 1942 оноос шашны музей болгосон байна. Уран барилга, уран зураг, уран баримлын харьцаанд үнэт зүйл болж байгаа шашны урлагийн энэ музей нь зөвхөн салангид зүйлүүдийн цуглуулга төдий зүйл биш, түүнд системтэйгээр зохион байгуулагдсан хэсгүүд нь уран сайхны бүхэл бүтэн цогцолбор болохын хамт судалгаа шинжилгээний асар их ач холбогдолтой юм. Үүнийг 1942 онд музей болгосноос хойш 1960,1961 оныг хүртэл хүмүүсийг шашингүйн үзлээр хүмүүжүүлэхэд коммунистуудад саад болно гэж үзээд нийтэд үзүүлэхгүйгээр ихээхэн нуудаг болжээ. Музейн уран барилгын чуулга нь таван сүм, хүндэтгэлийн таван хаалганаас бүрдэл болдог бөгөөд сүм бүрт XVII-XX зууны үеийн Монголын урлагийн мастерууд уран зураач, уран цутгаварч, уран сийлбэрч, зээгт наамалч, хатгамалч, барималчдын бүтээлүүд дэлгээстэй буй. Чойжин ламын сүм музейгээс зүүн урагш холгүй орших “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей”-н байшинг Өндөр Жанрайсэгийн дуганыг барьж ашиглалтад бүрэн оруулсны дараа энэ дуганы барилгад өглөгийн эзэд, хандивлагч нараас бэлтгэсэн барилгын модон материалын илүүдлийг ашиглан 1920-иод оны сүүлээр Герман архитектурын зураг төслөөр бариулсан гэдэг. Энэ байшинд хамгийн анх удаа БНМАУ-ын Ерөнхий сайдын албыг хашиж байсан П.Гэндэнгийнх сууж байжээ. Байшингийн хананд байрлуулсан дурсгалын самбарт “Улс төрийн харгислалд хэлмэгдэн1937 онд цаазлагдсан БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэн 1931-1936 онд энэ байшинд амьдарч байв” хэмээн бичсэн байдаг.

Тус музейн баруун хойно одоо Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Автозам” нэгдлийн контор байгаа газрын хавьд 1920-иод оны сүүлч 1930-аад оны эхэн үед Д.Сүхбаатарын төрсөн ах, Мулзан Дэндэв (1885-1936) гүн гэгч нь, 1921 оны үндэсний хувьсгалд идэвхитэй оролцож, гавьяа байгуулсан учир 1922 оны 11 сарын 22-нд Богд хааны зарлигаар “Улсад туслагч гүн” зэргээр шагнуулж явсан, залуудаа зах зээлд гарч хожоотой наймаа их хийж хүмүүсийг мулзалж явсан учир “Мулзан Дэндэв” нэртэй болсноос биш уг нь мөр Дэндэв нэртэй хүн байв. Дархан чин вангийн хороо (одоогийн нэгдүгээр дөчин мянгат)-нд хашаа байртай энэхүү Дэндэв нь 1923-1925 оны партизан Түдэвийг дагуулж одоогийн Дундговь аймгийн нутгийн зүүн хойд (Дэрэн сумын хавь) нутгаар бадар барьж цуглуулсан мөнгөөрөө бурхан бүтээж, сүм бариулах их ажил сэдэж байсан нь энэ болой. Гэвч тэрээр энэ ажлаа хэрэгжүүлж чадаагүй өвчилж өөд болжээ. 1926 оноос Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дарга Батын Баярын үед түүний санаачилга, зураг төслөөр Чойжин ламын сүмийн хойд талд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн конторын хоёр давхар байшин бариулсан нь одоо буй. Чойжин ламын сүмийн хойд талд түүний шадар нэг ламын хашаа байшинг буулгаж 1929-1940 оны хооронд В.И.Ленины нэрэмжит клубын барилгыг оросууд бариулсан нь одоо өртөтгөл хийж томорсон байдлаараа МҮЭ-ийн Төв зөвлөлийн анхны байрны баруухан талд байдаг төдийгүй одоо ч тэнд Оросын “Санктпетербург” төв байрласаар байна. Түүнээс гадна1921 оны намар одоогийн Багшийн коллеж хавьд байгуулсан Нийслэл хүрээний анхны бага сургууль тэндээсээ удалгүй Чойжин ламын сүмийн урд талд газар авч барилгууд барьж тохижин нийслэл хотын “Үлгэр жишээ бага сургууль” нэртэй болжээ.

Энэ сургуулийн хашаан дотор Элбэгдорж Ринченогийнх суудаг байсан гэдэг. Мөн энэ хавьд Анагаах ухааны дунд сургууль байрлаж байсны дээр 1940, 1950-иад оны гэр хороолол чигжрэв. Энэ нь Улаанбаатар хотын засаг захиргааны төв энэ хавьд төвлөрөх болсонтой холбоотой байжээ. 1923 оны үеэс нийслэл хотын түр цагийн хурлын 45 төлөөлөгчийг сонгон 1924 оны 4 сарын 9-нд хуралдаж хотын түр захиргааг байгуулжээ. Энэхүү түр захиргаа нь Чойжин ламын сүмийн болон түүний зүүн хамарт байгаа Ёнзонхамба ламтны зүүн тал нэг айлын хашаанд эсгий гэрт байрлаж үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Хотын захиргааг байгуулсан явдалтай хослуулан нийслэл хотын хороодыг шинэчлэн өөрчилжээ. Энэ зохион байгуулалтад гандан, зүүн хүрээний лам нар хамаарагдаагүй. Өөрөөр хэлвэл Зүүн хүрээ 30 аймаг, түүнд багтсан гандан хийдийн лам нар, мөн 10 дацангийн лам санваартнууд нь аймаглаж зохион байгуулсан Хүрээ хийдийн дэгтээ хэвээр байх гэсэн боловч 1925 оноос нэгд Богд нас барсан, хоёрт Их шавийн захиргааны зохион байгуулалт эвдэрснээр лам нарыг бусад харчууд, иргэдийн нэгэн адил төрийн захиргааны орон нутгийн нэгжид хамааруулан үздэг болжээ. Үүнээс хойш нийслэл хот хөгжиж, хүн ам нь өсөж, бүтэц өөрчлөгдөхийн хирээр засаг захиргааны зохион байгуулалт оолн удаа өөрчлөгдсөн байна. жишээлбэл 1944 оны үед л гэхэд баруун дамнуургачин, хуучин зүүн хүрээний баруун хэсгийг нэгдүгээр хороо одоогийн нэгдүгээр дөчин мянгат орчинг гуравдугаар, Улсын багшийн их сургуулийн хойд, Соёлын төв өргөө орчныг дөрөвдүгээр, нэгдүгээр эмнэлэг орчныг тавдугаар, аж үйлдвэрийн комбинат, дунд гол хавийг зургаадугаар, гандан хийд, буриадын хороог наймдугаар, Амгалан, улаан хуаранг есдүгээр хороо болгон зохион байгуулж байжээ.

Нийслэл хотын засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарь ийнхүү олонтаа өөрчлөгдөж, улам бүр төгөлдөржсөөр ирсний нэгэн адил хотын захиргаа ч нэр хаягаа олон дахин сольж албан байраа 5 дахин, сольж өөрчилсөн байдаг. 1924 онд Чойжин ламын сүмийн зүүн талд эсгий гэр барьж анх байрлаж эхэлсэн хотын захиргаа 1926 онд 9 жангийн (28,5 м урт, 9,2 м өргөн хэмжээ) бүхий дан байшин бариулж орсон нь хотын захиргааны хоёр дахь байр, 1928 онд хоёр давхар тоосгон байшин байрласан нь гурав дахь, одоо байгаа нь тав дахь байр нь болно. VIII. ХҮРЭЭНИЙ БАРУУН ӨМНӨД ХОРОО ХАРЧУУД Дархан чинвангийн хороо: Нэр нь үл мэдэгдэгч нэгэн зураачийн XIX зууны сүүлчээр буюу 1855-1892 оны үед бүтээсэн их хүрээний зурагт энэхүү хороо харчуудын талаар тэмдэглэсэн зүйл ховордуухан байдаг. Гэвч их хүрээ хүрээ оршиж байсан энэхүү газар нутаг бол Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны үндсэн нутаг байв. Өөрөөр хэлвэл энэ хошууны эзэн ноён нь ХХ зууны эхэн үед Чингис ханы угсааны Дархан чин ван Пунцагцэрэн байж Богдын хүрээ тус хошууны нутаг дээр байжээ. Тийм ч учраас хүрээний баруун талд Түшээт хан аймгийн Суурин жасаа, баруун өмнө талд Дархан чин ван Пунцагцэрэн ноёны ордон байсны оронд маршал Чойбалсангийн өвлийн ордыг байгуулж баруун талд нь Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн хичээлийн байрыг барьсан байна.

Эндээс баруухан хойш тус хошууны тамгын газар ч бүх аппаратаараа байжээ. Одоогийн Улаанбаатар хотын нэгдүгээр дөчин мянгатын орон сууцны хороолол Ард кино компани болон зарим орнуудын элчин сайдын яамууд энд байдаг. Баатар вангийн хороо: Дархан чин вангийн ордны зүүхэнтэй Түшээт хан аймгийн баатар ван ноён Наваан-Юндэн түүний ах Ойдов нарын орд харш байсныг өөрчилж манай нам төрийн нэр зүтгэлтэн Ю.Цэдэнбалынх олон жил сууж байв. 1921 оны хоёр, гуравдугаар сарын үед Х.Чойбалсан, Д.Чагдаржав нар Нийслэл хүрээнд сэм нэвтэрч Баатар вангийн ах Ойдовынд хувьсгалч, эх орончдын нууц хурал хийж Барон унгерний цэргийн штабт сэм орсон Д.Бодоотой уулзаж Унгерний цэргийн нууц төлөвлөгөөг хувилж улаан цэрэгт шилжүүлсэн байна. Эндээс хойш одоогийн Улаанбаатарын төв шуудан, шуудан банк, хөрөнгийн бирж хавьд энэ хорооныхон суудаг байжээ.

Дайчин бэйсийн хороо. Эндээс баруун хойш 23 дугаар дунд сургууль хавьд байсан Түшээт хан аймгийн дайчин бэйсийн хорооныхны Оросын Сономын гудамжинд 1919 онд Д.Сүхбаатар хужир булангийн цэргээс тарж ирээд энд байсан хадам эцэг Өвгөнхүүгийнд хэсэг байхдаа татаар худалдаачин Урманчеевыг пүүсэнд морин тэрэгчин, ах Аранжин нь одоогийн барилгачдын талбайн зүүхэнтэйд 1909 онд байгуулагдсан Орос эмийн санд (манаач) ажилтай байцгаасны дээр энэ хорооны ойролцоо дуугүй кино гардаг “Сүүдэр шийний газар” 20 мөнгөний билетийн үнэтэй байв. Бүжид хүүхэн хэмээх эзэнтэй хувийн халуун усны газар, төрөл бүрийн барааны дэлгүүр, хятад банк, Басовын компанийн төв байр. Бишрэлт гүнгийн хороо: Баатарван, Дархан чин вангийн хороодын хойгуур Оросын хорооллын өмнө талаар байв. Хорооныхон зүүн өмнөдөд Бишрэлт гүн Сундуйнх байв. Тэрээр Эрхүүд сургууль төгссөн. Барон Унгернтэй хуучин танил байсны хувьд Унгерны Монгол цэргийн захирагч явсан хүн юм. Энэ хорооны баруун хэсэгт Нийслэл хүрээнд байсан чулуучны урлалын 6 газрын нэг байв.

Энэ хорооны хойт талд Австри амтат улсын Генрих гэгч эзэнтэй ангийн ундааны үйлдвэр 1914 онд Оросын нэг офицертэй хувь нийлүүлж байгуулагджээ. Сайнноён ханы хороо. Дархан чин ван, Дайчин бэйсийн хороодын баруун талаар байрлалтай байсан, Сайн ноён ханы суурин жасаа нь одоогийн улсын их дэлгүүрээс баруунтай байсан бол хорооны хойд талд Америк улсын Ланчан сан хэмээх пүүсийн салбар, түүнээс урагш Герман улсын Востванк хэмээх пүүсийн салбарууд байсны гадна тус аймгийн харьяат олон хошууны харьяат нар байжээ. Энэ хорооны баруун урд талаар Түшээт хан аймгийн Говь түшээт вангийн хошууны харьяат нар суудаг байв. Тэдний дунд хошуу ноён Лхамсүрэнгийнх болон мөнгө хүүлэгч монгол худалдаачин Урианхай хэмээгч Балдирынх , баруухайнтай нь одоогийн 45 дунд сургуулийн зүүхэн талд Дорж мэйрэн гуайнх суудаг байжээ. Засагт ханы хороо. Засагт хан аймгийн суурин жасаа Нийслэл хүрээнд олноо өргөгдсөний жилүүдэд байгуулагджээ. Энэ жасаа одоогийн 45 дугаар дунд сургууль хавьд байсан бол тус хорооны айлууд суурин жасаанаас хойш хэдэн гудамжинд байв. Эндээс баруун Сэлбийн төмөрчний гүүрээс урагшлах хэсэг хашааг Төвдийн хороо гэдэг байв. Энэ хорооны зүүн хажууд “Далай ламын сан” нэртэй албан газар нь XIII Далай лам Монголд ирэх үеэр 1904,1905 оны үед байгуулагджээ. Бадарчны дов. 1912 онд Богд хааны зарлигаар Жүгдэр зураачийн үйлдсэн “Нийслэл хүрээ” гэдэг зурагт Хүрээний баруун өмнөд хороо харчуудын баруун өмнөдөд буй хашаагүй задгай хэсэг бор гэрүүд, хэдэн майхан зурсан байдаг.

Баруун Сэлбэ голын баруун дов дээрх энэхүү бор гэр майхнуудын хавийг хүрээнийхэн “Бадарчны дов” гэдэг байжээ. Л.Дүгэрсүрэн “Улаанбаатар хотын түүхээс” гэдэг бүтээлдээ “1870 оны үед Хүрээний захын зүүн өмнөх “Бадарчны дов” гэж нэршсэн ядуу харчуудын байрладаг газар, ядуучуудын үхэл маш их болсноос их шавийн яам, аргагүй нэгэн ядуу ламыг хоолоор хөлслөн үхсэн хүмүүсийг зайлуулдаг байжээ” гэж бичсэн байдаг. Энэ нь тэр хавийн Бадарчны довынхны гаднах төрх байдал, аж амьдралыг нь жинхэнэ үнэрээр нь дүрсэлсэн хэрэг боловч их хүрээний бүх ядуучуудыг Бадарчны довны бадарчингуудтай адилтган үзэж болохгүй. Бадарчид нь Монголын жирийн ядуучууд гуйлгачдыг бодвол гадна талдаа үнэнхүү ядуу олныг хэсэж олгой дүүргэж, гүрнийг хэсэж гүзээгээ дүүргэн явдаг мэт харагдавч мөн чанартаа сэтгэлээр баян, үзсэн сонссон бүхнээ алиа хошин яриа хөөрөө адал явдлаар нийтэд түгээж явдаг соёл түгээгчид, нүүдэлчдийн байдалд зохицсон өвөрмөц нэгэн хэлбэрийн тойрон аялагчид Монгол жуулчид байсан юм.

Бадарчид нь овог аймаг хошуу, тэр ч бүү хэл олон орон гүрнээр аялан явахдаа дэвшилттэй бүхнийг хамгаас түрүүлж үзэж талархан дэмжиж, муу муухайг элэглэн ёгтолж явдаг шүүмжлэгчид байсан юм. Тийм учраас бадарчны замд тохиолдсон харамч шуналтай, садар самуун, харгис хэрцгий зэрэг элдэв бусармаг явдалтнуудын зүгээс “Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй” гэсэн зүйрлэсэн үг ч гарсан байдаг. Нийслэл хүрээний “Бадарчны дов” гэгч энэ хэсэгт Монголын бадарчид бөөгнөрдөг газар байсан. Тэд энүүхэндээ өвөрмөц зан үйлтэй, түүнийгээ яг л дэг журмаар нь явуулдаг хүмүүс байжээ. Бадарчны довын зүүн талд баруун сэлбийн зүүн дэнжийн хашаагүй гэр хорооллыг “Засагт ханы задгайчууд” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд өнөөгийн нийслэлийн хоёрдугаар төрөх газрын эндээс баруун хойш Сэлбэ гол дээрх гүүрийг “Зодоч нарын гүүр” тэр гүүрийн баруухантай жижиг сүмийг Тантанжалын дуган гэнэ. Энэ дуган бурхны шашны улаан малгайтны урсгалын дуган байв. Ер нь бадарчид ихэвчлэн улааны урсгалынхан байжээ. Уг дуганы баруун урдахь олон гэр, майхныг бадарчин нарынх гэдэг байжээ. Бадарчид алс газар бадарчлан одохдоо гэргий хүүхэдтэй нь тэднийгээ гэртээ үлдээж, гэргийгүй нь гэр орноо буулгаж хураагаад баруун хойдох дугуй хаалга хэлбэрт суварган доогуур шургадаг, харийн нутгаас эргэж ирэхдээ бас л энэ суварган доогуураа шургадаг байжээ. Энэ нь хүний нутагт өвчин зовлон, хов жив, хэрүүл маргааны зүйл дамжуулахгүй, хариас ирэхдээ гэр орондоо элдэв муу зүйл авч ирэхгүй. Хэрэв биед тийм зүйл буй бол ариутгах гэж үйлддэг зан үйл байжээ. Бадарчин нарын шургадаг ийм суваргыг хүрээнийхэн “шургадаг суварга” гэж нэрлэдэг байсан.

Бадарчид энэ суварганы дэргэдээс ихэвчлэн Утай, Бээжин, Лавиран, Гүмбүм, Түвд, Жагарын орныг зорьж явган аялал хийдэг байсан. Нэгэн удаагийн ийм аялал нь хэдэн сараас хэдэн жил ч үргэлжилдэг байжээ. Явган аялалд хоёр урт таяг, хавчиг үүрэг, үүргэнд нь жодгор хэмээх жижиг майхан, аяны гудас, хөнжилнөөс авахуулаад бүх хэрэгсэл, хоол хүнсний зүйл багтдаг байсан ба нэгэн удаа ийнхүү бадарчлан одохын тулд бүтэн жил заримдаа хэдэн сарын өмнөөс бэлтгэлээ базаадаг байжээ. Монгол бадарчин хаана ч явсан хүнсэндээ гол төлөв мах хэрэглэдэг байсан бөгөөд нэг бүтэн үхрийн махыг борцлоод, сайтар хатааж, уриншуулсан борцыг гурил шиг болтол нь нүдээд давсагт нь хийчихэд багтдаг байсан гэдэг. Бадарчид ядуудаа ч явган явдаг хэрэг биш, тэд хэрэв унаатай явбал унаа нь тэдэнд чирэгдэлтэй учир явган аялал нь бадарчны аялалын гол хэлбэр байжээ. Зарим бадарчид Жагар, Түвдийн орноос цааш ч аялалаа үргэлжлүүлсэн тохиолдол байдаг. Ийм тохиолдол XIX зууны эцэс ХХ зууны эхэн үед олон дахин давтагдаж байсан нь тухайн үеийн дэлхийн олон улсын нийгэм, соёлын хөгжилтэй холбогдоно. Өөрөөр хэлбэл бадарчид нь харьд явж юм үзэж, нүд тайлсан хүмүүс учир улам улмаар шинийг үзэх нь тэдний заримын нь хэрэгцээ болж байсантай холбоотой. Ийнхүү дэлхийн олон улсын хөгжлийн нөлөөгөөр монгол бадарчны зам уртсаж, зөвхөн явган аялал хийдэг байсан бол морин тэрэг автомашин, галт тэрэг, галт онгоц хөлөглөн олон орон хотоор аялах шинэ хэлбэр үүссэн байдаг. Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошууны харьяа Аюурзана гэгч бадарчин хүү XIX зууны сүүлчээр томчуудыг дагаж бадарчлаад Түвдэд зорчиж, тэндээсээ Энэтхэг орноор дамжин далайгаар явж Итали, Герман Орос орнуудаар жуулчилжээ. Манж чин улсын ноёрхлын үед Монголоос бадарчлан одсон энэ хүү Ардын засгийн дараа эх орондоо эргэж ирэхдээ Түвд, Монгол, Итали, Орос Эсперанто хэлний мэдлэгтэй болоод ирсэн бөгөөд Монголдоо ирснээс хойш сургууль, гэгээрлийн газруудад ажиллаж байсан ажээ. Мөн Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны харьяат Чойдамба (1843-1928) 1861 онд 18 настайдаа Түвдэд зорчиж, тэндээсээ Пакистанаар дамжиж улмаар мусульман шашинд орж Арабын Мекка, Медина хотуудаар мөргөн бясалгал хийж олон жил болсны эцэст 1904 оны орчимд Арабаас хоёр тэмээн хөсөгтэйгээр төрөлх нутагтаа ирж Хаяагийн суурин дээр сууж байгаад өөд болжээ. Энэ хүн Араб хэлээр бичсэн Монголын түүхийн олон боть ном сурвалж бичиг авчирсан агаад түүнийгээ уншиж хүмүүст Чингис хаан, түүний дараахь монгол хаадын түүх намтраас ярьж өгдөг, түвд хинди араб хэлэнд боловсорсон түүхч байсан гэдэг.

Энэ мэтээр ХХ зууны эхэн үед харь орноор жуулчлах шинэ хэлбэр улам хөгжиж, Нийслэл хүрээний сэцэн тойны аймгийн лам Чагдаржав, Лувсандорж нар 1913-1917 онд Орос, Англи, Итали орнуудаар мөн Хүрээний эх дагиний аймгийн Чойжин лам Лосол Хятадын Бээжин, Таньжин хотуудаар лам Хаянхярваа Орос, Польшоор сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны харьяат Данзан Орос гэх мэт орнуудаар жуулчлан дээрх орнуудын ард түмний хэл соёлтой танилцаж, юм үзэж нүд тайлж явснаараа эх орныхоо нийгэм, эдийн засгийн байгууллыг өөрчлөх, улс орны тусгаар тогтнолыг бэхжүүлэх тэмцэлд сэтгэл хүчээ зориулах болсон билээ. Ийнхүү их хүрээ дэх Монголын өвөрмөц жуулчдын байрлал Бадарчин довоос зүүн тийш өнөөгийн Энх тайваны өргөн чөлөөнөөс урагших хэсэгт баруунаас нь засагт ханы Түшээт вангийн Сайн ноёны хороодын гэр хороолол байсан бол 1930-аад оны хоёр дахь хагасаас энэ дов дээр Дотоод явдлын яамны ажилтнуудад зориулсан тусгай халуун усны газрын барилга барьжээ. Түүнийг хожим хими цэвэрлэгээ, угаалгын комбинат болгосны дээр 1950-ад оны сүүлчээс Хятадын тусламжтайгаар орон сууцны “Тавин мянгатын хороолол”-ыг барьсан ч чөлөөнд нь энэхүү хими цэвэрлэгээ, угаалгын комбинат байсаар байна. УБТЗ-ын хороолол хавьд Даригангын хороо хэмээх цөөхөн айл Дундголын хөвөөнд ноос угаах, саван, арьс шир боловсруулах газрууд байв.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.